Улсын Их Хурлын 2020 оны сонгуулиар бие даагчдаас хамгийн их санал авч, сонгогдсон гишүүн Н.Алтанхуяг байв. Гэсэн ч Н.Алтанхуягийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахаар Эрдэнэт хотын иргэд гарыг үсэг цуглуулж эхэлжээ. Тэрбээр, сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт нэр дэвшин нийт сонгогчийн 43 хувийн санал авч байсан юм.
Нэг хэсэг Засгийн эрхийг барьж байсан хүн тухайн үед Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй атал тойргоос сонгогдон гарсан нь ийнхүү эсэргүүцэлтэй тулж байгаа аж.
Норовын Алтанхуяг нь 1990-1992 он хүртэл Монголын Социал демократ намын нарийн бичгийн даргаар ажиллаж улс төрийн гараагаа эхлүүлсэн. Түүнээс хойш Н.Алтанхуягийн улс төрийн амьдрал байнгын өрнөлтэй байсан гэхэд хилсдэхгүй. 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож ажилласан. Харин 2017-2019 оноос Ерөнхийлөгчийн тамгын газарт Ерөнхийлөгчийн зөвлөхөөр, 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй. Улс төрийн амьдралын өрнөл дунд түүнд холбогдсон асуудал их гарсан нь өнөөдөр ийнхүү тойргийнхон нь түүнийг төлөөлөл болгохоос татгалзах шалтгаан болжээ.
Тодруулбал, Чингис, Самурай бондоос авсан зээлээс гадна Хөгжлийн банкны өр төлбөрөө төлж чадаагүй байж УИХ-ын гишүүн болсонд тойргийнхон нь дургүйцэж байгаа юм байна. Одоо иргэд хийсэн сонголтдоо харамсч байгаагаа илэрхийлэв.
Ямартай ч иргэд Орхон аймгийн төв талбайдаа ийнхүү нэгдэж, нийт гурав хоног гарын үсэг цуглуулах юм байна. Иргэдийн тооцоолж байгаагаар 10 мянга гаруй гарын үсэг цуглуулах аж.
Холбоотой мэдээ