"Засгийн газар хууль батлуулж, УИХ-д асуудлаа нялзаах гэж байна"

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

ГАНБАТ

"Засгийн газар хууль батлуулж, УИХ-д асуудлаа нялзаах гэж байна"

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2022.04.12/ "Үнэ тогтворжуулах хуулийн төсөл"-ийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. "Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталж үнэ тогтворжуулах нь зөв шийдэл мөн үү" сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг болж дууслаа.

Тус хуралд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, намын орон тооны бус зөвлөх эдийн засагч Ч.Отгочулуу, бүлгийн зөвлөх, эдийн засагч Р.Даваадорж, ажлын албаны дарга Ц.Оюундарь болон С.Одонтуяа нар оролцсон.

Хуралдааныг эхлүүлж УИХ-ын гишүүн, ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат үг хэлэв. Тэрбээр,

"Өнөөдөр “Хууль гаргаж үнэ тогтворжуулах нь зөв шийдэл мөн үү” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт цөөн тооны хүмүүс байгаа хэдий ч зөв зүйл дээр үг дуугардаг, хэрэгтэй хүмүүс нь сууж байна. Энэ улс төрд зөв зүйл ярьдаг, зөв юм хийдэг сөрөг хүчин буюу Ардчилсан намын гишүүд бий. Биднийг хэлсэнгүй, дуугарсангүй гэдэг. Гэхдээ байр сууриа хэлсэн байгааг та бүхэн харлаа. Миний хувьд эдийн засгийг төрийн зохицуулалттай, зохицуулалтгүй болон төлөвлөгөөт бүхий гурван аргаар шийдэх нь зөв гэж үздэг.

Өнөөдөр манай улсын хойд хөрш ямар байдалтай байгаа билээ. Маш их байгалийн баялагтай мөртлөө дайны асуудалтай байгаа. Харин Хятадын хувьд эдийн засгийн чөлөөт зах зээлтэй боловч төрийн зохицуулалттай, нэг намын системтэй.

Ардчилсан намын хувьд олонх болоогүй ч улс төр, эдийн засгийн шинэчлэлтийг хамтад нь хийгээд явж байсан. Хэдийгээр нам асуудалтай, үл ойлголцолтой байгааг хүлээн зөвшөөрдөг.  Энэ бол ардчиллын зарчим. Гэхдээ бид нэг зүйл дээр нэг байж чаддаг. Ямар ч эвдэрхий цаг хоёр удаа зөв заадаг гэдэг шиг бүгд зөв юм ярьж байсан.

Өнөөдрийн тухайд нефтийн үнэ, валютын ханш буух юм бол эдийн засаг эргээд хэвийн байдалд орж магадгүй. Монгол Улсын байгаа байдал эх баригчидтай холбоотой бөгөөд төмөр замаа шаардлагын дагуу зөв тавьж чадаагүй. Арав гаруй жилийн өмнө амлаж байсан амласандаа хүрч чадаагүйгээс л үүдэлтэй юм. Харин өнөөдрийн хэлэлцүүлгээр чадварлаг эдийн засагчид ирсэн учир асуудлыг шийдэх гарц гаргалгаа болоод зөв шийдэл олох байх" гэв.

Эдийн засагч Ч.Отгочулуу хэлэхдээ, "Инфляци бол ядуурал, ажилгүйдлийн дүн. Тиймээс монголчууд өнөөдөр 14 хувиар ядуурчихаад байгаа гэсэн үг. Эмнэлэг, сургууль ашгийн төлөө ажилладаггүйтэй адил Монголбанк ашиг олох бус харин ч зардал гаргаж инфляцийг бууруулж болдог. Аль ч улсын Төв банк дотоод валютынхаа ханшийг барих үүрэгтэй. Гэтэл Монголбанк энэ үүргээ биелүүлж чадсангүй. Одоо Засгийн газар нь хууль баталж, Монголбанкийг өөрийн агентлаг шигээ ажиллуулах гэж байна" гэж шүүмжлэв.

Эдийн засагч Р.Даваадорж "Засгийн газар энэ хуулийн төслийг оруулж ирэхдээ хэдэн төгрөг хаанаас гаргах, тэр мөнгөө хаанаас олох нь тодорхойлоогүй. Хууль батлуулж УИХ-ын 76 гишүүнд асуудлаа нялзааж, хариуцлагаас зугaтаах, өөрөөр хэлбэл хулгайгаа хуульчилж хаах арга байна" гэдгийг хэлэв. Цаашлаад хэлэлцүүлэгт оролцсон гишүүд “Ийм хууль батлах нь луйвар. Иргэд үнэхээр үнийн өсөлтөд сөхөрч, амьдрал эмгэнэлтэй байна. Монголчууд аж амьдрал ч үгүй эрүүл мэнд ч үгүй болсон, тиймээс мах гурилны үнэ ярихаас эмнэлгийн тогтолцоог өөрчлөх зэргээр бодлогоо өөрчлөх шаардлагатай” байгаа талаар хэллээ.

Мөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, хэлэлцүүлэг үр дүнтэй болсныг дурдаж, хуульд зөвхөн мах, гурилын үнэ гэж тусгах биш эмийн үнэд анхаарах ёстой. Эрүүл мэнд хамгийн гол асуудал гэдэгтэй санал нэгдэж байна. Хэлэлцүүлгийн үед гарсан санал бүрийг хуулийн хэлэлцүүлгийн үеэр уламжилах болно гэдгээ илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж