Урмын үг ардын амнаас л урсаж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Урмын үг ардын амнаас л урсаж байна

Энэ хорвоо дээр эгэл хүн бүрийг нэгтгэн нийцүүлдэг, ашиг сонирхлын зөрчилгүй баяр баясгаланг спорт хэмээх ид шидийн ертөнц өгдөг гэлтэй. Спортын амжилтад энгийн хүн хэрхэн уясч, хэрхэн хүчирхэгжиж, хэрхэн хүмүүждэгийг бид харсан. Олимпийн түүхэнд сийлж үлдээсэн монгол хөвгүүдийнхээ амжилтаар, дэлхийн чанадад гайхуулсан залуусынхаа ялалтаар бид олонтаа бахархсаар иржээ. Энэ зун спортоос хүртэж болох тэр мэдрэмжийг өсвөр залуу үеийн тамирчид эх орон, ард түмэн, нутагт нэгтнүүддээ ээлж дараалан амсууллаа.

Ижий, аавынхаа энгэрт эрхэлж явах насандаа эх орныхоо алтан соёмбот далбааг тивээс тивд өргөн мандуулсан Хүүхдийн олимпийн наадмын анхны аварга Б.Батцэцэг, буудлага спортын залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул, оюун ухаан, шатрын спортын өсвөрийн дэлхийн аварга А.Энхтуул нартаа ард олны хайр хүндэтгэл, баяр бахархал тээсэн бурам шиг урмын үгийг дахин дайж байна.
Зургаа, долоо, наймдугаар сарын зуны халуун өдрүүдэд, бухимдал чирэгдэл үүсгэх мах, гурилын үнийн хөөрөгдлийн таагүй мэдээлэл дундаас сэтгэл сэргээж, бахдал төрүүлж байсан нь эдний маань чих мялаасан амжилтууд байлаа. Ард түмний харамгүй хайрласан татварын мөнгө, аль сайн сайхныг хэлж мялаах сэтгэлийн урмаар Монголын спорт хөгжиж байна. Хөгжих хөгжихдөө хөл, суурь болсон өсвөр үеийнхэн ийн цойлон гарч ирж байгаа юм байна. “Баатрыг төрүүлсэн ард түмэн баатар байдаг” гэдэг. Интернетээр, утсаар мэндийн сайхан үг дайж, их спорт, хэдэн муу тамирчдынхаа төлөө нүдээ чийгтүүлж суусан ард түмэндээ баярлалаа. Энэ өдрүүдэд спортын тэнгэрт цойлсон амжилтуудын араас эгэл ард түмэн маань сэтгэлийн хамгийн үнэн, сайхан үгээ урсгаж байна. Хүүхдийнх гэж хүч сулруулж боломгүй олимпийн наадмаас Монголын анхны аварга төрчихөөд байгаа ийм баярт өдрүүдэд спорт холбоо, албаны зарим хүмүүс загас шиг дуугүй байгааг эс тооцвол… Гэхдээ дэлхийн хаан хүүхдүүдэд дээдсийн зусардал илүү ч байж мэдэх юм.

Ирэх өдрүүдэд дэлхийг дайлаар мордох Их спортын тамирчдадаа өндрөөс өндөр АМЖИЛТ ХҮСЬЕ. 

Б.БАДМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж