Австралийн парламентын сонгуульд Хятад хэрхэн нөлөөлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2022.04.12-нд нийтлэгдсэн

Австралийн парламентын сонгуульд Хятад хэрхэн нөлөөлөх вэ?

Австралийн парламентын сонгуульд Хятад хэрхэн нөлөөлөх вэ?

Энэ жил олон улсын харилцаанд чухал нөлөө үзүүлэх сонгуулиуд болж байна. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль болсон. Тэгвэл ирэх тавдугаар сард Австралийн парламентын төлөөлөгчдийн танхимын сонгууль болно.

Австралийн засгийн газрыг хамгийн удаан тогтвортой удирдаж буй ерөнхий сайд Скотт Моррисон ирэх тавдугаар сарын 21-нд маш том сорилттой тулгарна. Энэ өдөр Австралийн парламентын төлөөлөгчдийн танхимын 151 гишүүнийг сонгох сонгууль болно. Тус танхимд олонх болсон нам, эвсэл ерөнхий сайдыг сонгож, засгийн газрыг бүрдүүлдэг. Скотт Моррисон бол сүүлийн 15 жилд дараалсан хоёр сонгуультай нүүр тулж буй Австралийн засгийн газрын анхны тэргүүн. Түүнээс өмнө Австралийн улс төр тогтворгүй байж, ерөнхий сайд нар байнга солигддог байв.

Австралийн 18 насанд хүрсэн 17 сая иргэний хувьд сонгуульд саналаа өгөх нь заавал биелүүлэх ёстой үүрэг. Хэрэв саналаа өгөөгүй бол 20 австрали.доллараар торгодог.

МОРРИСОНЫ СУЛ ТАЛУУД

Өнгөрсөн амралтын өдрөөр хийсэн мэдэгдэлдээ, Скотт Моррисон эдийн засгийн тодорхойгүй нөхцөл, аюулгүй байдлын заналхийллүүд дунд засгийн эрхийг туршлагагүй хүнд шилжүүлэх нь эрсдэлтэй гэв. Тэрбээр сөрөг хүчний удирдагч, Хөдөлмөрийн намын дарга Энтони Албанесийг жишээ татан ярьжээ. Түүний засгийн газрын хэрэгжүүлж буй инфляцийн нөлөөг зөөлрүүлэх шат дараатай арга хэмжээг үргэлжлүүлснээр улсын эдийн засгийн хүчтэй өсөлт, үндэсний батлан хамгаалахын хүчирхэгжилтэд хүрнэ гэжээ. Энэ үгээрээ тэрбээр Хөдөлмөрийн намыг Австралийн эдийн засаг, аюулгүй байдалд “эрсдэл” учруулна гэж ойлгуулахыг хичээсэн гэж “Griffith” бизнесийн сургуулийн профессор Анн Тиэрнан дүгнэжээ. Жирийн сонгогчид эдийн засгаа аливаа гадаад нөлөөлөлд автахгүй байхыг хүсч буйг Моррисон сонгуулийнхаа лобби болгосон гэж “ANU”-гийн Австралийн судалгааны төвийн профессор Марк Кенни тайлбарласан байна. Гэхдээ Моррисоны намд эв нэгдэл түүний сул тал болох магадлалтай байна.

 

Улс төрийн хүрээнийхний хов живээр намынхан нь Моррисоныг “худалч”, “маш муу хүн” гэцгээх болжээ. Моррисоны Австралийн муж, бүс нутгуудын захирагч нартай үзэл санаагаа нэгтгэх харилцаа сул байгаа аж.

Үүний зэрэгцээ цар тахлын хөл хорионоос болж гадаадад амьдардаг цөөн австрали иргэн 21 орчим сар хилийн чанадад гацсан. Тэдний олонх нь эх орондоо эргэн ирэх эрхээ эдлэхийн тулд Австралийн засгийн газрын эсрэг НҮБ-д өргөдөл гаргаж байсан. Түүнчлэн гадаад орон руу зайлшгүй шалтгаанаар явах шаардлагатай иргэд ч хүнд сорилттой тулгарсан юм. Мөн цар тахлын эсрэг вакцинжуулалт хоцорч, эсрэг бие илрүүлэх оношлуур хомсдсон зэрэг нь Моррисонд муу дүн тавих хангалттай шалгаан болжээ.

Сүүлийн үед Либерал намын хоёр эмэгтэй гишүүн олны өмнө гарч, Моррисоны зан харилцааны эсрэг мэдэгдэл хийх болсон. Тухайлбал, сенатч Консетта Фиерраванти-Уэлс парламентад үг хэлэхдээ түүнийг “дарангуйлагч” гэж тодорхойлсон. Харин гишүүн Катерин Кусак өнгөрсөн долоо хоногт түүнийг дээрэнгүй гэсэн байна.

Христийн шашинт Моррисон өөрийнх нь дотны найз Брайан Хюстоны үндэслэсэн “Hillsong” сүмийн эсрэг шүүмжлэл гарсны дараа түүнээс зайгаа барьсан нь “зохимжгүй үйлдэл” гэж тэд үзжээ.

Үүнээс гадна Моррисоны засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авч чадаагүй гэдэгт буруутгагдаж байна. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Квийнслэнд мужийн үерт автсан өрхүүдэд 741 сая ам.долларын тусламжийн багц баталснаа дараа нь өөрчилсөн нь иргэдийн дургүйцлийг төрүүлжээ. Австралид сүүлийн жилүүдэд цаг уурын онц ноцтой үзэгдлүүд болох нь нэмэгдсэн. Гэвч Моррисон түймэр гарах нь нэмэгдсэнийг нүүрс хүчлийн хийн ялгаралтай холбосон нотолгоо байхгүй гэж хэлснээр мөн л шүүмжлэлтэй тулгарчээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн гол буруутан болох нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулахад Австралийн засгийн газар удаан арга хэмжээ авч байна гэж олон хүн шүүмжилж байгаа юм.

Нөгөө талд Австралийн улстөрчид засгийн газрын эмэгтэй ажилчдаа хүчирхийлсэн гэх хэргийг шийдвэрлэхэд Моррисоны гаргасан хандлагад эмэгтэйчүүд сэтгэл дундуур байгаа юм. Тодруулбал, засгийн газрын ажилтан Бриттани Хиггинс 2019 онд парламентын танхимын хамт ажилдаг эрэгтэйд хүчирхийлүүлсэн гэж мэдэгдсэн. Үүний дараа буруутныг ажлаас нь халсанаас өөрөөр хохирогчийг дэмжсэн зүйл бараг хийгээгүй.

Үүнийг нь эрчүүдийн клубыг дэмжих тус улсын улс төрийн соёлтой холбон олон нийт шүүмжилжээ. Гэтэл эмэгтэйчүүд Австралийн сонгогчдын тал хувийг бүрдүүлдэг.

АВСТРАЛИЙН СОНГУУЛЬД ХЯТАД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Моррисон дипломат бодлогын хувьд АНУ-ын талд орж, Хятадтай дайсагнасан байдлаар харилцсан нь эдийн засгийн үр дагавар дагуулсан. Бээжин, Канберрагийн харилцаа хурцадсанаар Хятадыг дайсан гэж үзэх нь нэмэгджээ. Улмаар Хятад гаралтай Австралийн иргэдийг тагнуулын хэрэгт буруутгах, цар тахлаас болж ялгаварлан гадуурхах байдал ч газар авсан байна. Үүний дээр хэд хэдэн улстөрч Хятадтай дайн хийж болзошгүй гэж мэдэгдсэнээр ард түмний айдсыг өрджээ. Энэ нөхцөлд Австралийн аюулгүй байдалд үзүүлэх Хятадын нөлөө нь Моррисонд ашигтай эсэхэд шинжээчид эргэлзэж байна. Үндэсний аюулгүй байдлыг сайжруулах нэрийн дор Моррисон Австралийн батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлсэн. Энэ нь эрэгтэйчүүд голдүү сонгогчдын бүлэгт таалагдах шийдвэр боловч бүрэн дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй гэж Кенни хэлжээ. Түүнчлэн Хятадын эсрэг хатуу байр суурь баримтлах Австралийн засгийн газрын бодлогыг ард түмэн дэмжих нь ч тодорхойгүй аж. Нөгөө талд сөрөг хүчний Хөдөлмөрийн намаас Хятадтай харилцаагаа сайжруулахаар лоббидож буй.

Урьдчилсан судалгаагаар Хятадтай харилцах асуудалд Либерал болон Хөдөлмөрийн намууд ижил тэнцүү саналыг авчээ. Гэтэл Австралийн АНУ-тай хийж буй худалдаа наймаа нь Хятадыг бүрэн орлохгүй.

Мөн өнгөрсөн онд АНУ, Их Британитай зэрэгцэн “Aukus” аюулгүй байдлын гэрээнд нэгдэж,  Францтай хөлөг онгоц худалдан авах гэрээгээ цуцалсан. Үүнээс нь болж Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон түүнийг “худалч” гэж цоллож байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж