ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ МОНГОЛ: Жилд 1000 хүүхэд нас бардаг

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ МОНГОЛ: Жилд 1000 хүүхэд нас бардаг

ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ МОНГОЛ: Жилд 1000 хүүхэд нас бардаг

Монгол Улс нийт гурван сая 409 мянга 939 хүн амтай.  Эдгээрээс 0-18 насны хүүхэд нэг сая 272 мянга 856 бий. Харамсалтай нь,  хүн амын 37.3 хувийг эзэлдэг хүүхдүүдээ асран хамгаалагчийн хэнэггүй байдал, ээлгүй хотын бүтээн байгуулалтаас, төрийн авлига, хариуцлагагүй бодлого шийдвэрээс  шалтгаалж жилд нийт 45-50 мянган хүүхэд гэмтэл бэртэл авч, 1000-1500 нь осол болон бусад шалтгаанаар нас бардаг аж.  Тиймээс хүүхэд эндэж, бэртэж байгаа гол шалтгаан юунаас болж буйг статистикаар хүргэе.

Хүүхдийг насны бүлгээр нь авч үзвэл сүүлийн гурван жилд 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурсан бол 5-14 насныхны нас баралт өсчээ. Жишээ нь, сүүлийн гурван жилийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 1817 хүүхэд гэмтэж, 166 хүүхэд нас барсан байна. 

Хүүхдийн бэртэл гэмтэх болон нас баралтын шалтгаан болж байгаа ослыг авч үзвэл:

  • Зам тээврийн осол
  • Мориноос унах
  • Амьгүй механик хүчинд өртөх буюу кран, хүнд, том оврын хэрэгсэлд даруулах
  • Хүчирхийлэлд өртөх
  • Нохойд хазуулах
  • Усанд живэх
  • Түлэгдэх
  • Өндрөөс унах
  • Амиа хорлох зэрэг шалтгаан жагсаалтыг тэргүүлж байна.

Эдгээр шалтгаанаас үүдэж жилд 50 мянган хүүхэд биеийн болоод сэтгэлийн шарх авч, бэртэж гэмтэнэ гэдэг бол гурван сая хүн амтай Монгол Улсад харамсалтай үзүүлэлт. Өвчлөл болоод төрөлтийн эндэгдлийн нас баралт их биш атал хүрээлэн байгаа орчин, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байдлаас болж ийнхүү хүүхдүүд бэртэж, нас барсаар байгаа нь хэний буруу вэ?

Гэмтэл согог судлалын жил тутам гаргадаг “Осол гэмтлийн тандалтын тайлан”-д тусгаснаар Монгол Улсын хэмжээнд гэмтсэн гурван хүн тутмын нэг нь 0-15 насны хүүхэд байдаг.

Осол гэмтлийн шалтгаант нас баралт ГССҮТ-д 2020-2021 оны нэг жилийн хугацаанд 2920 бүртгэгдсэн бөгөөд үүнээс 375 нь 0-19 насны хүүхэд байжээ. Хүүхдийн нас барж буй шалтгааныг насны бүлгээр нь авч үзвэл:

0-4 насныхан- амьсгал боогдох 55

  • Зам тээврийн осол-30
  • Түлэгдэлт-25
  • Усанд живэх-25
  • Уналт-11

5-9 насныхан- зам тээврийн осол 12

  • Усанд живэх-11
  • Түлэгдэлт-8
  • Уналт-5
  • Хордох-4

10-14 насныхан- амиа хорлох 11

  • Зам тээврийн осол-10
  • Усанд живэх-6
  • Амьгүй механик хүчинд өртөх-5
  • Түлэгдэлт-2

15-19 насныхан- амиа хорлох 42

  • Зам тээврийн осол-25
  • Хордох-12
  • Усанд живэх-6
  • Хүчирхийлэл-5

Энэ бол ГССҮТ-д тусламж авахаар ирээд нас барсан хүүхдийн тоо. Үүнээс гадна яаралтай тусламж авч чадаагүй эндсэн болон орон нутагт эрүүл мэндийн тусламж авсан хүүхэд олон бий. Хүүхдийн бэртэж гэмтсэн ослын тодорхой хувийг мөн хүчирхийллийн шалтгаант осол эзэлдэг байна.

Тодруулбал, хүчирхийллийн шалтгаант өвчлөл жилд 1719 мянга гаруй бүртгэгддэг нь нийт осол гэмтлийн 15 орчим хувийг эзэлж байгаа юм. Эдгээрээс 500-650 орчим  буюу 4.5-6.5 хувь нь 0-15 насны хүүхэд байна.

Гэр хороолол, сургууль орчмын бүсэд хурдаа тохируулдаггүй жолооч, гэнэтийн онд  эвдрэл гэмтэл, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянадаггүй барилгын компаниудаас болж хүүхэд хүнд бэртэх, нас барах тохиолдол хамгийн их гардаг. Мөн жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг баяр наадмын хурдан морины сунгаанаас болж олон мянган хүүхдийн эрх зөрчигдөж байна.

Энэ бүхэнд хамаарах эзэн холбогдогчоос гадна асран хамгаалагч, эцэг эхийн анхаарал, сэрэмж, хариуцлагатай байдал хамгийн чухал. Тиймээс та бүхэнд хэд хэдэн кейсийг сануулъя.

  • 2018 оны зургадугаар сар. 11 настай хүү тоглоомын талбайд хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан

Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч хүү хөлбөмбөгийн хаалганд даруулснаас амиа алдсан. Тэр хавьд сургуулийн талбайгаас өөр тоглох таатай орчин байхгүй тул хүүхдүүд ихэвчлэн тэнд өдрийг өнгөрүүлдэг байсан аж. Хүү төмөр шонгоос нь барьж, бөмбөг өшиглөх үед хаалга дээрээс нь унасан гэж түүнтэй тоглож байсан хүүхдүүд хэлсэн байдаг.

  • 2019 оны зургадугаар сар. Есөн настай хүү тогонд цохиулж амиа алдсан.

2019 онд Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр төв’-ийн хажууд тоглож явсан есөн настай хүү “Эко шинэс” эмийн сангийн хаалганы төмрөөс барьснаас, тогонд цохиулан харамсалтайгаар амиа алдсан байдаг.

  • 2019 оны зургадугаар сар. 11 настай хүү компанийн тогтоол усанд осолдсон.

2019 онд Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн шинэ эцсийн ойролцоох тогтоол усанд хүүхдүүд усанд шумбахаар гүйж ороод нас барсан.

  • 2020 он. Барилга дээр ажиллаж байсан 17 настай хүү өндрөөс унаж нас барсан.

Цахилгаанчны туслах ажилтай, эрэгтэй, 17 настай Д нь вагончигаас цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхрын хамгаалалтгүй лифтний хонгил руу унаж амиа алдсан осол 2020 онд гарсан.

  • 2020 он. 8-12 насны дөрвөн хүүхэд халианд живж амиа алдсан

Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд 8-12 насны дөрвөн хүүхэд тоглож байхдаа осолдож, харамсалтайгаар амь насаа алдсан байдаг:

Ийнхүү цаг бусаар өөд болж буй хүүхдийн тоо, харамсалтай хэргүүдээс харахад томчууд бид нар улам хариуцлагатай байх ёстойг сануулсаар байна. Гэсэн ч жил бүр ослоос шалтгаалсан хүүхдийн нас баралт, гэмтэх бэртэх тохиолдол огт буурахгүй байгаа юм.

Одоогоос 10 жилийн өмнө Тэнгис кино театрын урд талд баригдаж байсан барилгаас  төмөр унаж, оюутан залуу амиа алдсан байдаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт экскаватор 12 настай хүүг дайрч, хүүхэд эмнэлгийн тусламж авч чадахгүй нас барсан. Энэ мэт жил ирэх бүрд нийслэлд бүтээн байгуулалтууд нэмэгдэж, Улаанбаатар хот өнгөө засч байгаа ч нөгөө л осол аваарын тоо буурахгүй байгаа нь харамсалтай. Хүүхдүүд өглөө хичээлдээ яваад орой эргэж ирэхгүй байх эрсдэлтэй нөхцөлд Улаанбаатарын амьдрал үргэлжилж байна. Тиймээс эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нийслэлээс хангаж өгөхөд анхаарах хэрэгтэй. Мянга мянган хүүхдийн амь нас долоон хоногийн дуулиан болох ёсгүй. Ээлгүй хотын балгаар хүүхдүүд амьдрах эрхээ ч эдэлж чадахгүй байсаар байх уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж