Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Залуус үнийн өсөлтийн эсрэг жагссан. Танай Засгийн газар тодорхой арга хэмжээ авахаа илэрхийлсэн. Гэхдээ энэ жагсаалын ард эрх баригчид өөрсдөө байсан гэх хардлага байна?
-Үзэл бодлоо илэрхийлж, санал шүүмжилж болно. Гол нь жагсаал цуглаан тайван хэлбэртэй явагдах ёстой. Сүүлийн үед сошиалаар дамжсан шинэ маягийн жагсаал цуглаан хийдэг болсон. Жишээ нь, ноднин жилийн “No naadam” гэх мэт. Зөвхөн манайд ч биш гадна талд иймэрхүү жагсаал болж байгаа. Амьдралын нөхцөл байдал хүнд байгаа гэдэг нь үнэн шүү дээ. Цар тахалд хоёр жил даруулчихсан, араас нь дэлхийн улс төрийн нөхцөл байдал хүнд болчихсон, хаа сайгүй хүмүүсийн амьдрал төвөгтэй байна.
Энэ нөхцөлд яаж гал алдахгүй цаашаа явах уу, дотроо амар тайван байх уу гэдэг чухал. Залуусын тавьсан “амьдрал хүнд байна, ажил төрлөө сайн хий” гэх шаардлага нь буруу биш. Засгийн газар Covid-19-ийн 2-3 жилийн хугацаанд чадах бүхнээ хийж байна. Нарийндаа бол боломжийнхоо 30 хувиар хөдөлж байна. Өдөрт 1500 машин нүүрс гардаг байсан бол Гашуунсухайт дээр өдөрт зуу дотор эргэлдэг болсон. Нөгөө талаас хил хаалттай, улсын хэрэглээ асар өндөр болчихсон. Ийм үед хоёр жил гаруй монголчууд өөрийнхөө чадавхаар амьдарч байна. Энэ бол асар их сорилт. 1990 онд бүх юм бужигнаад гуравхан сарын дотор картын бараанд орчихсон. Тэр үед би дэд сайд байсан үе л дээ.
Нэг талаас Монголын эдийн засгийн чадавхийн шалгуур энд харагдаж байна. Ямар ч байсан их хүндэрлээ гэхэд лангуу бараагаар дүүрэн, талх тариа тасрахгүй байна. Хүмүүсийн бухимдал, үнийн өсөлт айхтар байна шүү дээ. Биднээс хамаарч байгаа юм байгаа л байх. Хамгийн гол нь гадна талдаа асар их үнийн хөөрөгдөлтэй байгаа. Тэр өсөлтийн нөлөө манайд орж ирнэ. Жагсаал цуглаан хийж буй залуус цаанаа муу санаагүй байгаа гэдэгт би зуун хувь итгэлтэй байна. Засаг төрд хэлэх ёстой үгээ хэлж байна. Үүнд хүлээцтэй хандах ёстой.
ХҮНД ХЭЦҮҮ НӨХЦӨЛД ЦААШДАА ТАЛХ ТАРИАТАЙ, ШАТАХУУНЫ ХОМСДОЛД ОРОХГҮЙ БАЙХ ЧУХАЛ
-Засгийн газраас өргөн барьж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлах хуулийн төслийг та хэрхэн харж байна вэ. Өмнөх үнэ тогтворжуулах хөтөлбөрийн алдааг давтах вий гэдэг шүүмжлэл байна. Үнийг хүчээр барьж чадах уу?
-Үнэнийг хэлэхэд арга ядсан санал. Мах, гурил, шатахуун гурав дээр хомсдол үүсгэхгүй байх асуудал шүү дээ. Энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст бага зэрэг орон зай гаргаж өгөх, гал алдахгүй байх санал. Манай улсын эдийн засгийн ерөнхий чадавх гэж бий. Өөрөөр хэлбэл, 16 их наядын орлоготой, 18 их наядын зарлагатай айл байхгүй юу. Ийм хэмжээнд Монгол Улс эргэлдэж чаддаг. Нөгөө талаас халамжийн зардал асар өндөр. Цагаан сараар тэтгэврийг 500 мянган төгрөг хүргэсэн. Үүнд жилийн зардалд 670 гаруй тэрбум төгрөг гарч байгаа. Нөгөө 16 их наядын нэг тэрбум гэсэн үг шүү дээ. Энэ хойноосоо юу чирэх вэ гэхээр ирэх жил хөрөнгө оруулалтын зардлаас танана. Ийм харилцан уялдаатай байдаг. Үүнийг бодож хүнд хэцүү нөхцөлд яаж цаашдаа эвтэй байх, талх тариатай, шатахууны хомсдол орохгүй байх л чухал.
Ерөнхий дэлхий дахинд үүссэн нөхцөл байдал маш хүнд байна. 1900-аад оны эхээр дэлхийн нэгдүгээр дайн болсон. Дайны дараа хойд талд Октябрын хувьсгал ялсан. Тэр хувьсгалын дараа жил испани ханиад гарсан. Одоогийнхоор бол covid-19 гэсэн үг. 100 сая хүн нас барсан өвчин шүү дээ. Түүнээс хойш яг зуун жилийн дараа цар тахал гараад дуусмагц, дэлхийн хурцадмал байдал үүсчихлээ. Энэ бол ер бусын хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байгаа. Энэ дунд бид эвээ олж амьдрах шаардлага гарлаа. Давхар цохилттой байдал зуун жилийн хугацаанд дэлхийн түвшинд хоёр дахь удаа давтагдаж байна.
-Жагсаал цуглаан болоход иргэн цагдаа хоёр үл ойлголцдог асуудал байсаар байна. Жагсаалын үеэр цагдаа иргэнийг чирээд өшиглөж байгаа дүр зураг гарсан. Тэгэхээр иргэн цагдаа хоёр яагаад ийм байдалд ороод байна вэ?
-Ер нь жагсаал цуглаан болоход асуудал үүсчих гээд байдаг тал бий. Нэгдүгээрт, жагсч буй иргэд тайван байх ёстой. Нөгөө талдаа цагдаа нар иргэдтэй аль болох зууралдахгүй ажлаа хийх ёстой. Аль аль талдаа жаахан хүлээцтэй байх ёстой. Жагсаал болох орой би албаныханд энэ талаар сануулсан.
Холбоотой мэдээ