Дэлхийн хоёрдугаар дайны үед атомын бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан 140 мянга гаруй хүний дурсгалд зориулан барьсан Хирошима дахь байгууламжийн өмнө өчигдөр /2022.04.10/ олон зуун хүн жагсав. Тэд Орос, Украины дайныг эсэргүүцэж, дэлхий дахинд дуу хоолойгоо өргөлөө.
Жагсаалд 750 орчим иргэн оролцсон ба япон, англи, орос хэлээр “Дайныг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн лоозонг барьсан байжээ.
Энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч нь цөмийн зэвсэггүй дэлхийг бий болгох зорилготой "Какувака Хирошима" бүлгэм юм байна. Тэд атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотод жагссанаараа дэлхий дахинд хамгийн хүчтэй сэтгэгдлийг төрүүлж чадна гэж үзжээ. Жагсаалд оролцсон ахлах сургуулийн сурагч Хирайши Коичи нь украин ээж, орос эмээтэй аж. Тэрбээр өнгөрсөн зун Украинаар аялаж байсан бөгөөд “Тэр үеийн үзэсгэлэнтэй хот одоо ямар хүнд нөхцөл байдалтай байгаад маш их цочирдсон тул ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж бодсон” гэв.
Жагсагчид Нагасаки хотод атомын бөмбөг хаясан цаг болох 11:02 цагт чимээгүй зогсон, хүндэтгэл илэрхийлсэн байна. Дараа нь бөмбөгдөлтийн төв цэгт очиж, цөмийн зэвсэггүй дэлхийн төлөө залбирцгаажээ.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ