
1970-аад оны Голланд орон. Тэнд өмнөд эрэг орчмоос нь газрын тос илэрчээ. Голландын Засгийн газар зөвхөн газрын тосны салбарыг анхаарч бусад салбараа анхаархаа “түр” орхилоо. Ганцхан салбараа анхаарсныхаа горыг тэд хэдхэн жилийн дотор амссан юм. Төрөлтийн хэмжээ нь мэдэгдэхүйц буурч, ДНБ-ний хэмжээ нь бас буурчээ. Тухайн үеийн Голланд орон хөгжил сайтай байсан тулдаа л тэсч үлдсэн юм. Үүнийг дэлхий даяар “Голланд өвчин” гэдгээр нь мэднэ. Гэхдээ тэд хэдхэн жилийн дотор алдаагаа засч, бага, дунд боловсрол болоод их, дээд сургуулийн сургалтын системдээ маш том реформыг хийснээрээ алдаагаа засч чаджээ. Тэд хүнээ боловсрол, эдийн засаг, эрүүл мэнд гэсэн гурван чиглэлээр хөгжүүлдэг байна.
Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 20 гаруй жилийн нүүрийг үзжээ. Гэтэл манай улс боловсролын салбараа хөгжүүлж чадсангүй. Манайд орж байгаа бүх хичээлүүд академик системд тулгуурлаж байна. Нэг ёсондоо онол дээр түшиглэсэн хичээл орж байна гэсэн үг. Хүн болгон дахин давтагдашгүй бодгаль. Тиймээс бид дахин давтагдахгүй “иргэд”-ийг бэлдэх ёстой. Монгол гуравдугаар сургуулийн есдүгээр ангид суралцдаг нэгэн сурагч Р. Чойномын “Шоронгийн дууль” хэмээх шүлгийг цээжилжээ. Тэгээд юуны тухай шүлэг болох, энэ шүлгээсээ юуг ойлгосон тухай нь асуухад. “Маргааш багш асуух гэж байхад юун энэ шүлгийг утгыг бодох. Зүгээр цээжлээд дүнгээ авахаа бодъё” гэж хариулж байсан юм. Багш нь автоматаар цээжлүүлж, сурагч нь автоматаар цээжилдэг ийм гажиг тогтолцоо монголын боловсролд гүн бат суучихаж. Гэтэл АНУ-н сургалтын систем тэс өөр. Тэнд манайхаар “дунд сургууль”-ийн эхний дөрвөн жилдээ удирдаж удирдуулах ёс, багаар ажиллах чадвар, илтгэх урлаг гэх мэтчилэн хичээлүүдийг үзнэ. “Хүн болгон математикч болох албагүй. Харин хүн болгон ээж, аав болно” гэж Оросын алдарт сурган хүмүүжүүлэгч Сухомлинский хэдэн зууны өмнө хэлжээ. Дунд ангид орж ирэнгүүт нь гэр бүл төлөвлөлт, хайр дурлал гэж юу вэ, секс гэж юу вэ зэрэг манайхны томчуудын “битгий том хүний юм яриад бай” гэж өөрсдөөсөө холдуулах дуртай сэдвийг тэнд хичээл болгоод оруулдаг.
Тэндхийн сургуулийн хүүхдүүдийг дүгнэх нь хүртэл өөр. Хичээлээс гадуур олон нийтийн ажилд хэр идэвхтэй оролцов, хэдэн сургалт, дугуйланд хамрагдав гэдгээр нь дүгнэдэг. Манайхан шиг хэдэн хичээл дээр онц гарав, ирц нь хэд байна гэдгээр нь биш. АНУ-ын “дунд сургууль”-иудын ханан дээр эхний улиралд тийм үнэлгээтэй суралцвал ийм юм өгнө гээд хадчихдаг. Компьютер, iPod, PSP, унадаг дугуй гэх мэтчилэн. Хүн хөдөлмөрлөж чадвал, өөрийгөө тэжээнэ гэдгийг үглэхгүйгээр ойлгуулж чаджээ. Тиймээс тэд хариуцлага хэмээх ойлголтыг ч мартдаггүй. Тэнд хичээлээ хүндэтгэх шалтгаангүйгээр гурваас дээш удаа таслах л юм бол багш нарын хурлаар оруулж өөр сургууль руу шилжүүлэх тухай ярьж эхэлдэг. Тиймээс тэд ийм байдалд орохгүй, амласан шагналуудыг нь авахын тулд хичээлдээ яаран ирцгээдэг. Багш нарын харьцдаг харьцаа нь ч биднийхээс өөр. Тэнд хүүхэд хэрвээ даалгавар хийгээгүй болон шалгалтандаа тааруу дүн үзүүлвэл багш нь ганцаарчилан уулзаж, алдааг нь нөхөрсөгөөр хэлж өгдөг. Тэндхийн сэтгэлзүйчид олны нүдэн дээр мууг нь дуудаад байвал суралцах хүсэл нь бага багаар алга болдгийг тогтоожээ. Манайхан бол олны нүдэн дээр тэнэг, мангараар нь дууддаг. Үр дүнд нь хичээл завсардалт их байдаг шүү дээ. АНУ-д хүүхдүүд нь багшаар шахуулж шаардуулдаггүй. Яагаад гэвэл тэд өөрийнхөө төлөө мэдлэг хуримтлуулж байна гэдгээ мэддэг. Тэндхийн багш нар мэдлэгийг хэрхэн ашигладгийг зааж өгдөгөөрөө манай багш нараас ялгаатай.
“Тархиа талх мэт ашигла”. Энэхүү уриаг одоогоос 30 гаруй жилийн тэртээ Сингапур хэмээх загасчны бяцхан тосгон гаргаж хөгжлийн шинэ бодлогоо үүгээр тодорхойлжээ. Бага, дунд боловсролоо Кембрижийн стандартад шилжүүлж. Английн дээд сургуульд элсэх шалгалтыг Сингапур хүүхэд эх орондоо өгөх боломжоор хангагдсан байна. Сургалтын системээ орвонгоор нь өөрчилсөн АНУ-н заадаг бүх хичээлийг өөрийн онцлогтоо тохируулан оруулах болж. Өөрийн түүхийг бага ангиас нь авахуулаад төгстөл нь үздэг болж. Сингапур сурагч дор хаяж гурваас, дөрвөн хэлийг төгсөхдөө сурсан байх шаардлагатай. Мөн тэнд хүүхдүүд хичээлийн хуваариа өөрсдөө зохиож болдог. Тийм учраас тэнд анги гэсэн ойлголт байдаггүй.
“Анх очоод би маш их гайхаж байлаа. Сингапурын дунд сургуулийн дөрөвдүгээр ангийнхан дээр орлоо. Нэг хүүхэд нь тийм зураасыг тэгж тат гэж зааж байх юм. Нөгөө хүүхэд нь түүний хэлснээр зураасаа татаж байх юм. Багшаас нь яаж байгаа юм гэж асуухаар нэг нь удирдаж, нөгөөх нь удирдуулж сурч байгаа юм гэсэн юм даа”. Сингапурын их сургуулийн гуравдугаар курсын оюутан Х.Баттөгс ийн өгүүлж байна.
Сингапур улс хөгжлийнхөө эхэн үед манайхан шиг өндөр, өндөр барилгуудыг ихээр барьж байжээ. Тэгсэн Сингапурын иргэд өндөр байшингийнхаа дээвэр дээр сонгино, хүнсний ногоо тариалаад эхэлж. Тэд хүнээ мартсан байжээ. Гэтэл өнөөдөр Сингапур улс хөгжлөөрөө гайхагдаж байна. Одоогоос гучин жилийн өмнө Сингапур гэж ямар улс байдгийг ч мэддэггүй байлаа. Сингапурын боловсролыг ч дэлхий тоодоггүй байв. Гэвч өнөөдөр дэлхийн хамгийн шилдэг 100 их, дээд сургуулийн 50 дугаар байранд бичигдэж байна. Түүнчлэн Сингапур өнөөдөр олимп зохиох хэмжээнд хөгжжээ.
Сүүлийн үед Монгол Улс боловсролын салбараа анхаарч, өөрчилж байна. Монгол Улс улсын төсвийнхөө 13 хувийг боловсролдоо зарцуулдаг гэсэн судалгаа бий. Тавхан жилийн дотор 12 жилийн сургалтын системд шилжсэнээр харж болно. Гэвч жилийг автоматаар нэмэх нь зөв шийдвэр байсан уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Бас удахгүй Кембрижийн стандартад шилжинэ. Гэвч энэ сургалтын гол онцлог болох онол биш дадлага давамгайлсан, багш төвтэй биш шавь төвтэй сургалт байдаг гэдгийг мартаж боломгүй. Дэлхий улам бүр глобальчлагдаж байгаа энэ цагт бид зөвхөн монголын биш дэлхийн иргэнийг бэлтгэдэг болмоор байна. Ингэхийн тулд манай улсын боловсролын салбарт агуулгын төдий өөрчлөлт биш, чанараа ч бас харгалзан үзсэн шинэчлэлт ус, агаар мэт хэрэгтэй байна.
Хүн хэмээх амьтнаас бүрдээгүй улс орон гэж дэлхийд үгүй. Тиймээс бид үүнийгээ л сайн хөгжүүлэх ёстой. Тавантолгой, Оюутолгой хэдэн зууны дараа шавхагдаад дуусна. Харин хүн төрөлхтөн оршин тогтнож байгаа нөхцөлд хүн хэмээх амьтан байж л байна. Монголд ашиглагдах өдрөө хүлээж байгаа олон орд байгаа. Харин тэднийг ажиллуулж чадах чадвартай боловсон хүчин Монголд хэрэгтэй. Чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд цаг үетэйгээ нийлсэн боловсролын цогц бодлого хэрэгтэй.
Б. Болорсүх