Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-2012-2016 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дагуу гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж эргэлтийн хөрөнгийг аж ахуйн нэгж байгууллагуудад олгосон. Ийнхүү ААН-үүдийг дэмжсэн нь 2016 оноос хойших эдийн засгийн өндөр өсөлтүүдийг бий болгоход нөлөөлсөн. Тиймдээ ч татварын орлого болон бусад орлогууд өндөр түвшинд очсон. Мөн валютын нөөц их хэмжээгээр нэмэгдсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг МАН маш их улстөржүүлсний хүчинд 2016 оны сонгуульд та бүхэн ялалт байгуулсан. Өнөөдрийн оруулж ирж байгаа хуулийн нэрийг өөрчилж оруулж ирсэн болохоос 2012 оны үнэ тогтворжуулах хөтөлбөр. 2012 онд эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж байсан бол өнөөдөр хууль болгон орж ирж байгаа нь зөв. Хуулийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээ нь үнэ тогтворжуулах хөтөлбөр мөн үү ?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Таны сүүлд асуусан асуулт өнөөдөр төрсөн хүүхдийг арван жилийн өмнө төрсөн хүүхэд мөн үү гэдэгтэй л адилхан сонсогдож байна. Эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2012 оныхтой адилхан. Том агуулгаараа бол бүгд л ойролцоо байдаг. Цоо шинэ онол гаргаж ирээд ухаан уралдуулаад байх шаардлага байхгүй. Гол нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал юунаас үүсэв, оношоо зөв тавиад арга хэмжээ авах нь чухал. Хуулийг дэмжиж байгаад таатай байна. Төр шатахуун, мах, гурилын үнэ дээр л төвлөрнө. Бусад бараа бүтээгдэхүүнийг нэмж төсвөт өндөр эрсдэл авах нь үр дүнгүй. Ажил саармагжина. Муу үр дүн гарна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Б.Жавхлан сайдын тайлбарт нэг зүйл алдаатай байна. Өөрөөр хэлбэл 2012-2016 оны үед зэс 5000 ам.доллар, алт 1200 ам.доллар, нүүрс 30 ам.доллараар зарагддаг байлаа. Гэтэл өнөөдөр зэс 11 мянган ам.доллар, нүүрс 460 ам.доллар, алт 2000 ам.долларт хүрэхэд 30 доллар дутуу байна. Ийм өндөр үнэтэй байхад хилийн боомтын үйл ажиллагааг хариуцаагүй үйлдлээ олон улсын хямралт нөхцөл байдал руу чихэж болохгүй. Одоо үеийг 2012-2016 оны үетэй харьцуулж байгаад харамсч байна шүү.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Би улстөржүүлээгүй шүү. Харин Б.Пүрэвдорж гишүүн та өөрөө энэ сэдвийг улстөржүүлээд байна. Сүүлийн арван жил гаргах ёстой нийт экспортын боломжоо төмөр замаа барьж, хилийн солбилцлын асуудлаа шийдэж чадаагүй учраас алдсан. Тиймээс өнөөдрийн энэ байдалд орсон. Хэрэв улстөржмөөр байгаа юм бол хуулийн төслийн нэрийг дээрх байдлаар өөрчилмөөр юм биш үү.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
-Үнийн өсөлтийн 50.9 хувийг импортын барааны өсөлт эзэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь онош нь гэсэн үг. Тиймээс хил гаалийн гацааны асуудал нь юундаа байна вэ ? Үүнийг яаралтай шийдэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ? Бараагаа хилээр оруулахын тулд Хятадын талаас сугалаагаар бараагаа татаж оруулж ирж байна гэдэг нь юу гэсэн үг үү. Энэ нь тусгаар улсын эдийн засгийн аюулгүй байдал алдагдах асуудал биш үү. Үүнээс гадна импортын хэрэгцээгээ дотоодоосоо хангахад бодлогоо чиглүүлмээр байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлалд газрны тосны үнийн хэт хэлбэлзэлд өртөх эрсдэлээс сэргийлж улсын нөөцийн түүхий эдийг зургаан сараас доошгүй хэмжээнд байлгана гэж заасан байдаг. Энэ заалт хэр хэмжээнд хэрэгжиж байна вэ ?
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Засгийн газар, Хятадын Засгийн газартай байнгын харилцаа холбоотой, маш өндөр түвшинд яриа хэлэлцээр хийгдэж байна. Би уржигдар Хятадын Гадаад хэргийн сайдтай цаг 30 минут хил боомтын асуудлыг нягталж ярьсан. Ерөнхийлөгч нар утсаар ярьсан. Хятад улс хуурай замын боомттой 12 улс буюу нийтдээ 100 гаруй боомтуудын 50 хүрэхгүй хувь нь ажиллаж байна. Ганцхан Монгол Улстай боомтын асуудалтай байгаа биш. Хил, гааль хаагдаагүй. Экспортын бараанууд гарч байна. Гол нь экспортыг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэх, хоногт 1000 машин нүүрс гаргах саналуудыг Хятадын талтай ярьж байна.
Тус улсын зүгээс "Танайд илүү их боломжийг олгож байгаа. Бусад хил залгаа улсуудын нөхцөл байдал танайхаас хамаагүй муу байгаа. Жишээлбэл, Казахстан руу өдөрт 200 хүрэхгүй машин, Мьянмар руу 60 машин гаргаж байхад Монгол руу 500-600 машин гаргаж байна" гэсэн хариуг өгсөн. Хэдийгээр хилийн боомт орчимд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж байгаа ч Хятадын тал хангалттай сайн гэж үзэхгүй байгаа учраас бидэнд лаборатори хандивласан. Лабораториудаа суурилуулаад халдвар хамгааллын дэглэмээ сайжруулах зөвлөмжийг өгсөн. 2022 он гарснаас хойш хил орчимд 42 халдварын тохиолдол бүртгэгдсэн. Хилийн зарим боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх тухайгаа хэлсэн.
Бургастай боомтыг дөрөвдүгээр сарын 15-нд, Шивээхүрэн-Сэхээ боомтыг энэ сардаа багтааж нээнэ гэсэн. Ингэснээр нийт зургаан боомт хэвийн ажиллана гэсэн үг.
Сангийн сайд Б.Жавхлан:
–Хойд хөрш зэвсэгт мөргөлдөөн хийгээд завгүй, урд хөрш цар тахлыг барьж чадахгүй учраас экспорт гардаггүй. Бид яг нэг жилийн өмнөх байдал руугаа эргээд оччихсон. Том зургаар нь харвал олон жил хангалттай түвшинд экспорт хийж чадаагүй. Валютын нөөцийг тэр хэмжээнд зузаатгаж чадаагүйн гор өнөөдөр гарч байна. Ийм богино хугацааны шокийг тэсч гарах сорилттой нүүр тулж байна. Тиймээс богино хугацааны нийлүүлэлтийн шокийг зөөллөх, ялангуяа бидний зохицуулж чадахгүй шатахууны үнийн нөлөөллийг эдийн засагт аажмаар зөөллөж оруулж ирнэ. Төрийн албан хаагчийн цалин болон өрхийн орлогуудыг дэмжих асуудал төсвийн бодлогод хамаарна. Энэ нь урт хугацаанд шийдэгдэх асуудал.
Хуульд гурил, мах, шатахууныг тусгасан учраас уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн сайдад нэмэлт төсөв шаардагдана. Тиймээс бусад сайд, төсвийн ерөнхийлөн захирагч нараас хэмнэлт гаргана. Төсөв, ерөнхийлөн захирагч нарын хооронд нэмэлт эх үүсвэрийг зохицуулах шаардлагыг энэ хуулиар олгоно. Гэхдээ УИХ-аас эрхийг нь шилжүүлэхээс илүүтэй ажиллагааг хөнгөвчилсөн хууль болсон. Бусад бараа бүтээгдэхүүний үнэд анхаарна гэвэл үнэ тогтворжуулах хавтгайрсан хөтөлбөрийг төсөв өөрөө даахгүй. Хязгаараа даваад мөнгө хэвлэх байдал руу орох эрсдэлтэй. Тиймээс төсвийн чадах хэмжээнд буюу стратегийн топ гурван бүтээгдэхүүн дээр анхаарахаар тогтсон.
Мөнгөний бодлогын орчинд төсвийн бодлого, хуулийн хүрээнд ажиллана. Гадагш төлж байгаа нэг ам.доллар бүр эргээд бидэнд нэг ам.доллар 20 центийн дарамт болж ирж байна. Инфляци, төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөц дээр ч тэр. Төв банк мөнгөний бодлогын хүүг өсгөж нэг төгрөгийн нэмэлт мөнгөний нийлүүлэлт хийгдэхгүй гэдгээ зарласан. Боломжит хэмжээгээр зах зээлээс мөнгөө эргүүлэн татна. Үүнтэй төсвийн бодлого уялдана. Гэхдээ хамаагүй хутгалдаж болохгүй. Бид импортоос хэт хамааралтай байгаа нь үнэн. Энэ бол манай улсын мөнхийн сэдэв. Сүүлийн 30 гаруй жил энэ талаар ярьж байна. Мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл зэрэг бүх төлөвлөгөөнд дотоодын үйлдвэрлэл чигэлсэн хөтөлбөрүүд бий. Ялангуяа шинэ сэргэлтийн бодлогын эцсийн үр дүн нь ийшээ л чигэлнэ. Эрчим хүчний хязгаарлалтаас гарах, боомт болон аж үйлдвэрийн сэргэлтээ хийнэ.
Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулиар маш богино хугацаанд эдийн засгийг сэргээх зорилготой.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
–Эм тарианы асуудлыг хуульд тусгахгүй юм уу ? Эмнэлгүүд эм тарианы хомсдолд ороод эхэлсэн байна. Эм тариа, мах гурилтай яг адилхан амин хэрэгцээт зүйл шүү дээ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Энэ талаар Засгийн газар хэлэлцсэн. Мах, гурил, шатахуун дээр нэмээд ургамлын тос, элсэн чихэр, будаа, төмс, сонгино, эм, эмнэлгийн хэрэгсэл гээд өргөн хэрэглээний барааг үнэ тогтворжуулах хуульд хамааруулсан бол төсөв ачааллаа дааж чадахгүй. Хуулийн төслийг боловсруулж байхад Сангийн яам тооцоолол хийж үзээд импортын татвар тэглэхээс өөр байдлаар бид яаж ч чадахгүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Өөрөөр хэлбэл, хүлээлт үүсгээд олигтой үр дүнд хүрч чадахгүй. Хууль батлагдсанаар мах, гурил, шатахуун гэсэн гурван бүтээгдэхүүний үнэд тодорхой зохицуулалт хийнэ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
–Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаан дээр ярьсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд асуудал үүссэн. Тухай бүрт нь Засгийн газар төсвийг төсөвлөж зарим эм, эмнэлгийн хэрэгслийг агаараар татан авсан. Монгол Улс 1995 оноос хойш өнөөг хүртэл бүх эмнэлгийн хэрэгслийг хувийн хэвшил импортолж оруулж ирдэг. Эмийн импортыг хувийн хэвшил хариуцаж өнөөг хүрсэн. Нэг санал хэлэхэд гаалийн татвар дээр чөлөөлөөд өгчихвөл яадаг юм бол. Өргөн хэрэглээний жороор олгогддог эмийн санд жижиглэнгээр зарагддаг эмүүдэд хомсдол үүсч эхэлсэн. Хил гаальтай холбоотой зохицуулалт хийж байгаа боловч тээврийн зардал өссөн учраас үнийн өсөлт ажиглагдаж байна. Нөхцөл байдал үүнээс хүндэрвэл эмийн эрэлт нэмэгдэнэ. Эмийн түүхий эдийн ч хомсдолд орох эрсдэлтэй. Тиймээс хуулийн төсөл дээр эм эмнэлгийн хэрэгслийн гаалийн татвар болон зарим түүхий эдэд хөнгөлөлт үзүүлэх тал дээр анхаараарай.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:
-Гишүүд нэг зүйл ойлгоорой. Та бүгд өргөн мэдүүлсэн хуулийн төслөө хамгаалж ярих үүрэгтэй. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд нь шийднэ гэх маягаар асуудалд битгий хандаарай.
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:
-Наймдугаар сард төв суурин газрын хүн амын махны хэрэглээг тогтвортой хангах, үнийг тогтвортой түвшинд барихын тулд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргасан. Үүнд, 23 байгууллага 12.7 мянган тонн мах нөөцөлсөн. Гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн худалдаалж эхэлсэн. Долдугаар сарын 10-н хүртэл төв суурин газрын хүн амын хэрэглээг хангана.
100 тэрбум төгрөгийн зээлээс 98 тэрбум төгрөгийг 23 байгууллага зээлж зах зээл рүү гаргасан. Энэ бүхэн малчдад орлого болж очно.
Махны үнэ нийт хэрэглээний үнийн инфляцид дангаараа 20-21 хувиар нөлөөлдөг. Энэ бол өндөр үзүүлэлт. Махны үнийг дагаад бусад бүтээгдэхүүний үнэ өсдөг. Махыг хангамж талаас нь тогтвортой, үнийг барих зорилгоор үнэ тогтворжуулах хуульд махны асуудлыг тусгасан. Нөгөө талдаа Европын улсууд цаг агаарын таагүй нөхцлийн улмаас ургац алдаж байна. Улаан буудайны гол нийлүүлэгч хоёр орон хоорондоо сөргөлдөөнтэй байна.
Орос, Украин улс өөрсдийн дотоод хэрэгцээнээс гадна улаан буудайн зах зээлийн 27 хувийг нийлүүлдэг. Бидэнд эрсдэл үүсэх нь тодорхой учраас дотоодын улаан буудайн тариалалтаас эхлээд бүх ажлыг цаг хугацаа алдалгүй тариалалтын хувь хэмжээг нэмэгдүүлнэ.
Холбоотой мэдээ