Ган төмрийн эсгүүрчин

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Гагнуурчин мэргэжлийг би багадаа зарим нэг жолоочийн, тэр дундаа авга “Том” Жагаа ахынхаа л хийдэг ажил гэж боддог байлаа. Ах тоос, тортог болсон хөвөнтэй бор шаргал хүрэм, дамбаалан өмдтэй, гагнуурын САК гэх дугуйтай чингэлэг шиг аппаратаа машины араас чирээд л явдаг байсан. Сүүлд дунд сургуульд орсон хойно сумын төвд Бор гэдэг ах айлуудын усны тэрэгний салж ханзарсан бүхнийг гагнаж өгөхийг харсан юм. Одооны дугуй засвар дээр дугаарладаг олон машин шиг л усны тэрэгнүүд Бор ахын үүдэнд байдагсан. Энэ мэт миний гагнуурын тухай ойлголт их хотод ирсэн хойно барилгын, машин техникийн засварын, ус дулааны шугам сүлжээний зэрэг олон газарт маш эрэлттэй, жинхэнэ чадварлаг хүний хийдэг ажил гэдгийг ойлгосон юм. Нэгэн танил ах хүү засварын газрынхаа паарыг гагнуулснаа заан “Төмрийг ингэж оёсон юм шиг гагнана гэж мөн их чадвар шүү” гээд бахархаж байсныг тод санаж байна.

Нээрээ л төмрийг оёсон юм шиг гагнадаг олон гагнуурчинтай тэр цагаас хойш таарч, сэтгүүлч болоод заримтай нь ярилцлага ч хийж байлаа. Тиймээс “Аливаа зүйлийг дандаа холбож, бүр салшгүй бат бөх болгодог, эвлүүлдэг эв нэгдлийн ажил юм байна” гэж боддог болсон юм.

Энэ удаад Ачааны вагон засварын депогийн Тэргэнцэр цехийн засварчин-токарьчин, хатуу металлыг хайлуулан “оёдог” чадварлаг гагнуурчин, 2021 оны “УБТЗ-ын мэргэжлийн аварга” Дашнямын Ганбаяртай ярилцлаа. Тэрбээр, Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийг 2010 онд токарьчин-гагнуурчин мэргэжлээр төгсөөд тус байгууллагадаа ажилд орсон байна. Д.Ганбаяр “Гагнуурчин бол цахилгаан гагнуурын тусламжтайгаар металл эд ангиудыг нарийн түвэгтэй бүтэцтэй байсан ч хооронд нь холбодог металл мэргэжилтэн” гэж товч тодорхойлсон. Гагнуурчны мэргэжил хүнээс уян хатан байдал, маш их тэсвэр хатуужлыг шаардна. Учир нь, тэд үргэлж хүний бие, нүдний хараанд сөрөг нөхцөл байдалд ажилладаг. Түүний хувьд 12 жил төмөр замд үр бүтээлтэй ажиллаж, УБТЗ-ын хэмжээний мэргэжил нэгтнүүдээ өнгөрсөн онд тэргүүлсэн чадварлаг ажилчдын нэг бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад аав Д.Дашням, ээж Э.Баянтогоо нарынхаа хоёр хүүгийн бага нь болж 1991 онд мэндэлсэн байна. Хүүхэд нас нь бусдын л адил ээж аав, өвөө Д.Дашмягмар, эмээ Д.Цэрэндулам нарынхаа гар дээр, мал маллах арга ухаанд суралцаж, зарим нэг нутгийн уяачийн хурдны морийг наадмаар хааяа унаж уралдан өнгөрчээ. “Би Хөдөлмөрийн баатар О.Дорлигсүрэнгийн нэрэмжит III дунд сургуулийн есдүгээр ангийг 2007 онд төгсөөд шууд коллежид элссэн. Аав маань техникийн хүн байлаа. Тэгээд надад “Техникт ихэнх нь гагнуур байдаг юм байна. Ямар ч сэлбэг, тоног төхөөрөмж нь бүгд гагнууртай юм” гэж хэлж байсан. Тэр үгнээс нь би гагнуучин болъё гэж шийдсэн. Гагнуурчнаар сурч ирээд энэ байгууллагадаа засварчнаар ажилд орсон. Одоо токарьчин-засварчны ажил хийж байгаа ч гагнуурын мэргэжилтэй учир амарсан гагнуурчныг орлож ажилладаг. Ер нь, төрсөн нутагтаа, хайртай гэр бүлтэйгээ, хүссэн мэргэжлээрээ ажиллах шиг сайхан зүйл үгүй шүү дээ. Би ажиллаж байх хугацаандаа ТЗДС-д суралцан 2017 онд техникчээр төгссөн” хэмээн танилцуулав. Д.Ганбаяр өнгөрсөн онд төлөвлөгөөт ажлаа давуулан биелүүлэхээс гадна ажилд орсон цагаасаа хойш олон шинэлэг ажлыг бусадтай хамтран хийсэн, санаачилсан тул “УБТЗ-ын мэргэжлийн аварга” хэмээх алдарт хүрсэн байна. Түүнийг байгууллагын удирдлага нь “Манай Д.Ганбаяр засварын ажлаа гүйцэтгэхийн өмнө эмх цэгцтэй байлгахыг гол зарчим болгодог. Ингэж ажилласнаар ажлын бүтээмж дээшилж, цаг хугацаа хэмнэдэг гэж үздэг” гэж үнэлж байв.

Өнгөрсөн онд тэрбээр ачааны вагоны дунд засвараар 266, их засвараар 21 вагоны явах ангийг засварлан туршиж, засварын чанарыг бүрэн ханган тээвэрт хүлээлгэн өгчээ. Тухайлбал, 532 тэргэнцэр, 78 урсгал тэргэнцэр, гурван голт таван тэргэнцэр засварлаж, завод засварын 588 пүрш туршиж, 170 дам нуруу, 231 хажуу арал, 173 үрэлтийн хавтан сольж, хажуу арлын 1234 тавт хадаас хадсан байна. Төлөвлөгөөт ажлаас гадна Вагон ашиглалтын депогийн ашиглалтад шаардлагатай сэлбэг материал 2200 хуванцар шахавч, 32 триангель, найман хажуу арал, дөрвөн дам нуруу, аваарт орсон хоёр тэргэнцрийг сэргээн засварлаж, туршин ашиглалтад хүлээлгэн өгсөн гэнэ. Д.Ганбаяр “Бид ажлаа яавал илүү хөнгөвчилж, хугацаагаа багасгах вэ гэдэг эрэл хайгуулыг үргэлж хийж байдаг” гэж хэлсэн билээ. Үнэхээр ч түүний оролцсон ШБАЗ тус депод цөөнгүй бий. Хамгийн анх 2012 онд депогийн захиргаанаас зарласан “Миний ажлын байранд хийх шинэ санаа” ШБАЗ-ын уралдаанд “Вагоны өсгий шавах төхөөрөмж хийх” санааг дэвшүүлэн оролцож дэд байр эзэлсэн бөгөөд уг төхөөрөмжийг нь үйлдвэрт ашигласаар байгаа аж. 2016 онд Вагон угсрах цех анх ашиглалтад орох үеэр Монголд вагон угсрах анхны засвар, гагнуурын ажлыг бие даан гүйцэтгэж, хоёр вагон тээвэрт хүлээлгэн өгснөөр Зам, тээврийн хөгжлийн яамны “Жуух бичиг”-ээр шагнуулж байжээ. Мөн 2018 онд тэргэнцрийн хажуу арлын тавт хадаас хадах шахуургын даацаас хамааран өргөж зөөвөрлөхөд хүндрэлтэй, эвдрэл ихтэй байсан гар ажиллагааг механикжуулан бага оврын кран хийж, засварын ажилд нэвтрүүлснээр хөдөлмөр хөнгөвчлөх оновчтой ажил болсон байна. Түүнчлэн, тэргэнцэр засварын ажилд сүүлийн арван жил триангелийн ноцтой гэмтлүүд ихээр гарч ГТХАБ-д асуудал үүсгэж байсныг Д.Ганбаяр триангель турших стендын турших агаарын даралтыг судлан, Вагоны аж ахуйн албаны ахлах байцаагч А.Пүрэвбаатартай хамтран тооцоо судалгаа туршилтын ажил хийсэн байна. Энэ хүрээнд стендын даралт 5.2 кг/см2 байсныг 3.8 кг/см2-ээр өөрчлөн тохируулж засварын ажилд нэвтрүүлснээр дээрх асуудлууд нь шийдэгджээ. Үүнээс гадна тэр улсын болон Замын хэмжээний гагнуурын ур чадварын тэмцээнд өөрийгөө сорьдог нэгэн юм. “Монгол ур чадвар-2014” гагнуурын тэмцээнд амжилттай оролцож мөн 2016, 2018 онд амжилтаа улам ахиулсан байна. Харин УБТЗ-ын хэмжээний тэмцээнд хоёр ч удаа гутгаар байрт шалгарч байжээ. Энэ мэт амжилт гаргасан, шинийг санаачилсан түүнийг анх ажилд ороход нь гагнуурчин, “УБТЗ-ын мэргэжлийн аварга” Ц.Энхтөр багш шавийн гэрээ байгуулан дагалдуулж сургасан гэнэ. Энэ талаар “Миний багш засварчин-гагнуурчин хүн. Маш чадварлаг хүн дээ. Багш маань Н.Эрдэнэ гэдэг бас мундаг багштай. Н.Эрдэнэ ах “Ган зам” сонинд хөрөг нийтлэл нь гарч байсныг төмөр замчид мэдэх байх. Одоо ч бид хамт ажиллаж байгаа. Ийм мундаг хүмүүсээс суралцаж яваа болохоор илүү сайн байхсан гэж хичээдэг. Бас шинэ залуусыг сургах, дагалдуулах үүргээ ч биелүүлж явна. Надаас өмнө манай депод ажиллаж байсан Б.Отгонбаатар гэдэг ах ажил нь солигдож токариар миний шавь болж байлаа. Шавь ах маань ч бас олон шавьтай. Ер нь, багш, багшийн багш, шавь, шавийн шавь, түүний шавь гээд л явчихна шүү дээ /инээв/. Миний хувьд вагоны дам нуруу, өсгийвчийг шаваад зордог ажилтай” гэв. Тэрбээр, өөрийн мэргэжил ур чадвараа ашиглан тэргэнцрийн хэмжилт хийж сурснаар ажлаа бүх талаас нь харж галт тэрэгний ХАБ-ыг ханган, гологдол зөрчилгүй ажилладаг нь өөрийнх нь ажлын гол арга барил төдийгүй багаар ажиллах чадвартай, нийт найман шавь дагалдуулан сургасан байна.

Д.Ганбаяр хүүхэд насныхаа тухай “Ах Д.Гантулга маань надаас хоёр насаар ах. Тэрсхэн хоёр хүү дэггүйтэх нь их байсан болов уу. Би хүүхдүүдэд зодуулбал ах өмөөрнө, хоёулаа элбэнэ. Юм юм л болно шүү дээ. Би сурлагаар муу байгаагүй. Сургуулиас зохиосон урлаг, спортын бүхий л ажилд оролцдог байлаа. Дуулна, сагс, хөл бөмбөг тоглоно. Тэрүүхэн тэндээ хөөрхөн амжилт гаргаж байснаас гадагшаа ер тэмцээнд орж байсангүй. Одоо ах маань Спиртийн үйлдвэрт ХАБ-ын инженерээр ажилладаг. Спиртийн үйлдвэрт аав жолоочоор, ээж дулааны машинчаар насаараа л ажиллаж байна. Аав маань хэдхэн жилийн өмнө бурхан болсон. Ээж удахгүй тэтгэвэртээ гарна. Хөөрхий, ганцаарддаг л байх гэж боддог юм. Гэхдээ гэр ойр болохоор ажлаасаа ирээд ач нартайгаа бужигнаж байдаг. Манайх хоёр хүүтэй л дээ. Том нь дөрөвдүгээр анги, бага нь цэцэрлэгт. Миний хань Ц.Туул тун удахгүй амаржиж шинэ хүн нэмэх гэж байгаа. Эмч нар хүү гэж хэлсэн. Тэгэхээр миний хань дархан бэр болно доо. Бид хоёр нас чацуу, нэг коллежид сурч байгаад танилцаж байлаа. Манай хүн тэгэхэд компьютерийн ангид нь байсан. Дараа нь хоёр ч сургууль төгссөн, одоо Банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг. Сэлэнгийн Баруунхараа буюу Баянгол сумынх. Харин нагац өвөө П.Эрдэнэ Сайншанд өртөөний жижүүрээр ажиллаж байгаад Түнхэд ирээд мужаан, эмээ Т.Цэнд өртөөний жижүүрээр ажилладаг байсан” хэмээн аав ээж, эмээ өвөө, гэр бүлээ танилцууллаа. Д.Ганбаяр хөвгүүдтэй учир багаас нь малд ойр өсгөх зорилгоор хашаандаа ганц хоёр даага тэжээж, хэдэн үхэр малладаг аж.

Эхнэр нь давхар биетэй болохоор өөрөө үнээгээ сааж, ээждээ цайны сүүг нь дөхүүлээд өгчихнө. “Манай Зүүнхараагийнхан албаны ажлаа ч хийнэ, амины мал аж ахуйгаа ч орхихгүй. Их хөдөлмөрч улс шүү” гэх. 18-хан насандаа 2018 оны “Шилдэг залуу ажилтан” шагналын эзэн болж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардсан Э.Уужимсэтгэлт гэх гагнуурчин охин “Сайхан, муухай мэргэжил гэж байхгүй. Хүн өөрөө эзэмшиж чадвал бүх л мэргэжил үнэ цэнэтэй, сайхан байдаг” гэж хэлж байсныг санаж байна. Түүний нэгэн адилаар Д.Ганбаяр ч хүссэн мэргэжлээрээ ажиллаж, ажилдаа эзэн болж, алдраа дуудуулж яваа ган төмрийн сийлбэрчин, оёдолчин, төмөр замын шилдэг залуу ажилтан юм.

М.Наранболд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж