Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Төрийн хэмнэлтийг манлайлан ажилла" гэж үүрэгдсэн. Гэтэл энэ цаг үед Соёлын сайд Ч.Номин ирэх оны төсөвт шинэ цирк барина гэж хэлсэн нь иргэдийн шүүмжлэлд өртөв. Тэрбээр “Одоо байгаа Улсын циркийн барилга хувийн өмч болсон учраас ирэх оны төсөвт шинэ барилга барихаар ажиллаж байна” гэжээ. Салбарын сайдын энэ үг уран бүтээлчдийн урмыг хугаллаа.
Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн гэрээнд үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин Монголын үндэсний циркийг байгуулсан. Циркийн уран бүтээлчид Монголдоо цор ганц олон улсын стандартад нийцсэн барилгадаа бэлтгэл сургуулилалт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, "Аса" циркийг түрээсэлдэг байсан. Харамсалтай нь улсын цирк 2020 оны наймдугаар сараас бүрэн хэмжээний засвар орж, өнөөдрийг хүртэл ажиллахгүй хэвээр.
Тодруулбал, Төрийн өмчийн хорооны 2008 оны 00496 дугаартай “Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ”-г “Аса консалтинг” компанид Улсын циркийг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр байгууллагын ѳмчлѳгч болгосон.
Засгийн газрын 2008 оны 61 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Монголын циркчдийн холбоонд:
- 2017 онд БСШУС-ын сайдын 2016 оны А/138 дугаар тушаалаар таван сая тѳгрѳг олгов.
- 2018 онд БСШУС-ын сайдын 2018 оны А/280 дугаар тушаалаар 10 сая тѳгрѳг олгов.
- 2019 онд БСШУС-ын сайдын 2019 оны А/247 дугаар тушаалаар 11 сая тѳгрѳг олгов.
- 2020 онд БСШУС-ын сайдын 2020 оны А/274 дугаар тушаалаар 12 сая тѳгрѳг олгов.
- 2021 онд Соёлын сайдын тушаалаар 15 сая тѳгрѳг олгож буй.
Энэ мөнгөөр циркчид гэр хороололд хувийн заал түрээсэлж, бэлтгэл сургуулилалт хийдэг талаар өмнө нь сурвалжилж байсан билээ.
Менежментийн хувьчлалд очсон цагаасаа циркийн барилга тойрсон хэл ам тасраагүй. Учир нь сүүлийн жилүүдэд циркийн урлагийг хөгжүүлэх гэхээсээ илүүтэй ашиг хонжооны төлөөх бизнесийн байгууллага болсон нь олны шүүмжлэл дагуулсан.
Улсдаа ганц гэгддэг циркийн барилга балгас болоод нэг жилийн нүүр үзэж байна. Төлөвлөгөө ёсоор 2021 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орж, үүдээ нээх ёстой байв.
Соёлын сайд асан С.Чулуун өмнө нь циркийн асуудлыг авч хэлэлцэхээр ярьж байсан. Харин одоогийн Ч.Номин сайд ч гэсэн “Соёлын яамнаас ажлын хэсэг гаргаж, энэ асуудлыг судалж байна. Улсын циркийг менежментийн хувьчлалаар авсан хүмүүстэй нь уулзах байх. Цаашид менежментийн хувьчлалын гэрээнд циркийн үйл ажиллагааг хэрхэн тусгасныг судалж, шийдвэрлэнэ” гэж мэдэгдэж байсан удаатай. Гэвч Соёлын яамтай болсон ч энэ асуудал шийдэгдэхгүй бололтой.
Мөн шинэ сайд уран бүтээлчдийн төлөөлөл уулзаж, 80 жилийн ойн баяраараа 21 аймгаар аялан тоглолт зохион байгуулахаар 210 сая төгрөгийг төсөвлөсөн юм.
Харин Монголын үндэсний циркийн зүгээс “Цар тахлын нөхцөл байдлаас болоод өнгөрсөн жилийн төлөвлөгөөний дагуу явж чадаагүй. Цаашдаа циркийнхээ үйл ажиллагааг илүү сайжруулахын тулд засвар хийж байна. Тэрнээс биш нурааж өөр зориулалтаар ашиглах гэсэнгүй. Циркийн барилгыг шинэчлэн засварласнаар бүх төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой болно” гэдэг хариултыг өгч байв.
Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос хувьчлагдах 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан, бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан. Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай циркийн уран бүтээлчид хэлсэн байдаг. Мөн тэнд долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, суудлын 70-75 хувьд хүрч, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байсан.
Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.
МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗӨВЛӨХ АРХИТЕКТОР Э.ХҮРЭЛБААТАР:
-Тухайн цаг үедээ 1971 онд нийгмийн шаардлагаар улсын циркийн барилга байгууламжийг барьж байгуулсан. Тухайн үед Румын улсын тусламжаар барихад Монголын архитекторууд гар бие оролцож байв. Тухайлбал, гавьяат барилгачин Я.Шархүү багш хамтарч барьсан автор нь гэж явдаг. Циркийн барилга өнөөгийн цагийн шаардлага хангахгүй байгаа бол өргөтгөж шинэчилж болно. Энэ барилгыг түүхэн дурсгалт барилгын жагсаалтад оруулж, хамгаалалтад аваагүй байгаа. Гэхдээ энэ барилгыг нурааж, өөр зориулалтын ресторан, баар байгуулахыг зөвшөөрөхгүй.
Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос хувьчлагдах 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан, бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан. Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай циркийн уран бүтээлчид хэлсэн байдаг.
Холбоотой мэдээ