Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.04.12/ боллоо. Энэ үеэр Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас /ҮАГ/ гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонсчээ.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
-ҮАГ-ын хийсэн тайланг сонслоо. Эмийн салбар бол хамгийн чухал салбарын нэг. Аудитын дүгнэлтийг уншихад салбарын тогтвортой хөгжлийг хангах систем бүрдээгүйгээс төрөөс эмийн талаар баримтлах бодлого хангалтгүй байна гэсэн байна. 2014 онд эмийн бодлогын баримт бичиг батлагдсан. 2018 онд хугацаа нь дууссан байна. Үүн дээр салбарын сайд нь яагаад анхаарсангүй вэ. Төрөөс үндэсний эмийн үйлдвэрийг дэмжих үр нөлөөтэй бодлого хэрэгжээгүй гэсэн байна. Энэ бол бодит дүгнэлт. Эргээд харахад, зүү, тариур, дуслын шингэнийг үйлдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ гэж заасан ч хэрэгждэггүй. Цар тахлын үед дутагдалд орсон. ДЭМБ-д бүртгэгдсэн эмийг захиалаад авах боломж бүрдэхгүй байна. Олон улсын зах зээл дээрх жишиг үнээс Монгол Улс өндөр үнэтэй эм хэрэглэж байна. Эмнэлгүүд чанартай эм авах гэхээр тендерээр орж ирсэн эм чанарын шаардлага хангахгүй тохиолдол байна. Эмийн чанарын хяналтын лаборатори хэд байгаа вэ?
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Бид ҮАГ-ын тайлантай танилцсан. Эм чанартай байж тусламж үйлчилгээний үр дүн гарна. Тийм ч учраас Засгийн газар 2021 оны нэгдүгээр сард Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрыг 80 хүнтэй байгуулсан. Өнгөрсөн онд эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих 52 байцаагчийг нэмж ажиллуулж эхэлсэн.
Эмийн үнэд зохицуулалт хийгээд явж байна. Өнгөрсөн онд худалдан авах үйл ажиллагааг нэгдсэн худалдан авалтын систем рүү шилжүүлж, үнийн зохицуулалтад оруулсан.
Мөн зайлшгүй шаардлагатай 541 төрлийн эмийн 15 нэр төрлийн эмийн худалдан авалтыг төрөөс хийж байгаа.
Эхний эмүүд дөрөвдүгээр сарын сүүлээр орж ирнэ. Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа бөгөөд томоохон өөрчлөлт хийгдэнэ. Бодлогын томоохон өөрчлөлтүүд орно. Казахстан болон Киргиз улс руу Монголд үйлдвэрлэсэн эмийг экспортлох боломжийг олгож байгаа. 1995 оноос хойш Монгол Улсын эм эмнэлгийн хэрэгслийг хувийн компани авч явж байгаа. Үүнийг хуулийн хүрээнд өөрчилнө. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт байдаг лабораторийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт шилжүүлж авсан. Тоног төхөөрөмжийн хувьд арав гаруй жил ашигласан учраас үе шаттай шинэчлэх төлөвлөгөөг Засгийн газарт оруулж улсын төсөвт суулгах ажлыг энэ оноос хийнэ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:
–Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд хувь хүмүүс оруулж ирэхийг Гаалийн тухай хуульд хориглосон байдаг. Заавал бүртгэлтэй эм оруулж ирэх ёстой. Шинэ хуульд энэ талаар зохицуулалт орж байгаа. Эмийн чанарт тавих хяналтын хувьд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд өнгөрсөн төсвийн тодотголоор ЭМЯ-аас 620 сая төгрөгийн санхүүжилтийн хүрээнд хөрөнгө оруулалт хийсэн. Хүний бүх төрлийн биологийн шингэнд эм, мансууруулах бодисыг аппаратаар шинжилж байгаа. Ингэснээр дотоодын эм үйлдвэрлэж буй компаниудын эмийг судлан тогтоох боломж бүрдсэн.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-ҮАГ-ын дүгнэлтэд хариуцлагын тогтолцоо сул, бодлогын зорилт арга хэмжээний хэрэгжилт сул учраас бодлогын хэрэгжилт хангагдаагүй. Тиймээс үр нөлөөг үнэлэх боломжгүй байна гэжээ. Үр нөлөөг үнэлэх боломжгүй гэчхээд баахан дүгнэлт бичсэн байх юм. 2014 оны Эрүүл мэндийн сайдын 425 дугаар тушаалаар баталсан төрөөс эмийн талаарх баримтлах бодлогыг 2017 оны А81 дүгээр Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүчингүй болгосон гэжээ. Тэгэхээр Монол Улс ямар ч бодлоггүй өдийг хүрсэн хэрэг үү. Бодлого байхгүй юм бол ҮАГ ямар дүгнэлт хийгээд байгааг ойлгохгүй байна. Төрөөс эмийн талаарх баримтлах бодлогын хэрэгжилтийн явцад хяналт шалгалтыг хэн хийх вэ. Бодлогын хэрэгжилтийг хэн дүгнэх ёстой юм.
ҮАГ-ын дүгнэлтэд “Эмийн үнийн дээд хязгаарыг Засгийн газар тогтоохоор заасан боловч үнийн дээд хязгаарыг санхүүжүүлэх байгууллага тогтоож байна” гэжээ. Засгийн газрын урдуур орж эмийн үнийн дээд хязгаарыг ямар албан тушаалтан тогтоогоод байна вэ. Албан тушаалаа хэтрүүлсэн асуудал гэж хараад байна.
100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрыг байгуулсан. чанартай эмийг оруулж ирэх үнийг хязгаарлах гэж байгуулсан. Байгуулагдаад 4-5 сар болж байна.
Цаашид энэ агентлаг зорилгоо хангаж чадахгүй бол татан буулгах хэрэгтэй. Агентлаг ажлаа хийхгүй байна. Орон тоо, төсвийг баталснаараа УИХ буруудах уу. ҮАГ-ын дүгнэлтэд их олон сонин зүйл байна шүү.
Үндэсний аудитын газар:
-Үр нөлөөг үнэлэх боломжгүй гэдэг нь эрүүл мэндийн салбарт арав гаруй хөтөлбөр хэрэгжиж байгаа. Хөтөлбөрүүдийн үр дүнг Эрүүл мэндийн яамны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газар хянах ёстой. Аудит бүх хөтөлбөрийг үнэлээд үр нөлөөг нь тооцох боломжгүй байгаа учраас ЭМЯ ажлаа хангалтгүй хийжээ гэж дүгнэсэн. Төрөөс эмийн талаарх баримтлах бодлого хүчингүй болоогүй шүү. Хүчинтэй хэвээр байна.
Төрөөс эмийн талаар баримтлах 2014-2018 оны бодлого хэрэгжээд дууссан юм бол үүн дээр ямар ажил дутуу байгааг нь дүгнээд дараагийн залгамж бодлогоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар Засгийн газар эмийн үнийн дээд хязгаарыг тогтооно.
Гэтэл Эрүүл мэндийн тухай хуулиар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно гээд хууль хоорондын зөрчил үүсч байна. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн үндэсний зөвлөл үнийн дээд хязгаарыг тогтоож байна. Цаашид хууль эрхзүйн орчныг өөрчлөх шаардлагатай. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын зохицуулалтын агентлаг байгуулсан нь дэвшил болсон. Хамгийн гол нь эмийн чанарын асуудлыг тус агентлаг хариуцах учраас холбогдох лабораторын чиг үүргийг оруулж ажиллах нь чухал.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-Төрөөс эмийн талаар баримтлах бодлогод эмийн нөөцийн асуудлыг оруулах хэрэгтэй. Энэ тал дээр ямар дүгнэлт гарсан бэ. Олон улсын зах зээлд эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ ямар байгааг судлаад, холбогдох мэдээллээр төрийн байгууллагыг хангах ажил дутмаг явагдаж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлийг ганзагын наймаа гэж ярих боллоо. Энд болохгүй зүйл олон бий. Хөнгөлөлттэй эмтэй холбоотой асуудал гэхэд олон тоо л байдаг. Яг үнэндээ эмийн сангууд эм байхгүй гээд сууж байгаа. Бид энэ асуудлаа ч зохицуулж чадахгүй байна.
Үндэсний аудитын газар:
-Эмийн нөөцийн хувьд төрийн бодлого хангалтгүй байна. Зөвхөн эм ханган нийлүүлэгчид энэ үүргийг үүрч байгаа. Орон нутгийн эмийн эргэлтийн сангийн статус өөр болсон. Орон нутагт зайлшгүй хэрэгцээт эм дутагдалд орох эрсдэлтэй байна.
Холбоотой мэдээ