ОХУ-аас Украин руу дайн эхлүүлснээс хойш сар гаруй хугацаан өнгөрч байна. Энэ хугацаанд Украины Ерөнхийлөгч В. Зеленский Өмнөд Солонгосын парламентад өчигдөр үг хэлэхдээ “Мариуполийг гуравдугаар сарын 1-нээс хойш Оросын цэргүүд бүсэлсэн. Энэ хот хагас сая хүн амтай. Эзлэн түрэмгийлэгчид бүсэлж, хоол хүнс, ус авчрахыг ч зөвшөөрөөгүй байгаа. Тэд хамгийн харгис хэрцгий аргыг ашиглаж байна. Мариуполь сүйрчээ. Хэдэн арван мянган хүн нас барсан байна” гэжээ.
Түүнийг Монголын парламентад урьж, үг хэлүүлэх саналтай байгаагаа Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нүүр номдоо илэрхийлэв. Тэрбээр “Зеленский Японы бас ӨС-ын парламентад үг хэллээ. Азийн ардчилсан улс манай ээлж ирж байна. Украины Ерөнхийлөгчийг урьж УИХ-ын чуулганд үг хэлүүлэх санал гаргаж байна. Ардчилсан, нэр хүндтэй бараг бүх парламентад тэр үг хэлсэн. Аль ч талаас нь бодсон Монголын эрх ашигт нийцнэ. Эрх чөлөөт, нээлттэй гэж Монголын нэр дэлхийд гарна. ParliamentMN урилгаа бичээрэй. Дэмжлэг хэрэгтэй бол бэлэн” байгааг дурдсан байна.
В.Зеленскийг Япон, Герман, Израйль, АНУ, Их Британийн парламент урьж, үг хэлүүлсэн. Мөн НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд Украины Ерөнхийлөгч оролцож, Буча хотод болсон хядлага болон НҮБ-ыг өөрчлөх тухайд байр сууриа илэрхийлсэн юм.
Холбоотой мэдээ