Сургуулийн өгч чадаагүй мэдлэгийг сургалтын төвөөс авч байна

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Сургуулийн өгч чадаагүй мэдлэгийг сургалтын төвөөс авч байна

Сургуулийн өгч чадаагүй мэдлэгийг сургалтын төвөөс авч байна

Хичээлийн жилийн сүүлийн улирал өчигдөр/2022.04.11/ албан ёсоор эхлэв. Долоо хоног амарсан сурагчид одоо улсын, анги дэвших, элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-аа амжилттай өгөх амаргүй даалгавартай. Амаргүй гэдгийн учир тэд сүүлийн хоёр жил цар тахлын улмаас танхимын мэдлэгийг цахимаар авч, хичээлээ телевиз, компьютерээр үзсэн.

Тиймээс их сурагчдын дунд их багагүй хоцрогдол үүссэн. Мэрийлттэй, боломжтой сурагч бие даан үүнийгээ нөхөх, сэдвээ үзэж болох ч бүгд тийм биш.

"ХҮҮХДҮҮДИЙН ХОЦРОГДОЛ ИХ БАЙНА"

Плехановын сургуулийн сурагч Г.Энхболдын хувьд энэ жил төгсөх анги бөгөөд хими, биологиор ЭЕШ өгч, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд орох хүсэлтэй аж. Түүний хувьд цахим хичээл үр дүн муутай гэхээсээ илүүтэй бие даан суралцах чадварыг шаардсан гэнэ. Танхимын хичээл багшаасаа мэдэхгүй, ойлгохгүй зүйлээ тэр дор нь асуух боломжийг олгодог аж. Тэрбээр “Цахим хичээлийн хугацаа дуусвал номоо уншихаас өөр аргагүй байсан. Есдүгээр сараас хойш сургалтад суулаа. Хоцрогдолтой байсан одоо л гайгүй болж байна” гэлээ.

Г.Энхболд “Мэдлэг боловсролын академи”-ийн сургалтад суудаг. Анх англи хэл, математикийн сургалт явуулдаг байсан тус сургалтын төв өдгөө англи хэл, математик, хими, биологи, физик, нийгмийн ухаан зэрэг хичээлүүдээр давтлага өгч, хоцрогдол арилгах гэнэ.

Долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй энэхүү академийн сургалтын менежер Б.Баярцэцэг ярихдаа “Хүүхдүүдийн хоцрогдол их байна. Төгсөх анги гэж байгаа боловч сурлагын түвшин муу, өмнөх ангиудынхаа мэдлэгийг бүрэн эзэмшээгүй сурагчид байна. Тиймээс манайх жилийн хөтөлбөрт сурагчдаа хамруулж байгаа. Хоцрогдол арилгах, ЭЕШ-д бэлдэх, мартсан, ойлгоогүй зүйлсийг нь эргэн сануулах зэрэг дээр анхаарч байна” гэв.

Г.Баярцэцэгийн хэлж буйгаар математик, англи хэл, нийгмийн ухаан зэрэг хичээлүүдийн давтлагад сурагчид их хамрагдаж байгаа гэлээ. “Мэдлэг боловсролын академи”-ийн нэг хичээлийн нэг сарын танхимын сургалтын төлбөр нь 180 мянган төгрөг. Долоо хоногт гурван удаа 45 минутаар хоёр цаг хичээллэдэг. Угтаа өнгөрсөн жил нэг хичээлийн нэг сарын танхимын сургалт 150 мянган төгрөг байжээ.

"МЭРГЭЖЛЭЭ ХАРААХАН СОНГООГҮЙ Л БАЙНА"

Ж.Туяа мөн хүссэн сургуульдаа орохын тулд сургалтад сууж байгаатай таарав. Тэрбээр 15 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагч бөгөөд математик, англи хэлээр ЭЕШ өгч, МУИС-д элсэхээр хичээж байгаа аж.

“Мэргэжлээ хараахан сонгоогүй л байна. Тулгуур хоёр хичээлээр ЭЕШ өгөх бодолтой байна. Ер нь МУИС-д элсэх зорилготой. Энэ сургалтын төвд нэгдүгээр сарын сүүлээр элссэн. Одоо бараг гурван сар болж байна” гэж Ж.Туяа ярив.

Ерөнхийдөө төгсөх ангийн сурагчдын тухайд мэргэжлээ сонгоно гэдэг тун ярвигтай асуудал. Амьдралынх нь хамгийн чухал энэхүү шийдвэрт тал талын хүчин зүйлс нөлөөлнө. Тухайлбал, өөрийнх нь хүсэл сонирхол, багш, эцэг эхийн гуйлт ятгалга, зах зээлийн эрэлт хэрэгцээ нөлөөлдөг. Ж.Туяа шиг мэргэжлээ хараахан сонгоогүй сурагчид Монгол орны өнцөг булан бүрт бий. Мэргэжлээ сонгоогүйгээсээ болж ямар хичээлээр ЭЕШ өгөхөө мэдэхгүй, төөрч будилж яваа нэгэн ч байгаа. Тэрбээр “Цахим хичээл үр дүнгүй байсан. Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх  боломж байлаа. Миний хувьд хоцрогдолтой байсан. Дэлгэцийн өмнө суугаад юм хуулж бичих маягтай л сурсан” гэлээ.

Харин 50 дугаар сургуулийн 12Г ангийн сурагч Б.Эмүжингийн хувьд мэргэжлээ аль хэдийнэ сонгочихсон. Тэрбээр СУИС-д элсэх хүсэлтэй бөгөөд үүнийхээ тулд нийгмийн ухаан, англи хэл, монгол хэл зэрэг хичээлүүдээр ЭЕШ өгөх гэнэ.

"Суурь мэдлэг сайтай сурагчид хичээлийн хоцрогдолд харьцангуй бага өртөж байна"

Сургалтын төвд таван сар суралцаж буй түүний хэлснээр цахим хичээлийн хүртээмж зууны 40 хувьтай байжээ. Учир нь хүмүүсийн хоорондын амьд харилцаа, орчин, практик-онолын хослол гэдэг зүйлс танхимд илүү хүрдэг аж.

ЭЕШ, АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТ, УЛСЫН ШАЛТГАЛТАД БЭЛДЭХ ХҮСЭЛТЭЙ СУРАГЧИД БАЙНА

Жил бүр сурагчид математикийн хичээлээр зонхилон ЭЕШ өгдөг. Ихэнхи мэргэжлийн суурь хичээл нь математик. Тиймээс ч энэ хичээлийн хоцрогдлыг арилгах, ЭЕШ-д бэлтгэх, давтлага өгдөг сургалтын төвүүд нийслэлд багагүй бий. Тэдний нэг төлөөлөл бол “амжилт”.

Гавъяаныхаа амралтад гарсан Б.Батбаяр өдгөө энэ сургалтын төвд ажиллаж, сурагчдад давтлага өгч байна. Багш “Хөл хорионы үеэр цахим сургалт руу шилжсэн. Үүнээс болж хоцрогдолд орж, хоцрогдлоо нөхөх хүүхдүүд их ирж байна. Ачаалал ч их бий. Мөн ЭЕШ, анги дэвших шалгалт, улсын шалтгалтад бэлдэх хүсэлтэй сурагчид байна" гэлээ.

“Амжилт” сургалтын төвийн гол давуу тал нь хүүхэд бүртээ нэг бүрчлэн тулж ажиллаж, түвшинг нь тогтоон төлөвлөгөөний дагуу заадаг гэнэ. Үнэ хөлс нь 60 минутын хичээл  хүүхдийн түвшингээс хамааран 8500-10 мянган төгрөгийн хооронд аж.

Хүүхэд математикт яагаад дур сонирхолгүй болдог талаар Б.Батбаяр багш “Математик бол асар том шинжлэх ухаан. Гэтэл 40 минутаар долоо хоногт гуравхан удаа орж байна. Энэ хугацаа бол хүүхдүүдийн даалгаврыг шалгах л хугацаа. Шинэ хичээл заах, сонирхолтой байлгах хугацаа тун хомс” гэж тайлбарласан юм.

ЭЕШ-аас гадна гадаадын өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмших хүсэлтэй сурагч, залуус “TOPIK”, “IELTS”, “TOEFL” зэрэг шалгалтууд өгч байна. Өнгөрөгч амралтын өдөр 81 дэх удаагийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалт буюу “TOPIK”-ийн шалгалт болж, МУИС-ийн номын сан, хоёрдугаар байрны гадаа уртаас урт цуваа үүсч, цахим орчинд багагүй шуурсан. Энэ бол ийм төрлүүд шалгалтууд эрэлт ихтэй байгаагийн нэгээхэн шинж.

“Ganada” сургалтын төв нь 2017 оноос “ТОРIK”-ийн шалгалтад залуусыг бэлдэж иржээ. Тэд хоёр төрлийн багцыг санал болгодог. Тодруулбал, оноо амладаг 1.8 сая төгрөгийн зургаан сар болон 3.6 сая төгрөгийн нэг жилийн цогц сургалт явуулдаг тухай тус төвийн хичээлийн эрхлэгч Б.Ариунсайхан ярив.

Сарын сургалтын төлбөр нь 200 мянган төгрөг.

Б.Ариунсайхан "Цар тахал гээд гадаадад сурах хүсэлтэй хүмүүс цөөрөх байх гэж бодсон ч улам ихэссэн. Эндээ хэлээ сураад явах хүсэлтэй хүмүүс олширсон. Бид аравдугаар ангиас нь хүүхдүүдийг бэлддэг. Өдийд бол хүүхдүүд ЭЕШ-даа бэлдээд бага байна. Дараагийн “TOPIK”-ийн шалгалт гэхэд ихсэх байх” гэж ярилаа.

Мөн Өмнөд Солонгос руу гэрээтээр ажиллах хүсэлтэй хүмүүс багагүй хандаж байгаа учир тун удахгүй энэ төрлийн хүмүүст зориулсан сургалтаа нээнэ гэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.МӨНХТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж