Хийн хоолой Монголд аз, эз алийг нь авчрахыг таашгүй. Ямар ч байсан монголчууд үүнээс болгоомжлох бүр хардах ч эрхтэй. Мөнгө чухал уу, аюулгүй байдал чухал уу гэдгээ дэнслэх ч шаардлагатай. Шадар сайд С.Амарсайхан “Манай улс дотоодын хэрэгцээгээ хангах, байгаль орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Шинээр байгуулах дагуул болон хот суурин газрууд, дамжин өнгөрч буй суурин, үйлдвэр үйлчилгээний байгууллагуудыг хийн эх үүсвэрээр хангахад ямар нэг хүндрэлтэй асуудал гарахгүй” гэх тайлбараас, "Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулангийн "Байгалийн хийн хоолойн төсөл манай улсад хэрэгжсэнээр Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж, төсвөөр дамжуулан санхүүжих улс орны дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр бий болох юм" гэсэн ярилцлагаас харвал Монгол Улс эдийн засаг талаас нь энэхүү төсөлд ихэд ач холбогдол өгч байна.
Гэхдээ монголчууд эдийн засаг, эрсдэл хоёроо давхар тооцох учиртай юм. Атал Монголын албаныхан байгалийн хийн хоолойн төслөөс татвар болон газрын түрээс авч хөлжинө, хөгжинө гэсэн хүмүүс л байх. Аваагүй байхад авгай сайхан гэдэг.
Нэг.
Хоёрдугаар сарын 24-нд ОХУ-аас Украин руу халдан түрэмгийлснээс хойш хийн хоолойг Монголоор дамжуулах тухай хоёр улсын албаны төвшний уулзалт хэлэлцүүлэг өдөр ирэх тусам ихсэж, идэвхжсэн нь Шадар сайдын албанаас тарааж буй хэвлэлийн мэдээллээс харагдаж буй. Гэвч, гол худалдан авагч Хятад хийн хоолойг Монголоор дамжуулах асуудлыг “судлах шаардлагатай” гэхээс өөрөөр албан ёсны байр сууриа өнөөг хүртэл илэрхийлээгүйг бодоход төсөл амжилттай болох нь эргэлзээтэй. Тэр тусмаа Монголд ашиг өгтлөө өдий бололтой. Хятадууд монголчууд шиг гэнэн, тэнэг биш болохоор эрчим хүчний хувьд Оросоос хараат байхыг лав хүсэхгүй. Монголчуудын хувьд орос "ах нар"-таа янаг.
Гэхдээ орос ах нар нь дүү зодож ханах биш, хийн хоолойн төслөөр далимдуулж, Монголыг дайны үеийн пропаганда болгож буй гэх хардлага үнэнд илүү дөхнө. Үнэндээ барууны эдийн засгийн хоригт орсон ОХУ-д ийм том төслийг санхүүжүүлэх хөрөнгө, мөнгө даанч байхгүй. ОХУ-ын нутаг дэвсгэрээр 4000 км, Монголд 970 км үргэжлэх том бүтээн байгуулалт. Зөвхөн Монголд гэхэд зургаан аймгаар, тодруулбал Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нийт 23 сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төсөл гээд бод.
Харин “Газопровод Союз Восток” компанийн удирдлагуудын зүгээс Оросоос Хятад руу нийлүүлэх хийн хоолойн төслийг харуул хамгаалалтад авах тухай ярих болсон нь жинхэнэ айдас хүйдэс төрүүлж байна. Хүссэн ч, эс хүссэн ч Монголоор дамжих хийн хоолойг хэн манах вэ гэсэн асуудал яригдаж таарна. Тэр үед оросууд эдийн засгийн эрх ашгаа хамгаална гээд цэрэг оруулаад ирвэл монголчууд үгүй гэж хэлж чадах уу. Оросуудын төлөө тусгаар тогтнолоо хадган дээр тавиад өгч чадах улстөрчид, урвагчид Монголд цөөнгүй байгаа.
Хоёр.
Төслийг хэрэгжүүлэхэд 7000 гаруй хүн хүч шаардагдах агаад Шадар сайд С.Амарсайханы өгсөн мэдээлэлд монголчууд туршлага багатай тул нарийн мэргэжилтнүүд ОХУ болон бусад улсаас ирж ажиллана гэжээ. Мэдээж, ОХУ-ын эрх ашгийг хангах төсөл дээр барууны мэргэжилтнүүд ирж ажиллахгүй нь нэн ойлгомжтой. Тэгэхээр юу үнэн бэ гэвэл энэхүү төслийг хэрэгжүүлэхээр оросууд Монголд орж ирэх нь үнэн.
Тиймээс таван станц байгуулж, жилдээ 50 тэрбум шоо метр хийг дамжуулснаар Монголд технологи инновацийн шийдлүүд нутагшиж үлдэнэ гэж баярлах нь арай эртдэх байх. Эрсдэл, ирээдүйд ирэх үр дагаврыг нь орхигдуулбал эргээд засахын аргагүй алдаа ч болж мэднэ. Хийн хоолой Монголын эрх ашиг яг мөн үү гэдгийг бодох ёстой. Улс төрийн пропаганда байсан ч, эдийн засгийн бодит төсөл болсон ч аль, аль нь Монголд хор, хохирол учруулж мэднэ.
Гурав.
Хэрэвзээ хийн хоолойн төслийг Монголоор дамжуулсан нөхцөлд тэндээс дотоодын хэрэгцээгээ Монгол хангах боломжтой юу. Шадар сайд С.Амарсайхан, төслийн удирдагч Л.Амарсанаа нар асуудалгүй, болчихно гээд яриад байгаа. Гэтэл “Газопровод Союз Восток” компанийн захирал Евгений Асеев нь "Монгол Улсын Засгийн газар албан ёсоор Газпром компанид санал тавивал энэ асуудлыг хэлэлцэнэ" гэжээ. Өөрөөр хэлбэл, оросуудын зөвшөөрөхгүй гэдгээ шулуухан хэлж. Тэгээд ч Эгийн гол, Эрдэнэбүрэн зэрэг Монголын эрчим хүчний том төслүүдийг өнөөг хүртэл гацааж, зогсоож яваа оросууд монголчуудад байгалийн хийг хямдхан зарах нь юу л бол. Монголд хамгийн байж болох өндөр үнээр шатахуунаа зардаг хүмүүс шүү дээ. Аль болох монголчуудыг ядуу байлгах хүсэлтэй, муу дээр нь муухай харагдуулах сонирхолтой. Элчин сайд Азизовынх нь үг, үйлдлийг нь харчих. Ийм байтал Оросын эрх ашгийг Монголд оруулж ирэх нь зөв үү.
Улс төрийн паян, эдийн засгийн хоригоо даалгүй Монгол Улс хохирч магадгүй юм. Араа даахгүй бол "айлгүйтэх" хэрэггүй гэгчээр мөнгө чухал ч мөнгөөр худалдаж болдоггүй ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнол гэж бий. Улс орны бүрэн бүтэн байдлаа бодсон ч, Украины хийсэн Оросын дайныг харсан ч хийн хоолойн төсөл бол Монголд тавьсан урхи ч байж мэднэ.
Холбоотой мэдээ