"Ардын намын жанжин намайг амьд яваг. Төрд хэрэгтэй зайран гэх юм. Эдний үйлс бүтнэ ээ" хэмээн "Өглөө" киноны эхлэл хэсэгт Дүйнхэр зайран өгүүлдэг. Тэртээ 1968 онд бүтээсэн монголын уран сайхны киноны энэ л дүр өнөөг хүртэл үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшиж, мөнхөрсөн. Гол роль гэлтгүй жижиг дүрийг ч хэрхэн урлаж, сийлж, бүтээж болдгийг яруу тодоор харуулсан алтан үеийн уран бүтээлч бол Дэндэвийн Чимэд-Осор. Урлагийнхан түүнийг "Өвгөн Шукарь" хэмээн авгайлж, дурсана.
Тэрээр "Хүний сайхан сэтгэл" киноны усчин өвгөн, "Хонины найр" киноны Вандан, "Цогт тайж" киноны Ли Сан Син, "Ардын элч" киноны дэн буудлын эзэн гээд тайз, дэлгэцийн олон сайхан дүрийн эзэн.
"Ингэхэд хүүхээн, буурал өвгөний хуучин завин дээр төрсөн хүү маань бүстэй бил үү, бүсгүй бил үү" хэмээн усчин өвгөн асууна. Үзэгч та өтгөсөө үдэх, нялхсаа угтах хүний амьдралын жам ёсыг усчин өвгөн Дэнзэнгийн амьдралаар харуулсан "Хүний сайхан сэтгэл" киног санаж буй биз. Амьдралын утга учрыг энгийн хийгээд, эгэлгүйгээр бүтээсэн жүжигчин мөн л Д.Чимэд-Очир.
Ийнхүү түүний мэндэлсний 110 жилийн ойд зориулсан "Төрд хэрэгтэй зайран" гэрэл зургийн үзэсгэлэн “BlueMon” галерейд өчигдөр /2022.04.11/ олны хүртээл болсон нь энэ юм.
Үзэсгэлэнг түүний хүү Ч.Болд санаачлан гаргаж буй бөгөөд аавынхаа тайз, дэлгэцэнд бүтээсэн дүрүүдийг анх удаа дэлгэж буй аж.
Д.Чимэд-Осор нь 1933-1936 онд Ардын армид байлдагч, 1936-1948 онд Улсын төв театрын жүжигчин, 1948-1950 онд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч, уран сайхны удирдагчаар томилогдон ажиллажээ. 1950-1953 онд Улсын хөгжимт драматик театрын жүжигчин, 1953-1956 онд Архангай аймгийн Соёлын ордонд найруулагч, уран сайхны удирдагч, 1960-1982 онд “Монгол кино” үйлдвэрт жүжигчин, кино найруулагчаар ажилласан байна.
Театрын урлагт 24 жил хөдөлмөрлөхдөө “Сүрэг чоно” жүжгийн Данзан /1938/, “Талын баатар” /1943/ жүжгийн Чогдон хувилгаан, “Орос хүмүүс” /1943/ жүжгийн Розенберг, “Сэтгэлийн шинэтгэсэн нь” жүжгийн Шукарь зэрэг 60 орчим жүжгийн 85 дүр бүтээжээ.
А.П.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийн өвгөн Шукарийн дүрээрээ үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин, театр киноны салбарынхан дундаа Шукарь хэмээн хүндлэгдсэн тэрээр 1912 онд Архангай аймгийн Өлзийт суманд төржээ. Кино урлагт хөдөлмөрлөхдөө “Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөн, “Ардын элч”-ийн дэн буудлын эзэн, “Өглөө” киноны Дүйнхэр зайрангаас гадна “Хүний сайхан сэтгэл” киноны усчин өвгөн Дэнзэнгийн дүрийг 68 насандаа бүтээж, ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн.
Ардын жүжигчин Д.Чимэд-Осор алдартай жүжигчин төдийгүй хэд хэдэн киноны ерөнхий найруулагчаар ажилласан байна.
Тухайлбал, 1961 онд “Гологдсон хүүхэн”, 1963 онд “Нүгэл буян”, 1965 онд “Зэрэг нэмэхийн өмнө”, 1974 онд “Тамирын охин”, 1976 онд “Хонины найр” киноны ерөнхий найруулагч, “Морьтой ч болоосой”, “Өндөр ээж”, “Хоньчин Найдан” зэрэг арваад киноны зөвлөх буюу хоёрдугаар найруулагчаар ажиллажээ.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ