
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Гэтэл салбарын яам нь одоог хүртэл энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 жилийн сургалттай 3, 8 дугаар ангид ашиглах 26 төрлийн сурах бичиг хэвлэх ажлыг эхлүүлээгүй хэвээр байна. Учрыг лавлан Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтнээс тодруулах гэж хоёр долоо хоногийн турш холбогдсон боловч “Үнэлгээний хороо одоог хүртэл өдөр, шөнөгүй хуралдаж байгаа ч сурах бичиг хэвлэх тендерийн асуудлыг шийдээгүй байна” гэсэн хариултаар ам тагласаар өдийг хүрч байгаа юм. Сурах бичиг зохиох эрдэмтдийн баг заасан хугацаанд буюу долдугаар сарын 1-нд эх бэлтгэлийг бүрэн дуусган, албан ёсоор БСШУЯ-нд хүргүүлсэн талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байсан. Тэгвэл сурах бичиг хэвлэх тендерийг зургадугаар сарын 29-нд зарлаж, долдугаар сарын 29-нд саналаа ирүүлсэн хэвлэх компаниудын дунд сонгон шалгаруулалт хийхээр товлосон ч өнөөдрийг хүртэл албан ёсны шийдвэр гаргаагүй байсаар байтал хичээлийн шинэ жил хаяанд ирлээ. Боловсролын сайд Ё.Отгонбаяр хэвлэл мэдээллийнхэнд “Энэ сарын 25 гэхэд энэ хичээлийн жилд ашиглах шинэ сурах бичгийг бүх сургуулиудад хүргүүлэх ажлыг зохион байгуулах тул есдүгээр сарын 1 гэхэд хүүхдүүдийг сурах бичгээр хангасан байх болно” гэсэн тайлбар өгч байсан удаатай.
Тэгэхээр үлдэж байгаа таван хоногт хэвлэх компани эрхээ авч амжлаа гэхэд олон мянган ном, сурах бичгийг хэвлээд, сургуулиудад хүргэж амжих уу гэдэг асуудал туйлын бүрхэг байна. Ширээ тойрч суугаад шийдвэрээ гаргахад тийм их хугацаа, тэр хэмжээний нууцлал хэрэгтэй байдаг юм уу, Ё.Отгонбаяр сайд аа.
Д.Долгор