Б.Төртүвшин сумогийн ертөнцөд хөл тавилаа

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Б.Төртүвшин сумогийн ертөнцөд хөл тавилаа

Энэ сарын 14-нд Японы Осака хотноо эхэлсэн хару башё үргэлжилж байна. Мэргэжлийн сумод барилдахаар сэтгэл шулуудсан шинэ хүүхдүүдийн эрүүл мэндийн үзлэг Осака хотын Тэноожи дүүрэг дэх цагдаагийн эмнэлэгт башёгийн өмнө болсон юм. Энэ удаа 52 хүүхэд сумод орохоор саналаа өгч, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан ба тэднээс өндөр болон биеийн жингээр тэнцэхгүй дөрөв нь коммиссын үзлэгээр хасагдаж, 48 хүүхэд тэнцсэн байна. Эдгээр хүүхдүүд энэ сарын тэмцээнд барилдаж эхлэх ба ирэх тавдугаар сараас нэрийг нь албан ёсоор банцүкэд бичих юм. Шалгалтад гадны улсуудаас хоёр бөх тэнцсэний нэг нь Монгол, нөгөөх нь Хятадын бөх байсан. Монголын шинэ залуу сумочийг Баатархүүгийн Төртүвшин гэдэг бөгөөд тэрбээр “Нишинусэки” дэвжээнд харьяалагдах болсноор Японы мэргэжлийн сумод хүч үзэж буй манай бөхчүүд бүл нэмж, 30-уулаа боллоо.
Б.Төртүвшин нь 1992оны долдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 17 настай ба Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн 2-р дамжаанд суралцаж байгаад сумоч болохоор арлын орныг зорьжээ. Түүний биеийн өндөр 185 см юм байна.
Сануулахад, 1992 оны хаврын барилдааны өмнө Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүшюзан Д.Батбаяр, Кёкүтэнзан Б.Энхбат тэргүүтэй Монголын зургаан залуу сумогийн ертөнцөд хөл тавьснаар Монгол сумочдын түүх эхэлсэн билээ.

НАРЦО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж