Ши Жиньпины санаачилсан Covid-19-ийг тэглэх бодлого дэлхийн худалдаа наймааны салбарт сүйрэл дагуулан, Хятадын боомт хотод чингэлэг ачсан 500 гаруй хөлөг онгоц гацсан байна.
Хятадад хурдацтай тархаж буй Омикрон хувилбарыг таслан зогсоохын тулд удаа дараа хөл хорио тогтоосноор боомтуудад хөлөг онгоцноос ачаа тээш буулгах болон зөөвөрлөх боловсон хүчин хомсоджээ.
Шанхайд одоогийн байдлаар хатуу хөл хорио тогтоосон байгаа бол Хонгконг зэрэг хотод цар тахлаас болж нас барагчдын тоо өндөр байгаа юм.
"Bloomberg"-ийн тоо баримтаас харахад ачааны 477 хөлөг онгоц тодорхой бус хугацаанд боомтоос хөдөлж чадахгүй, гацсан байна. Тус 477 ачааны хөлөг онгоц нь ихэвчлэн өргөн хэрэглээний бараа, үйлдвэрийн хангамж, барилгын материал ачсан байгаа юм. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрд санхүүгийн хямрал үүсэх том шалтгааны нэг болов.
"Citi"-ийн эдийн засагч Йоханна Чуа "Шанхай бол Хятадын цахилгаан бараа, тээврийн хэрэгслийн томоохон экспортлогч учир нийлүүлэлтийн асуудал тус улс орон даяар болон олон улсын хэмжээнд тархах эрсдэлтэй” гэж хэлэв. Эрсдэл дагаж бусад үйлдвэрлэгч орон болох Өмнөд Солонгос, Тайвань, Вьетнам, Япон зэрэг орнуудад хүндрэл учруулж буйг онцолсон юм.
“Ocean Network Express”-ийн мэдээлснээр дэлхий даяарх 10 орчим хувийн чингэлэг ачаа тээвэрлэгч хөлөг онгоцнууд Шанхай хотод гацсан байна.
Эх сурвалж: The Telegraph
Холбоотой мэдээ