Үнийн хөөрөгдлийн эсрэг иргэдийн тайван жагсаалын үеэр хүний биед халдсан, алба хаагчид хүч хэрэглэсэн асуудал гарсан. Тухайн үед цагдаагийн алба хаагч иргэнийг цохиж, хүч хэрэглэж байгаа бичлэг цацагдсан. Энэ асуудалд ямар нэг хариуцлага тооцсон талаар ЦЕГ-аас тодрууллаа.
ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Б.БААТАРХҮҮ:
-Цагдаагийн алба хаагч иргэнийг цохиж, хүч хэрэглэж буй бичлэгт дүн шинжилгээ хийж байгаа. Нийгмийн сүлжээнд цацагдсан бичлэгийн тухайд зөвхөн нэг талаас авсан иргэний видео байсан. Түүнийг хариуцах нэгжээс шалгаж, олон талын бичлэгийн харьцуулж байж дүгнэлт гарна. Одоогоор тухайн бичлэгийн хяналтын дүн гараагүй. Мэдээж буруутай үйлдэл гаргасан гэж үзвэл зохих хариуцлагыг тооцно. Цагдаагийн алба хаагч санаатайгаар хүний биед халдах ёсгүй. Тухайн үйлдэл жагсаал цуглааныг албадан тараах үеэр болсон.
Өнгөрсөн Пүрэв гаригт жагсагчдын уур амьсгал 18:00-19:00 цагийн үед өөрчлөгдсөн. Ингэснээр бусдыг турхирсан үйлдэл удаа дараа гаргасан. Сүүлд нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд халдаж, төрийн тусгай объектод халдах оролдлого гаргасан.
Тиймээс цагдаагийн байгууллагаас жагсаалыг тараахаар удаа дараа оролдсон. Энгийн иргэд болоод цагдаагийн алба хаагчийн биед халдаж, гэмтээсэн тохиолдол ч гарсан. Жагсагчдын дотор насанд хүрээгүй хүүхэд, өсвөр насныхан их байсан. Тиймээс шөнийн 03:40 цагт албадлагын арга хэмжээ ашиглаж, жагсаалыг тараасан. Албадлагын үеэр 20 хүнийг түр саатуулж, 18 хүнийг эрүүлжүүлж, холбогдох шалгалтыг хийж байна.
Жагсаалын үеэр хэд хэдэн цагдаагийн биед гэмтэл учруулсан. Эдгээр хүмүүсийг Гэмтэл согог судлалын эмнэлэгт хүргэж, тусламж үзүүлсэн. Цагдаа нар эсэргүүцэл үзүүлээгүй, хүний биед халдаагүй. Жагсаал эхлэхэд залуус хуулийн дагуу жагссан. Алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээгүй учраас иргэдийн биед халдсан.
Холбоотой мэдээ