Таван том банкны нэг нь ч IPO гаргах зөвшөөрлөө аваагүй

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Таван том банкны нэг нь ч IPO гаргах зөвшөөрлөө аваагүй

Таван том банкны нэг нь ч IPO гаргах зөвшөөрлөө аваагүй

Банкны тухай шинэчилсэн хууль хэрэгжиж, банк нээлттэй хувьцаат компани болох реформ эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хууль дагуу нөлөө бүхий таван том банк ирэх долдугаар сарын 1-нээс өмнө IPO (Initial Public Offering) хийхээр хүлээгдэж буй. Системийн гол банкууд олон нийтийн өмчлөлд шилжих буюу хөрөнгийн бирж дээр IPO хийх нь зөвхөн дотоодын гэлтгүй гаднын хөрөнгө оруулагчдад ч нээлттэй болно гэсэн үг. Гаднаас хөрөнгө татах нь валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээл дээрх Монгол Улсын нэр хүндийг өсгөх, дотоодын бизнесийн стандартыг сайжруулах, дэлхийн сайн жишгийг нутагшуулах зэрэг олон ач холбогдолтой.

Өнөөдрийн байдлаар системийн нөлөө бүхий таван банкнаас нэг нь ч Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагуудад хандаж олон нийтийн өмчлөлд шилжих зөвшөөрлөө аваагүй байна. Өөрөөр хэлбэл, нэг нь ч хувьцаагаа олон нийтэд худалдаагүй байна гэсэн үг.

Хаан банкны эх сурвалжийн мэдээлснээр, тус банк хуулиар тогтоосон хугацаанд хувьцаагаа олон нийтэд худалдахыг зорьж, удахгүй Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороонд хандаж зохих зөвшөөрлөө авахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амарын хэлснээр, банкуудын IPO хийх хугацаа хойшлох магадлалтай байгаа аж. Шалтгааныг нь эдийн засагт амаргүй нөхцөл байдал үүссэнтэй холбон тайлбарлаж байна. Зарим эдийн засагчдын хэлж буйгаар, хуульд заасан хугацаанд банкууд амжиж хөрөнгө оруулалт татаж чадахгүй нь тодорхой болжээ.

Монголбанкнаас банкуудын IPO хийх хугацаа хойшлох эсэх талаар тодруулахад “Өнөөдрийн байдлаар энэ талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна” гэсэн хариулт өгөв.

Банкууд хувьцаагаа олон нийтэд худалдсанаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ (5.3 их наяд) хоёр дахин нэмэгдэж, арилжааны идэвх нь сайжирч, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал улам баталгаажих юм. Үүний зэрэгцээ банк олон нийтэд хувьцаагаа арилжаалснаар нэг эзний бус, олон нийтийн хараа хяналтад орно. Энэ нь банкны засаглалыг сайжруулахаас гадна тухайн банкны үнэ цэнэ бирж дээр арилжаалагдаж байгаа хувьцааны үнээр тогтдог болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, банкийг олон улсын жишгээр зах зээл дээрх хувьцааны ханшийн хөдөлгөөн нь тодорхойлох юм.

ОУВС-гаас өмнө нь банкуудын IPO-г хойшуулах санал гаргасан гэх мэдээлэл бий. Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн 2008 оны хямралын дараа ялангуяа манайх шиг хөгжиж байгаа олон улс оронд банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж хязгаар тогтоох, нээлттэй хувьцаат компани болгох процесс эрчимжжээ.

Системийн таван том банкны хувьд нийтэд хувьцаагаа зэрэг шахуу санал болгож, нийт хувьцааныхаа 5-15 хувийг олон нийтэд худалдахаар төлөвлөсөн. Зохицуулагч байгууллагууд болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн бизнес төлөвлөгөөний төсөөллөөр 500-700 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдаас төвлөрүүлэх тооцоо хийгджээ.

Нэгэнт хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй санал болгох учир дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид болоод банкны ажиллагсад гээд бүгдэд ижил нээлттэй байх зарчим үйлчлэх юм.

Банкны тухай хуульд сүүлийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө орсон байсан, одоо ч байнга яригдаж байдаг нэг сэдэв бол нэг банкны нөлөө бүхий хувь эзэмшигч өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглосон заалт. Олон улсын санхүүгийн байгууллагууд эрсдэлийн төвлөрлөө бууруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхдээ зөвхөн нэг банк биш хэд хэдэн банкаар дамжуулан хэрэгжүүлэх, олон улсын сайн туршлага, сайн жишгийг нэвтрүүлэхдээ олон банкийг хамруулах зорилгоор энэ асуудлыг байнга хөндсөөр иржээ. Төв банкны хувьд бүгдэд тэгш үйлчлэх зарчмаар асуудалд хандаж ирсэн байна.

Нэмэлт өөрчлөлт орсон шинэ хуулийн заалтаар банкны нөлөө бүхий хувь эзэмшлийн хязгаарыг таван хувиар тогтоосон. Өмнө нь компанийн тухай хуулиар зохицуулагдаж байсан бөгөөд 10 хувь гэж тогтоож байв.

Шинэ хуулийн заалтын дагуу нэг банкны нөлөө бүхий хувь эзэмшигч буюу таван хувиас дээш хувьцаа эзэмшигч нөгөө банкинд таван хувиас дээш хувьцаа эзэмшихийг хориглосон хатуу зохицуулалттай болсон. Хэрэв худал мэдээлэл өгөх, нуух байдлаар эзэмшсэн тохиолдолд авах хатуу арга хэмжээ, албадлагын шинжтэй заалтууд мөн Банкны тухай хуульд орсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж