Эрхүү мужтай хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байна

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Эрхүү мужтай хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байна

Эрхүү мужид Монгол-Оросын олон улсын эрдэм шинжилгээний хурал болж өнгөрсөн ба салбарын мэргэжилтнүүд салбар бүрийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр, мөн ирээдүйтэй шинэ чиглэлүүдийг тодорхойлон ярилцав.

– Өнгөрсөн жил бид манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болон манай бүс нутаг дахь хамгийн ууган дипломат төлөөлөгчийн газар болох Монгол Улсын Эрхүү хот дахь Ерөнхий консулын газар нээгдсэний 50 жилийн ойг тэмдэглэсэн билээ. Монгол Улс нь Ангарын бүс нутгийн эртний стратегийн түнш бөгөөд бид Монгол Улстай худалдаа, эдийн засгийн болон сайн хөршийн харилцааг хөгжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг гэж Эрхүү мужийн амбан захирагч Игорь Кобзев чуулганы нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.

Тэрээр 2021 онд Монгол Улстай хийсэн худалдааны эргэлт бараг 85 сая ам.долларт хүрч, талууд оюутан болон эрдэмтэд байнга солилцож, 2021 оны 11 дүгээр сард Эрхүүгийн Улсын Их Сургуулийг түшиглэн хоёр талын боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчны хамтын ажиллагааг дэмжих Монгол-Оросын нөөцийн төв нээгдсэнийг онцлов.

Монгол Улсаас Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал хоёр талын харилцааны түүхийг сөхөн, тэр дундаа ЗСБНХУ нэгэн үед Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, хөрш орны хөгжилд үнэлж баршгүй тусламж үзүүлснийг онцлов.

«Өдгөө бидний харилцаа стратегийн түншлэлийн шинэ шатанд гарч байгаа ба Эрхүү муж нь манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол гүүр болж өгдөг юм. Тухайлбал, Монгол-Оросын худалдааны эргэлтэд Эрхүү муж 60 хувийг эзэлж байна. Түүнчлэн Монголын олон иргэд Эрхүү хотын их дээд сургуулиудыг төгсөж, өдгөө манай орны өнцөг булан бүрт амжилттай ажиллаж байна. Орос Улс нь бидний эртний, найдвартай түнш бөгөөд бид хамтын ажиллагаагаа цаашид ч үр дүнтэй хөгжүүлнэ гэж найдаж байна» хэмээн Ерөнхий консул хэлэв.

ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын дарга, академич Валентин Пармон хоёр талын эдийн засаг, геологи, экологи, хүмүүнлэг, аж үйлдвэрийн салбаруудад хамтран ажиллах боломжуудад анхаарлаа хандуулав.

Эрдэм шинжилгээний хуралд МУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Монголын анхны сансрын нисгэгч, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа болон манай хоёр орны бусад олон эрдэмтэн судлаачид оролцон, илтгэл тавилаа.

Мөн түүнчлэн Эрхүү мужийн амбан захирагч болон бүс нутгийн Засгийн газрын төлөөлөгчид Монгол Улсаас Эрхүү хотод суугаа Ерөнхий консултай болон эрдэм шинжилгээний хуралд оролцогчидтой уулзаж, агаарын тээвэр, хөдөө аж ахуй, эмийн үйлдвэр болон бусад салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх асуудлуудыг хэлэлцэв.

– Хоёр талдаа ашигтай хамтын ажиллагааны ирээдүйтэй салбарууд ихээхэн сонирхол татаж байна. Энэ нь юуны түрүүнд эрчим хүчний салбарт хамаатай. Боловсруулах үйлдвэрүүд ба дэд бүтэц барьж байгуулах төслүүд бас бий. Шинжлэх ухааны дипломат ажиллагаа нь гадаад эдийн засгийн харилцааны үндэс болох ёстой хэмээн Игорь Кобзев онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Эрхүү мужийн засгийн газар

ИрГУПС Монголын сурагчдыг их сургуульд суралцахад нь бэлтгэж байна

Эрхүүгийн Улсын Тээврийн Их Сургууль (ИрГУПС) нь Монголын орос хэлний сургалттай ерөнхий боловсролын дунд сургуулиудын төгсөх ангийн сурагчдад ирээдүйн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох журмаар сургалтын ажил зохион байгуулж байгаа тухай тус Их сургуулийн хэвлэлийн албанаас мэдээлэв.

Хичээлүүд орос хэлийг гадаад хэлнийх нь хувьд сурах боломжтой Зайн сургалтын төвийг түшиглэн Улаанбаатар хот дахь ИрГУПС-ийн салбар дээр явагдаж байна. Ийм сургалтыг эхлүүлэх шаардлагатай юм байна гэсэн шийдвэрийг Эрхүү мужийн Ректоруудын зөвлөлийн төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнгээр гаргажээ.

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Монголын хүүхэд залуучуудын ИрГУПС-д элсэн суралцах сонирхлыг нь өдөөхөд орших ба Улаанбаатар төмөр замын дагуу байрлах орос хэлний сургалттай ерөнхий боловсролын есөн сургуулийн сурагчдад орос хэлний хичээл заах хэлбэрээр хэрэгжинэ. УБТЗ нь эдгээр сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Орос хэлний хичээл долоо хоног бүр цахимаар явагддаг ба хичээлийг шилдэг багш нар зааж байгаа. Мөн сурагчдад их сургуулийн амьдралын тухай ярьж өгдөг ба хүүхдүүд хичээлээс гадна урлаг, спортоор идэвхтэй хичээллэх боломжтой. Түүнчлэн хичээлийн байранд хэвлэл мэдээллийн төв ажилладаг ба оюутнууд сэтгүүл зүйн буюу блог хөтлөх чиглэлээр хүчээ сорих боломжтой.

Хоёр сарын хугацаанд 27 орчим хичээл заасан ба сургууль тус бүрд 60 минутыг ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход, 45 минутыг орос хэлний хичээлд зориулав.

Монголын сургуулиудын захиргаанаас хичээл орж эхэлсний дараагаас хүүхэд залуучууд Эрхүүгийн Тээврийн Их Сургуульд эзэмшиж болох мэргэжлүүдийн талаар ихэд сонирхож, олонх нь өөрсдийгөө тус их сургуулийн оюутнаар төсөөлөх болсныг тэмдэглэжээ.

Одоогийн байдлаар ИрГУПС-д 100 орчим монгол оюутан суралцаж байна.

Эх сурвалж: Эрхүүгийн Улсын Тээврийн Их Сургууль

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж