Аялал жуулчлалд 10, хөдөө аж ахуйд 400 тэрбумын зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалд 10, хөдөө аж ахуйд 400 тэрбумын зээл олгоно

Аялал жуулчлалд 10, хөдөө аж ахуйд 400 тэрбумын зээл олгоно

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд салбар бүрд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл олгох ажил эрчимжиж байгаа. Өнгөрсөн сард Хөдөө аж ахуйн салбарт 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох болсон талаар салбарын сайд нь мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр /2022.04.11/ Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ аяллын салбарыг сэргээхэд Засгийн газар таван арга хэмжээ авахаар болсон тухай мэдэгдэв.

Б.Бат-Эрдэнэ сайд өөрийн цахим хуудастаа “Өнгөрсөн хоёр сарын хугацаанд аялал жуулчлалын салбарынхантай шат дараалсан хэлэлцүүлэг, зөвлөгөөн, уулзалтыг хийж салбараа хэрхэн хурдан хугацаанд сэргээх тухайг хамтдаа хэлэлцэн таван асуудлыг гаргаж ирсэн. Тус асуудлуудыг Засгийн газрын гишүүдтэй санал солилцож, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжсэнээр аялал жуулчлалын салбарт том дэмжлэгийг авч ирлээ” гэсэн юм.

Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Эдийн засгийн форум үеэр шийдсэн таван  шийдвэрт дараах зүйлс багтжээ. Үүнд:

  • Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан гурван тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,
  • 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,
  • Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,
  • Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдын визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих зэрэг багтсан байна.

ХАРИН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САН 400 ТЭРБУМЫН ЗЭЭЛИЙГ ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ОЛГОНО

2022 онд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төрлийг нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалалтыг дэмжиж тусад нь 50 тэрбум төгрөгийг олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг хоёр жилийн хугацаатай дараах байдлаар олгоно. Тодруулбал,

  • Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөг
  • Газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөг
  • Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөг
  • Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөг
  • Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөг
  • Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай гурван хувийн хүүтэйгээр арилжааны банкаар тус тус олгох юм.

Байгаль орчин аялал жуулчлалын салбар болоод хөдөө аж ахуйн салбарт Covid-19-өөс шалтгаалсан хүндрэл илүүтэй мэдрэгдсэн учир ийнхүү хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмж тогтоосон аж. Гэхдээ салбарынхан тус зээлийг үр ашигтай зарцуулж, хугацаандаа эргэн төлж чадах эсэх нь чухал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж