Хаврын чуулганаар хэлэлцэх “галтай” хуулиудын нэг нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсан найруулга юм. Заалт бүр нь иргэдийг торгох, шийтгэх зорилготой гэгддэг тус хуулийг шинэчлэн найруулж, төр иргэн, аж ахуйн нэгжид сануулдаг, шалган тусалдаг болно гэх мессежийг хууль боловсруулсан гишүүд нь хэлэх болсон.
Гэвч, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн эхний хэлэлцүүлгийг хийсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан. Өөрөөр хэлбэл, Байнгын хорооны хурлын үеэр Зөрчлийн хуулийн торгуульд алданги тооцдог болох тухай хэлэлцсэн. Төсөлд эрх бүхий албан тушаалтны ногдуулсан торгуулийг хугацаанд нь буюу тухайн сард нь багтаан төлөөгүй бол торгуулийн хувь хэмжээг даруй 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх заалт оруулжээ.
Жишээ нь, замын цагдаад 20 мянган төгрөгийн шийтгэл ногдуулсан, түүнийг хугацаанд нь төлөөгүй бол арван мянган төгрөг нэмэгдэж, 30 мянга болно гэсэн үг.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас авхуулаад олон гишүүн энэхүү заалтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин энгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Хууль санаачлагчид тус заалтыг оруулж өгснөөр шийтгэлийн төрлийг нэмэгдүүлж, торгуулийн орлогыг хугацаанд нь төвлөрүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж буй юм билээ.
Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Г.Ганболд, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нар санаачилж, өргөн барьжээ. Товчхондоо, УИХ дахь Засаг дарга нарын фракц санаачлан өргөн барьсан хууль эдийн засгийн хямралын үед иргэдээ "тонож дээрэмдэх" тухай байлаа.
Зөрчлийн хуулиас болж, Монголын шорон дүүрсэн бол удахгүй торгуулийн алдангиа төлж чадахгүй иргэдээ эдийн засгийн дарамтад оруулах бололтой.
Б.БАТ
Холбоотой мэдээ