Хэргэм зэргээсээ татгалзсан Японы гүнж Мако эгэл гаралтай нөхөр Кэй Комүрогийн хамт Нью-Йоркод суурьшаад таван сар орчим болж байна. Анх ирээд их хотын гудамжинд төөрч, хүмүүсээс зам асууж явсан Мако одоо "хөлөө олжээ". Түүнийг ажилд орсон тухай “Daily news” өнөөдөр /2022.04.12/ мэдээллээ.
Хайртай хүнтэйгээ гэрлэхийн тулд цол хэргэм, 1.3 сая ам.долларын өв хөрөнгөнөөс татгалзсан Мако гүнж Нью-Йорк дахь Метрополитан урлагийн музейд цалингүй сайн дурын ажилтан болсон гэв. Тэрбээр тус музейн Ази урлагийн хэсэгт Японд буддын шашинг нэвтрүүлсэн 13 дугаар зууны үеийн ламын амьдралаас сэдэвлэсэн уран зургийн үзэсгэлэнгийн ажилд тусалж байгаа ажээ. Уг музей нь Кей Комүро болон Мако нарын амьдардаг “Hell’s Kitchen” орон сууцнаас 10 минутын зайд л байрладаг юм байна.
Мако нь Шотландад урлагийн түүхийн чиглэлээр сурсан бөгөөд 2016 онд Английн Лестерийн их сургуульд урлагийн музейн чиглэлээр мастер хамгаалжээ. “Тэр урлагийн бүтээлийн цуглуулгуудыг нааш цааш зохицуулах ажил хийдэг, үүндээ ч маш чадварлаг. Энэ нь ихэнх цагаа номын санд өнгөрөөх шаардлагатай, маш их бэлтгэл шаардсан ажил” гэж “People” сэтгүүл мэдээлжээ.
Комүро, Мако нар сүй тавиад найман жил болсны эцэст өнгөрсөн оны аравдугаар сард гэрлэж, Токиод даруухан ёсложээ. Японы эзэн хааны гэр бүлийн эрчүүд эгэл гаралтай эмэгтэйтэй гэрлэж болдог. Гэтэл Макогийн шийдвэр нь түүнийг эзэн хааны гэр бүлийн гишүүн биш болгосон төдийгүй ирээдүйд төрөх хүүхдүүд нь ч энэ гэр бүлд хамааралгүй байх юм.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ