Монголын анхны нунтаг төмөрлөгийн үйлдвэр нээлтээ хийв 

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Монголын анхны нунтаг төмөрлөгийн үйлдвэр нээлтээ хийв 

Монголын анхны нунтаг төмөрлөгийн үйлдвэр нээлтээ хийв 

 

Монгол Улсад анхдагч нунтаг төмөрлөгийн үйлдвэр өнөөдөр /2022.04.11/ нээлтээ хийлээ. Тодруулбал, “Талын метал нунтаг” ХХК-ийн болон Монголын инженер, техникийн ажилтнууд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын мэргжилтнүүдтэй хамтран ажиллаж  төмөрлөгийн үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд барьжээ.

Үндэсний хөрөнгө оруулагч “Степпкупер” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлсэн нунтаг төмөрлөгийн үйлдвэрийн энэхүү төсөлд Будапешт хотод төвтэй олон улсын санхүүгийн байгууллага болох “International Investment Bank” зээл олгосон байна.

БАЙГАЛИЙН БАЯЛАГТАЙ УЛС ҮЙЛДВЭРТЭЙ БАЙХ ЁСТОЙ

Үйл ажиллагааг нээж “Талын метал нунтаг” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Манай хамт олон аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үеийн чухал түүхий эд болох нунтаг төмөрлөгийн үйлдвэрийн анхны суурийг тавьж байгаадаа баяртай байна. Байгалийн баялагтай улс үйлдвэртэй байх ёстой. Эс бөгөөс түүхий эдийн хавсарга хэвээр үлдэнэ гэдгийг харуулахыг бид зорьж байна. Хэдэн жилийн өмнө нунтаг төмөрлөгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн их хуралд оролцоход монголчуудыг “анги андуурсан хүүхэд” мэтээр харж байж билээ. Монгол Улсын инженер, техникийн ажилтнууд ИБУИНВУ, ХБНГУ-ын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, өндөр технологийн нунтаг төмөрлөгийн үйлдвэр барьж чадсанд дахин талархал илэрхийлье” гэв.

Дараа нь Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үг хэллээ. Тэрбээр “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр үеийн хамгийн чухал түүхий эд болсон нунтаг төмөрлөгийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан та бүхэнээр үнэхээр бахархаж байна. Цар тахал, олон улсын хурцадмал байдал нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэ цаг үед Засгийн газрын үйлдвэржилтийн бодлогыг бодитоор дэмжиж нэмүү өртөг шингэсэн эдийн засагт өндөр ач холбогдолтой үйлдвэр барьсан нь бодит дэмжлэг болно. Өнөөдөр бол түүхэн өдөр. Учир нь Монгол Улс төмөрлөгийн боловсруулалтыг шинэ шатанд гаргаж, экспортод чиглэсэн олон улсын түвшинд өрсөлдөх гэж байна“ гэдгийг онцлов.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Цаашдаа импортыг орлох экспортын чиг хандлагатай үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд салбарын хөгжлийг түргэтгэх, байгаль орчинд сөрөг нөлөө багатай тэргүүний технологи нэвтрүүлэхэд онцгой анхаарна. Эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд ажиллаж байна. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг өндөр түвшинд хүргэхэд боловсруулах үйлдвэрийн салбар тэр дундаа  нэмүү өртөг шингээх төмөрлөгийн үйлдвэр чухал ач холбогдолтой. Тиймээс баялагтаа эзэн монгол байх, байгалийн баялгийг иргэн бүрт хүргэх, олборлолтоос боловсруулалтын шатанд шилжих зорилтыг тавьж ажиллаж байна" гэлээ. 

Нунтаг төмөрлөгийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд технологийн түншээр гадаад, дотоодын 50 гаруй компани гар бие оролцжээ.

Жилд 3000 тонн нунтаг төмөрлөг боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр нь зэс, гууль, хүрэл, цагаан тугалга болон бүх төрлийн төмөрлөгийг нунтаглан боловсруулж, БНХАУ, Европын холбоо, Япон, БНСУ зэрэг оронд экспортлох юм.

Цаашилбал, эх орондоо автомашины эд анги, тоног төхөөрөмж, электрон хэрэгслийн "ухаалаг" үйлдвэрлэл хөгжих боломжтой. Мөн дотоодын зэсийн хаягдлыг дахин боловсруулах аж. 

Мөн үйлдвэрийн дэргэдэх төв оффист бүх төрлийн нунтаг металд физик, химийн иж бүрэн шинжилгээ хийж гүйцэтгэх Монголын анхны лаборатори үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Лабораторийн шинжилгээний орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг ХБНГУ болон АНУ-аас худалдан авч, суурилуулжээ. Тус лаборатори нь цаашид үйлдвэрийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтээс гадна автомашины жижиг эд ангийг бага хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ  АЧ ХОЛБОГДОЛ

Үйлдвэржилтийн шинэ боломжууд:

Автомашины эд анги, тоног төхөөрөмж, электрон хэрэгсэл үйлдвэрлэх “ухаалаг” үйлдвэрлэлийн үндсийг тавина. Төрөл бүрийн нунтаг төмөрлөгөөр шинэ бүтээгдэхүүн, үйлдвэрлэх судалгаа хөгжүүлэлт инновацыг бий болгоно.

Ажлын байр хамтын ажиллагаа:

Энэхүү үйлдвэр нь Монгол Улсад шинэ төрлийн мэргэшсэн ур чадвар бүхий 20 гаруй ажлын байр бий болгосон. Дотоодын 50, гадаадын 15 туслан гүйцэтгэгч компанитай хамтран үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийсэн. Үйлдвэрлэлийн технологийн усны 90 хувийг цэвэршүүлж, дахин ашиглана.

Татвар хураамж:

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1.6  тэрбум гаруй төгрөгийн татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлээд байна. Үйлдвэрлэл эхэлснээс хойш жил нэг тэрбум төгрөгийг татвар хураамжид төлнө.

Гэрэл зургийг Б.МӨНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж