Төрийн албаны машины дугаарыг өнгөөр ялгая!

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Төрийн албаны машины дугаарыг өнгөөр ялгая!

Төрийн албаны машины дугаарыг өнгөөр ялгая!

Төрийн байгууллагын эзэмшилд УБУ, УБҮ, УНҮ, УНО, УБӨ, УБЗ, УБЧ гэх мэт улсын дугаарууд багтдаг. Тиймдээ ч дээрх серийн дугаартай автомашиныг зөвхөн дарга нар унадаг байсан үе саяхан. Энэ нь ч иргэдэд “Засгийн газрын автомашин байна, УИХ-ын дарга, гишүүн, сайд, дарна нар явж байна” гэх  ойлголтыг өгдөг байв. Удалгүй жирийн иргэд ч УБЗ-ээр гангарч, эрх мэдэлтнүүд бусдаас ялгарахааргүй дугаартай автомашин унадаг болсон. Ерөнхийдөө энэ нь иргэдийг “Хэн гэдэг дарга нь ийм автомашин аваад уначихав аа” гэж хардах эрхгүй болгосон гэхэд хилсдэхгүй. Үүний үр дүнд хэн дуртай нь төрийн мөнгөөр өндөр үнэтэй машин унаж, эхнэр хүүхдээ эрхлүүлэхдээ ичиж эмээхгүй болгосон юм. 

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа төрийн албанд том оврын жийп хэрэглэхийг хязгаарлахыг үүрэгдсэн. Гэвч Монголын хууль гурав хоног гэгчээр тэр шийдвэр  мартагдсан.

Одоогийн байдлаар яам, агентлаг, УИХ-ын харьяа байгууллагуудад 793 суудлын автомашин байна. Үүнээс 157 жийп буюу том оврын машин, 25 нь дунд гарын жийп, 556 нь суудлын автомашин байна. Эдгээрийн граж шатахуун, сэлбэг хэрэгсэл жолоочийн цалин гэх мэт зардалд 11 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн албан бус тоо байна.

Эргэн сануулахад, 2018 онд  Засгийн газраас төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд унаж болохгүйг анхааруулсан ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг 2019 оны гэнэтийн шалгалт илчилж орхисон. Учир нь, Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн албатай хамтран  2019 оны арваннэгдүгээр сард “Орчлон”, Нэгдүгээр сургууль, Орос 3, Бритиш, Американ зэрэг нэр бүхий таван сургуульд гэнэтийн шалгалт хийхэд төрийн 28 байгууллага шалгалтад бүдэрсэн юм. Тодруулбал, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,Улсын Ерөнхий прокурорын газар,  Гаалийн ерөнхий газар, “Улаанбаатар дулааны станц” ТӨХК-ийн нэр дээр бүртгэлтэй автомашинуудаар хүүхдээ сургуульд нь хүргэсэн нь баригдаж байлаа. 

Цагдаа, түргэний машин, таксины дугаарыг бусдаас ялгахын тулд улсын дугаарыг нь өөр өнгөөр тодорхойлох, маяактай зорчдог. Хэн нэгэн тийм содон машин унаад хүүхдээ сургуульд хүргэх юм бол захын хүн гар утсаараа зургийг нь дараад постолж орхино биз дээ. Тэгэхээр төрийн албаны хурган дарга нар болоод төрийн өндөр дээд албан тушаалтнуудын албандаа унадаг автомашиныг ч амин хувийнх нь машинаас ялгах шаардлагатай болжээ.  Хоёр жилийн өмнө  ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж том жипээр хотын төвөөр давхиж явахдаа ус цацан иргэдийг бухимдуулж байсан. Машиных нь дугаараар хөөхөд Засгийн газрын авто баазынх, мөн торгуулиа төлөөгүй болох нь илэрч байлаа

Энэ мэтээс харахад төрийн албаны машинуудын улсын дугаарын дэвсгэрийг өөр өнгөтэй болгох эсвэл тусгай дугаартай болгох хэрэгтэй. Ингэснээр дэлгүүр, шөнө орой баарны гадаа зогсох, улсын унаагаар хүүхдээ сургуульд хүргэх гэх мэт зөрчлүүд алга болох боломжтой. 

Төрийн албанд үйлчилнэ гэдэг татвар төлөгчдийн мөнгөөр үйлчилж байна гэсэн үг. Тиймээс хувь хувьсгал хоёрын заагаа ялгаж сурах ёстой. Ийм бүдүүлэг соёлоос гарах цаг нь болжээ. Зарим орны хувьд төрийн алба хаагч ёс зүйгүй байна гэдэг нь улс орны гадаад имижид хүртэл нөлөөлөхөөр том асуудал. 2016 онд Токио хотын Засаг дарга хувийн зуслан руугаа төрийн албаны машинаар явсан учраас албан тушаалаасаа бууж байсан юм.

МАШИНЫ ДУГААР ӨӨРЧЛӨХ "ТОМ" БИЗНЕС СУРАГ АЛДРАВ

2019 онд Зам тээврийн хөгжлийн яам болон Авто тээврийн үндэсний төв  хамтран  тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэн солих асуудал яригдаж байв. Өөрөөр хэлбэл, автомашины улсын дугаар  дөрвөн тоо, гурван үсэг байдаг бол  гурван үсэг, гурван тоо байхаар өөрчлөх талаар хэлэлцэгдэж байгаад таг болсон. 

Тухайн үед энэ талаар АТҮТ мэдээлэхдээ “Монгол Улс УБЯ, УБН гэх мэт дугаарын тэмдэглэгээг хэрэглэдэг. Гэвч хил даваад явахаар зарим үсгийг таньдаг улс байдаггүй. Жишээлбэл, “Ж” үсгийг ганцхан оросууд л мэддэг. ЗТХЯ-аас үүрэг чиглэл өгвөл  хуучин хэрэглэж байсан дугаарын үсгийг 11 латин үсгийн тэмдэгтэд багтаан өөрчилнө. Дугаарын хэмжээ, өнгө будгийн хувьд өөрчлөлт орохгүй. Мөн тээврийн хэрэгслийн дугаарыг солиход одоо хэрэгжиж байгаа улсын дугаар олгох журамд заасан төлбөр хураамжийг авахаас өөр нэмэлт төлбөр авахгүй. Шинээр дугаар номер авахад болон шилжилт хөдөлгөөн хийхэд автомашины улсын дугаарын стандартын өөрчлөлтийг хийнэ” гэж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж