Монгол чөлөөт бөхийн холбоо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болохтой холбогдуулан өнөөдөр/2022.04.12/ хэвлэлийн бага хурал хийлээ.
Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч П.Гансүх:
-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 21 жилийн дараа Монголд улс болохоор боллоо. Энэхүү тэмцээнд 23 орны 250 гаруй тамирчид, 100 гаруй шүүгчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс ирнэ. Тэмцээнд дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч ноён Ненад Лалович, Азийн бөхийн холбооны тэргүүн ноён Даулет Турлыханов зэрэг томоохон төлөөлөгчид айлчилна. Манай чөлөөт бөхийн холбоо саяхан ээлжит бус их хурлаа шинэ бүрэлдэхүүнээ сонгосон. Энэ бол бидний анхны томоохон тэмцээн болж байна. Бид сүүлийн үеийн бүхий л технологийг ашиглаж, өндөр түвшинд тэмцээнээ зохион байгуулахаа зорьж байгаа.
Монголын чөлөөт бөхийн холбооны ЕНБД П.Буяндэлгэр:
-Бид олон улсын хамтарсан бэлтгэл зохион байгуулж байна. Дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэн Пакистан, Сингапур, Шри-Ланк, Киргиз, Казакстан зэрэг улсуудын баг тамирчид бэлтгэлээ хийж байгаа. Тэмцээн дөрөвдүгээр сарын 19-нд сонгомол бөхөөр эхэлж, 24-нийг дуустал болно. Манай улс бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу сонгомолд 10 тамирчин, эмэгтэй 10 тамирчин, эрэгтэй 10 тамирчин тус тус оролцоно. 400 гаруй төлөөлөгч ирж байгаа учир манай улсын эдийн засагт үр өгөөжөө өгнө гэж найдаж байна.
-Шигшээ багийн сонгон шалгаруулалт, дасгалжуулагчдын бүрэлдэхүүнийг танилцуулна уу?
Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч П.Гансүх:
–Сонгон шалгаруулалт өнгөрөгч гуравдугаар сард болж шалгарсан тамирчид нь 45 хоногийн бэлтгэлд гарсан. Дасгалжуулагчдын хувьд Азийн аварга дэндүү ойртсон учир шинэ бүрэлдэхүүний асуудлыг түр хойшлуулаад байж байна. Хуучин шигшээ багийн дасгалжуулагчид тамирчидтайгаа ажиллаж байгаа.
Бид залуу тамирчдаа түлхүү дэмжиж байгаа. Гаднаас дэлхийн шилдгүүд, олимпийн медальтнууд ирж байна. Киргизийн олимп, дэлхийн медальтнууд, Японы шилдэг залуучууд ирнэ. Мөн Энэтхэг, Ираны хүчирхэг багууд оролцоно.
-Тэмцээнээс гадна ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулах вэ?
Монголын чөлөөт бөхийн холбооны ЕНБД П.Буяндэлгэр:
–Азийн бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал болно. Энэ хурлаараа өнгөрсөн ажлаа дүгнэж, дараагийн ажлуудаа төлөвлөдөг. Бид 2023, 2024 оны залуучууд, өсвөрийн дэлхийн аваргыг эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байгаа. Ирж байгаа орнуудтайгаа хамтарсан бэлтгэлийн талаар ярилцана. Үүнийгээ албажуулж, санамж бичиг байгуулахыг зорьж байна.
2022 оны Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд Буянт Ухаа спортын ордонд болох бөгөөд үнэ төлбөргүй аж. Тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн 55, 63, 77, 87, 130 кг, хоёр дахь өдөр 60, 67, 72, 82, 97 кг, гурав дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг, дөрөв дэх өдөр 53, 57, 62, 65, 72 кг, тав дахь өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97, зургаа дахь өдөр 61, 74, 86, 92, 125 кг-ын барилдаанууд тус тус болно.
Холбоотой мэдээ