Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2022.04.12/ “Хууль гаргаж, үнэ тогтворжуулах нь зөв шийдэл мөн үү?” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт тал талын төлөөлөгчид оролцож байгаа. Эдийн засагч Ч.Отгочулуугаас байр суурийг нь тодрууллаа.
-Үнэ тогтворжуулах тухай хууль батлах нь эдийн засагт сөрөг нөлөө их гэж зарим эдийн засагчид хэлж байна. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Мэдээж үнэ тогтворжуулах хөтөлбөрийн тухайд зөв. Харин хууль баталж байгаа нь утгагүй. Учир нь хууль бол байнга үйлчилж буй харилцааг зохицуулдаг. Үнэ тогтворжуулах арга хэмжээ бол тодорхой буюу нэг удаагийн авч хэрэгжүүлэх арга хэмжээ. УИХ-аас магадгүй тогтоол гаргаж хөтөлбөр хэлбэрээр хэрэгжүүлэх нь зүйтэй байх.
Хэрэв хуульчилбал үүнд хэд хэдэн алдаа гарна. Тухайлбал, Монголбанк бие даасан байх ёстой. Үндсэн хуулиар үүнийг заасан байдаг.
Гэтэл дэлхий нийтэд үүсч байгаа хямралаас үүдэж Төв банкны эрх ашигт халдаж байгаа улс Монголоос өөр хаана ч байхгүй. Монгол Улс Төв банкыг Засгийн газрын харьяа болгож хуульд тусгаж байгаа нь буруу.
-Тэгвэл хууль батлах бус нэг удаагийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж ойлгож болох уу?
-Тийм. Нэг удаагийн хэрэгжилттэй хөтөлбөр байх нь энэ нөхцөлд тохиромжтой. Ингэснээр нийт хэдэн төгрөг зарцуулж, ямар зүйлсийг хийх вэ? гэдэг нь тодорхой байна. Одоо бол хууль батлаад хэрэгжүүлэх зүйлс нь тодорхойгүйгээс гадна Засгийн газар Монголбанкны бие даасан хэлбэрт хэт халдсан мэт харагдаж байна. Өнгөрсөн жил Covid-19-ийн үед хэрэгжих хууль гаргасан. Түр хугацаанд хэрэгжих байсан атал тус хууль 4-5 удаа сунгагдсан. Тэр хуулийн дам нөлөөгөөр УИХ-ын төсөвт хяналт тавих эрх хязгаарлагдсан. Засгийн газар өөртөө асар их хяналтыг авсан гэж хэлж болно. Үүнийг далимдуулаад ямар ч хяналтгүй зардал ихэсч, инфляцыг өсгөсөн. Тиймээс бүх зүйлийг пиараар шийдэх хэрэггүй.
Хил гаалийн тухайд үүсч байгаа асуудал бол 100 хувь Засгийн газрын хариуцлагагүй байдлаас болсон. Энэ бүхэн дээр хууль баталж, арга хэмжээ авч байна гээд байвал эдийн засагт улам л сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үг.
-Өнгөрсөн долоо хоногт болсон тайван жагсаалын үеэр иргэд Засгийн газарт 15 шаардлага хүргүүлсэн. Түүний дагуу үнийн хөөрөгдлийг барьж, зөрүүг улсын төсвөөс гаргана гэж хэлсэн. Энэ зөв шийдэл мөн үү?
-Энэ бол буруу шийдвэр. Зөрүүг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэвэл зориудаар хомсдол үүсч, дам хэлбэрт худалдаа шилжих эрсдэлтэй. Үнэгүй зүйл гэж байхгүй. Үнийн зөрүүг их хэмжээний зээлээс гадна иргэдийн татварын мөнгөөр төлнө. Бонд гаргаж, гаднаас зээл авч Монголбанканд өгнө гээд байгаа. Энэ бол тогтвортой, зөв арга биш. Харин ч гадаад өр төлбөрийг нэмж байгаа асуудал.
-Таны хувьд өнөөдрийн хэлэлцүүлгээс ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Төсвийн зардлыг хумихгүйгээр үнэ тогтворжуулах арга хэмжээ авч, хууль батлаад үр дүнд хүрэхгүй. Хэт үрэлгэн төсөв инфляцын үндсэн шалтгаан болоод байгаа. Тиймээс үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс өмнө төсвийн тодотголыг яаралтай хийх хэрэгтэй. Улсын төсөв 10 жилийн өмнө одоогийнхоос гурав дахин бага байсан. 5-6 их наяд байсан бол одоо 18 их наядын төсөв батлаад байна. Гэтэл сургууль цэцэрлэг, эмнэлгийн тоо нэмэгдээгүй. Тиймээс үр ашиггүй хөрөнгө оруулалтын 70 хувийг хасч зардлыг зоригтой бууруулах хэрэгтэй. Төсвийн тодотголыг эхэлж хийхгүй бол ёроолгүй сав руу ус хийж байгаатай адил болно.
-Эдийн засагчийн хувьд харахад өнөөдөр улс оронд ямар арга хэмжээг нэн яаралтай авч, хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
-Нүүрсээ зарж эхэлмээр байна. Урд хил дээр нүүрсээ зарж чадахгүй ихээр овоолчихсон байгааг шийдвэрлэх хэрэгтэй. Оюутолгой мөн их хэмжээний баяжмалаа гаргамаар байгаа. Тэнд бэлэн хэдэн тэрбум доллар хэвтэж байна шүү дээ. Бөмбөлөг дээр жолоочид шинжилгээний хариу хуурамчаар гаргаж, урд очоод баригддаг. Ийм үйлдэл удаа дараа гарсан учир хятадууд Монголоос нэг л зүйл хүсч байна. Хуурамч бичиг баримтаар жолооч нэвтрүүлэхгүй байх гэдэг. Дараагийн нэг зүйл бол төмөр замыг ашиглалтад оруулах. Хэрэв төмөр зам ашиглалтад орчихвол нэг л механист хянаад явна. Одоо бол 1500-3000 жолоочийг хянана гэдэг бол хэцүү. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд ажлаа сайн хийх хэрэгтэй байна.
Холбоотой мэдээ