Үнэ тогтворжуулах хууль батлах нь зөв VS буруу

Хуучирсан мэдээ: 2022.04.13-нд нийтлэгдсэн

VS

Үнэ тогтворжуулах хууль батлах нь зөв VS буруу

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөл нийгэмд янз бүрээр яригдаж буй. Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа Сангийн сайд Б.Жавхлан, эдийн засагч Ч.Отгочулуу нарын байр суурийг хүргэж байна.


 

Б.Жавхлан
Сангийн сайд:

-Хуульд гурил, мах, шатахууныг тусгасан учраас Уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн сайдад нэмэлт төсөв шаардагдана. Тиймээс бусад сайд, төсвийн ерөнхийлөн захирагч нараас хэмнэлт гаргана. Төсөв, ерөнхийлөн захирагч нарын хооронд нэмэлт эх үүсвэрийг зохицуулах шаардлагыг энэ хуулиар олгоно. Бусад бараа, бүтээгдэхүүний үнэд анхаарна гэвэл үнэ тогтворжуулах хавтгайрсан хөтөлбөрийг төсөв өөрөө даахгүй. Хязгаараа даваад, мөнгө хэвлэх байдал руу орох эрсдэлтэй. Тиймээс төсвийн чадах хэмжээнд буюу стратегийн топ гурван бүтээгдэхүүн дээр анхаарахаар тогтсон. Монголбанкинд валютын нөөц бүрдүүлэх, зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлнэ. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгоно. Лондоны металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авна. 

Сүүлийн арван жил гаргах ёстой нийт экспортын боломжоо төмөр замаа барьж, хилийн солбилцлын асуудлаа шийдэж чадаагүй учраас алдсан. Тиймээс өнөөдрийн энэ байдалд орсон. Гол түүхий эдүүдийн үнэ өндөр байгаа үед цар тахлын өмнөх шиг гаргаж чадахгүй байгаа нь маш харамсалтай. Бид маш их боломж алдаж байна. Энэ л асуудал болоод байна. Нүүрсний экспортын хувьд төмөр замын бүтээн байгуулалт 10 гаруй жил гацаагүй байсан бол өнөөдөр ингэж суухгүй байсан.

Ч.Отгочулуу
Эдийн засагч:

-Мэдээж үнэ тогтворжуулах хөтөлбөрийн тухайд зөв. Харин хууль баталж байгаа нь утгагүй. Учир нь хууль бол байнга үйлчилж буй харилцааг зохицуулдаг. Үнэ тогтворжуулах арга хэмжээ бол тодорхой буюу нэг удаагийн авч хэрэгжүүлэх арга хэмжээ. УИХ-аас магадгүй  тогтоол гаргаж хөтөлбөр хэлбэрээр хэрэгжүүлэх нь зүйтэй байх. Хэрэв хуульчилбал үүнд хэд хэдэн алдаа гарна. Тухайлбал, Монголбанк бие даасан байх ёстой. Үндсэн хуулиар үүнийг заасан байдаг. Гэтэл дэлхий нийтэд үүсч байгаа хямралаас үүдэж төв банкны эрх ашигт халдаж байгаа улс Монголоос өөр хаана ч байхгүй. Монгол Улс төв банкийг Засгийн газрын харъяа болгож хуульд тусгаж байгаа нь буруу. Нэг удаагийн хэрэгжилттэй хөтөлбөр байх нь энэ нөхцөлд тохиромжтой. Ингэснээр нийт хэдэн төгрөг зарцуулж, ямар зүйлс хийх вэ гэдэг нь тодорхой байна. Одоо хууль батлаад хэрэгжүүлэх зүйлс нь тодорхойгүйгээс гадна Засгийн газар Монголбанкны бие даасан хэлбэрт хэт халдсан мэт харагдаж байна. Өнгөрсөн жил Covid-19-ийн үед хэрэгжих хууль гаргасан. Түр хугацаанд хэрэгжих байсан атал тус хууль 4-5 удаа сунгагдсан. Тэр хуулийн дам нөлөөгөөр УИХ-ын төсөвт хяналт тавих эрх хязгаарлагдсан.

Засгийн газар өөртөө асар их хяналтыг авсан гэж хэлж болно. Төсвийн зардлыг хумихгүйгээр үнэ тогтворжуулах арга хэмжээ авч, хууль батлаад үр дүнд хүрэхгүй. Хэт үрэлгэн төсөв инфляцийн үндсэн шалтгаан болоод байна. Тиймээс үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс өмнө төсвийн тодотголыг яаралтай хийх хэрэгтэй. Улсын төсөв 10 жилийн өмнө одоогийнхоос гурав дахин бага байсан. 5-6 их наяд байсан бол одоо 18 их наядын төсөв батлаад байна. Гэтэл сургууль цэцэрлэг, эмнэлгийн тоо нэмэгдээгүй. Тиймээс үр ашиггүй хөрөнгө оруулалтын 70 хувийг хасч зардлыг зоригтой бууруулах хэрэгтэй. Төсвийн тодотголыг эхэлж хийхгүй бол ёроолгүй сав руу ус хийж байгаатай адил болно. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж