Б.Эрдэнэдэлгэр: ХААН Банк тогтвортой хөгжилд манлайлагч банк байна

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Б.Эрдэнэдэлгэр: ХААН Банк тогтвортой хөгжилд манлайлагч банк байна

Б.Эрдэнэдэлгэр: ХААН Банк тогтвортой хөгжилд манлайлагч банк байна

ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэртэй ярилцлаа.

-Тогтвортой санхүүжилт гэж юуг хэлж байна вэ? Тогтвортой, урт удаан хугацаанд санхүүжилтээр хангах тухай ойлголт юм уу, эсвэл эх дэлхийдээ ээлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжихийг хэлээд байна уу?

-Аль аль нь энэ ойлголтод хамаарна. Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж буй энэ цаг үед бизнес эрхлэгчдийн өмнө байгальд ээлтэй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна. Банк санхүүгийн салбар санхүүгийн хөшүүргээр дамжуулан иргэдийн эко хэрэглээг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бизнесийн аливаа төсөл, хөтөлбөрүүдийг ногоон зээлээр санхүүжүүлдэг. Мөн үүнээс гадна ХААН Банкны хувьд 100 сая төгрөгөөс дээш дүнгээр олгож буй бүх төрлийн бизнесийн зээлүүддээ байгаль орчин, нийгэмд үзүүлэх эрсдэлийн үнэлгээ хийдэг. Эрсдэлийг нь бууруулах шаардлага тавих замаар хариуцлагатай бизнесийг санхүүжүүлж, ингэснээрээ ногоон эдийн засгийг дэмжиж, Тогтвортой хөгжлийн зорилгуудад хувь нэмрээ оруулж байна. Үүнийг л Тогтвортой санхүүжилт буюу ногоон санхүүжилт гэж нэрлэж буй. Мэдээж хэрэг санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд банк тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэгч гол оролцогч тал болж байна. Өөрөөр хэлбэл, зээл, санхүүжилт олгохдоо тухайн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн  үйл ажиллагаа байгаль орчин, нийгэмд ямар нэгэн хор нөлөөгүй, эрсдэл багатай байхыг үнэлэх, эрсдэлийн түвшнээс хамааран тухайн учруулах хор нөлөөг багасгахад анхаарч ажиллах үүрэг хүлээж буй юм.

-Санхүүгийн байгууллагууд өнгөрсөн 10 жилийн турш тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлж байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар ногоон зээлийн хэмжээ нийт багцын хоёр хүрэхгүй хувийг эзэлж байна. Нийт олгож буй зээлийн дүнгээр ХААН Банк системийн хэмжээнд гуравны нэг хувийг эзэлдэг. Үүнээс ногоон зээлийн олгож буй хувь хэмжээ ямар байгаа бол?

– ХААН Банк Монголын тэргүүлэгч банкны хувьд зах зээлд эзэлж байгаа нийт хувь хэмжээ, активын болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээгээр системийнхээ 34 орчим хувийг эзэлж байна. Зээлийн багцад эзэлж байгаа хувь хэмжээ мөн ижил. ХААН Банкны хувьд харилцагчдадаа 9 төрлийн ногоон зээлийн бүтээгдэхүүн санал болгож байгаагаас 2021 оны жилийн эцсийн байдлаар 50.7 тэрбум төгрөг буюу банкны системийн хэмжээний нийт ногоон зээлийн 20 орчим хувийг дангаар бүрдүүлж байна. Тухайлбал, бид тогтвортой хөдөө аж ахуй, бэлчээрийн чанар, мал, амьтны эрхийг зөрчихгүй байхад анхаарч үйл ажиллагаа эрхэлж буй хариуцлагатай мал аж ахуй болон эко аялал жуулчлалыг дэмжих, ногоон барилга барих эрчим хүчний үр ашгийг бий болгох замаар хэмнэлт үүсгэж, урт хугацаанд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь уур амьсгалын сөрөг нөлөөллийг багасгах боломж гэж үзэж байна. Энэ ч үүднээс эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг хамгийн багадаа 20 хувиар бууруулах бизнесийн үйл ажиллагааг сарын 1-1.1 хувийн хүүтэй, 60 хүртэлх сарын хугацаатай ногоон зээлээр санхүүжүүлж байна.

-Өнгөрсөн хугацаанд тогтвортой санхүүжилтийн чиглэлээр гадны байгууллагуудаас танай банк нэлээд хэмжээний эх үүсвэр татсан. Энэ тодруулахгүй юу?

-ХААН Банк нь 2015 оноос хойш нийтдээ 40 сая ам.долларын ногоон санхүүжилтийг EBRD, FMO, ResponsAbility (Green Climate Partnership Fund) зэрэг гадны санхүүгийн байгууллагуудаас татсан. Эдгээр санхүүжилтийг сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ, дахин боловсруулалт, хог хаягдлын менежмент болон ногоон барилга байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын аж ахуйн нэгж,  иргэдэд бизнесийн болон хэрэглээний зээлийг тогтвортой олгож үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байна. Тухайлбал, 2021 онд GCPF болон FMO-гоос татсан эх үүсвэрээр хөдөө аж ахуй, зочлох үйлчилгээний салбар, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй харилцагч байгууллагуудад 19.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Олон улсын байгууллагууд сүүлийн жилүүдэд эх үүсвэр олгож буй байгууллагуудынхаа үндсэн бизнесийн ашигт ажиллагаанаас гадна тогтвортой санхүүжилтийн чиглэлээр юу хийж байна вэ гэдэгт онцгой анхаарч, шалгуур үзүүлэлт тавих болсон. Өөрөөр хэлбэл, Монгол шиг хөгжиж буй оронд санхүүгийн эх үүсвэр олгохдоо санхүүгийн болон санхүүгийн бус маш олон үзүүлэлтээр шалгаж, тухайн санхүүжилт авч буй байгууллага нь хэр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгааг чухалчилж үздэг болсон.

-Тухайлбал, ямар томоохон төслүүдийг хэрэгжүүлээд байна вэ?

-Тогтвортой санхүүжилтийн хүрээнд Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-наас Монгол Улсад тогтвортой эрчим хүчний хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “MONSEFF” төслийн зээлийг олгож эхэлсэн. Эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгох, хэмнэх, сэргээгдэх эрчим хүч болон ногоон эдийн засгийг дэмжих үндсэн зорилготой тус хөтөлбөрийн хүрээнд ХААН Банк 2015 оноос хойш нийт 24 харилцагчид 37,3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.  Өнөөдөр эдгээр бизнес эрхлэгчид хөнгөлөлттэй нөхцөлөөр ХААН Банкнаас санхүүжилт авч, бизнесээ өргөжүүлэн, дэлхийд гарах том зорилгоо биелүүлэхээр ажиллаж байгаад бид талархаж байна.

2021 онд ХААН Банк Швейцарь улсад төвтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани “ResponsАbility Investments AG”-ийн удирдаж буй хөрөнгө оруулалтын сан болох Дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан (ДУАХАС)-тай урт хугацааны зээлийн гэрээ байгуулж, нийт 5 сая ам.долларын санхүүжилт авсан. Үүнийг хүлэмжийн хийн ялгаруулалтыг хамгийн багадаа 20 хувь бууруулах эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүд болон сэргээгдэх эрчим хүчний төсөл, эко тээвэрлэлт, ногоон барилга байгууламж зэрэг чиглэлүүдийг санхүүжүүлэхэд зарцуулж байна. Энэхүү зээлийн хувьд харилцагчийн бизнес төсөлд хөндлөнгийн зөвлөх үйлчилгээний байгууллага дүгнэлт гарган, зөвлөмж өгч хамтран ажилладгаараа онцлог юм. Түүнчлэн 2021 оны 9-р сард Европын 5 хөгжлийн банк болон санхүүгийн байгууллагаас ХААН Банканд нийт 120 сая ам.долларын, 5-7 жилийн хугацаатай санхүүжилт олгосноос 20 сая ам.доллар нь ногоон зээлийг санхүүжүүлэхэд зарцуулагдаж байна.

– БОАЖЯ-тай хамтран хөнгөлөлттэй нөхцөлөөр “Ногоон зээл” бас олгодог байх аа?

– Тийм ээ. Өмнө дурдсанчлан гадаад эх үүсвэрээс буюу олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтээс гадна банкны өөрийн эх үүсвэрээр болон БОАЖЯ-тай хамтарсан хөтөлбөрүүдийн хүрээнд мөн “Ногоон зээл”-ийг санхүүжүүлж байна. Тухайлбал, 2019 оноос БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулах ногоон зээл”-ийн бүтээгдэхүүн гаргаж, гэр хорооллын айл өрхийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн 14 төрлийн зориулалтын дагуу 2-8 хувийн хүүтэй ногоон зээл олгосон. 2020 онд ХААН Банк ногоон бизнес эрхлэгч ААН, иргэдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэн зах зээл дэх бусад төрлийн бүтээгдэхүүнээс илүү таатай нөхцөл бүхий бизнесийн ногоон зээлийн шинэ бүтээгдэхүүнүүд гаргасан. Үүнд, ногоон эргэлтийн хөрөнгийн зээл, ногоон хөрөнгө оруулалтын зээл, ногоон санхүүгийн түрээс, ногоон бизнесийн зээлийн шугам, Тогтвортой ноос, ноолуурын нийлүүлэлтийг дэмжих ногоон зээлийг нэрлэж болно.

– Ногоон зээлийн амжилттай хэрэгжиж байгаа жишээ татахгүй юу?

Тогтвортой хөгжлийг цогцлооход санхүүгийн салбар чухал үүрэг гүйцэтгэж буй тул ХААН Банк энэ жил хийсэн брэндийн шинэчлэлдээ “Тогтвортой хөгжилд манлайлагч банк байна” гэж үнэт зүйл, стратегидээ тусгасан байгаа. Энэ ч үүднээс эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг санхүүжүүлэх зэргээр уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжсээр байна. Үүний нэг жишээ бол бид Монгол Улсын нарийн ногооны дотоодын хэрэгцээг хангах бүрэн автомат өвлийн хүлэмжийн төслийг ногоон зээлээр санхүүжүүллээ. “Төгс ургац” ХХК-ийн орчин үеийн, дэвшилтэт, ухаалаг технологитой голланд загварын бүрэн автоматжсан,  дөрвөн улирлын хүлэмжийн төсөлд 12 тэрбум төгрөгийн ногоон зээлийг таван жилийн хугацаатай, хамгийн тааламжтай нөхцөлөөр олгосон. Жилийн аль ч улиралд ургац авах боломжтой энэ хүлэмжийн төслийг санхүүжүүлснээр харилцагч өөрийн үйл ажиллагаандаа 24 хувийн эрчим хүчний хэмнэлт, нүүрсхүчлийн хийг 50 хүртэл хувиар бууруулах үр өгөөж гаргахаас гадна импортыг орлох, эрүүл, баталгаатай хүнс иргэдэд хүрэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Ногоон санхүүжилтийн хүрээнд бид эрчим хүч, усны хэмнэлт бүхий дулаан алдагдал багатай ногоон барилга барих болон “хуучин” барилгын дулаан алдагдлыг бууруулах үйл ажиллагааг санхүүжүүлж байна. Дулаан алдагдлыг бууруулах нь эрчим хүчний үр ашиггүй хэрэглээ, зардлыг багасгах хамгийн зөв шийдэл гэж бид үзэж байгаа. Өнгөрсөн онд хуучны барилгыг сэргээн засварлаж, дулаан алдагдлыг бууруулах томоохон төслийг бид ногоон зээлээр санхүүжүүлсэн бөгөөд мэргэжлийн эрчим хүчний үнэлгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж, харилцагчид зөвлөж ажилласан. Үүний хүрээнд тус барилгын хувьд өмнөхтэй харьцуулахад 23.8 хувиар илүү эрчим хүчний хэмнэлт гаргах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Аливаа ногоон технологийн анхны санхүүжилт хэдий өндөр байдаг ч урт хугацаанд ашиглалтын зардал буурч, үр ашиг нэмэгдэж, эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, тав тух бүрддэг зэрэг маш олон давуу талтай гэдгийг онцолмоор байна.

Мөн өнгөрсөн онд манай банкны хувьд IPC олон улсын зөвлөх үйлчилгээний компанитай хамтран ХААН Банкны хэрэглээний ногоон зээлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох чиглэлээр зөвлөх үйлчилгээ авч эхэлсэн. Иргэдийн түгээмэл худалдан авдаг олон төрлийн цахилгаан хэрэгсэл, төхөөрөмжүүдийг ногоон зээлээр санхүүжүүлэх боломжтой байдаг боловч нэгж зээл бүрийн үр нөлөөг тооцоолохын тулд урьдчилан аль технологийг ногоон ангилалд оруулах, аль технологи эрчим хүч болон усны хэмнэлтийг илүү өндөр зэргээр гаргах боломжтойг судлах шаардлага үүсдэг. Үүн дээр манай банк мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. Тус хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн түгээмэл хэрэглэдэг цахилгаан хэрэгслээс эрчим хүч, усны хэмнэлттэйг нь сонгон худалдаж авах, өрхийн хэрэглээний сэргээгдэх эрчим хүчний технологиудыг худалдан авч, суурилуулсан тохиолдолд манай банкны ногоон зээлд хамрагдах боломжтой болж байгаа.

-Цаашдаа ХААН Банк ногоон санхүүжилтийн чиглэлээр ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Өнгөрсөн онд манай банк өөрийн ногоон зээлийн үйл ажиллагаа, зээл олгох чадамж болон ногоон зээлийн зах зээлийн боломж нөөцийг тодорхойлуулах зорилгоор Германы зөвлөх үйлчилгээний компаниар үнэлгээ хийлгүүлэн сайжруулах чиглэлүүдээ тодорхойлуулсан. Цаашид ХААН Банк Тогтвортой санхүүжилтийг бүрэн хэрэгжүүлэхэд банкны үйл ажиллагаа, бодлого журамд байгаль орчин, нийгэм, засаглалтай (ESG) холбоотой эрсдэлүүдийг таних, бууруулах арга хэмжээнүүдийг тодорхойлох, хэрэгжүүлэх, үнэлүүлэх шаардлага үүсэж байна. Үүнтэй холбоотойгоор Олон улсын зээлжих зэрэглэлийн агентлагууд болон үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхээр төлөвлөж байна. Мөн энэ оны 3-р сарын 29-30-нд зохион байгуулагдсан “Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган”-ы үеэр Монгол Улсын Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлаас бүрдсэн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл "Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг"-ийг баталсан. Уг замын зургийг баталснаар 2030 он гэхэд ногоон зээлийн хэмжээг банкны салбарт 10 хувьд хүргэх, цаашлаад Монгол Улсыг бүс нутагтаа тогтвортой санхүүжилтийн мэдлэг, манлайллын төв болгох зорилт дэвшүүлсэн. ХААН Банкны хувьд энэ зорилтод хүрэх бүрэн боломж, нөөц бололцоо бий  гэж харж байна. Дунд хугацаандаа буюу 2025 он гэхэд бид зээлдэгчийн уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх үр нөлөө, түүнд авсан арга хэмжээний үр ашгийг бие даан хэмжих, банкны өөрийн багцад эзлэх ногоон зээлийн багцыг хамгийн багадаа 10 хувьд хүргэхээр төлөвлөөд байна. Үүний тулд бид Ногоон зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх, орон нутгийн онцлогийг харгалзан ногоон зээлийн бүсчилсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, тогтвортой санхүүжилт, ногоон зээлийн ойлголтыг бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд гээд өргөн цар хүрээг хамруулж, таниулахаас гадна байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийн үнэлгээний тогтолцоог илүү сайжруулж ажиллах чиглэлд онцгой анхаарал хандуулж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж