
Наймдугаар сар талдаа орж, таанын толгой цэцэглэн тал нутгаа гоёчихоод байгаа энэ үеэр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын наадмыг зорин нутгийн улстай замд гарлаа. Тээр жил Сүхбаатар аймгийн Мөнххаан, Асгат сумдыг дайраад өнгөрсөн юм. Тэгэхэд Хэнтий өнгөрч, Сүхбаатарын нутаг руу хөл тавив уу, үгүй юү хэдэн байшингийнх нь дээвэр бүгд ижил улаан, багашаархан сумын төв угтсан нь Мөнххаан байлаа. Сонгуулийн дараахан байсан болоод ч тэрүү, эндээс Их хуралд сонгогдсон Улаан, Буд хоёр бүх байшингийн дээврийг улаанаар будаж өгчээ гэж бид хөөрөлдөж хөгжсөөр өнгөрснөө санаж байна. Энэ жил харин улаан дээврүүд бүдгэрчээ.
Их хурлын сонгуулийн үеэр өнгөө нэг засдаг бол уу гэмээр буйд газрын сумд дотроо Эрдэнэцагаан том юм аа. Дэлгүүр хоршоо олонтой, тоосгон байшин элбэгтэй, сумын төвөөрөө засмал замтай, сурталчилгааны самбартай. Байнгын ажиллагаатай Бичигтийн боомт бүхий энэ сумынхан бусад сумтай харьцуулахад хүн ам олон, худалдаа наймаасуу бололтой юм. Энэ хэрээр хүмүүсийнх нь амьжиргаа дээгүүр гэмээр. Зургаан жилийн өмнө ирэхэд хөдөө шинэ гэрээ бариад удаагүй байсан залуу хосууд өнгөрсөн жил сумын төвдөө төвхнөөд сайхан тоосгон байшин бариад орчихож. Хот маягаар доторхио тохижуулж, зочдодоо шинэ жимсээр таваг зассан А.Эрдэнэбаярын эхнэр ажилсаг бололтой. Хашаанд нь Ланд маркийн машин сойлттой байна.
Эрдэнэцагаан сумтай залгаа хилийн цаана 70 км-т Хятадын Улиастай хэмээх муж оршино. Монгол ахуйгаа хадгалж үлдсэн цор ганц өвөрлөгч муж болох Улиастайд жилдээ сая жуулчин ирж, очдог гэж аймгийн Засаг дарга Батсуурь танилцуулж байсан. Харин эрдэнэцагаанчууд Улиастай хотыг алгасаад Эрээнээс бараагаа зөөдөг аж. Нүүрстэй, хилийн боомттой, төмөр замд холбогдох төлөвлөгөөтэй, стратегийн ашигтай байрлалтай энэ сум аймагтаа хөгжлийн төв болох ирээдүй бий гэнэ. Нүүрс боловсруулах үйлдвэр, эрчим хүчний эх үүсвэр, аж үйлдвэрийн парк гээд томоохон төслүүдийн чимээ энд сонсогдож байна. Энэ нутгаас угсаа гаралтай бизнесмэнүүд зүгээр суугаагүй бололтой.
Иймэрхүү аж төрөлтэй сумынхан наадмын өдрүүдэд хөл ихтэй байлаа. Сумынхаа наадмыг наймдугаар сар гаргаад хийж байгаа нь учиртай болов уу. Энэ зун их л гандуу байна гэж өөрсдөө ярьцгаасан. Одоо л ган тайлах маягтай болж, хүн малын нуруу тэнийн найр наадмын тухай санахтайгаа болж буй бололтой.
Нийслэлээс нутаг, наадам хоёроо зорьж яваа машинуудын нэлээд нь хурдны морьд ачсан портер, маяти машинууд байлаа. Сумын наадам гэхэд газар, газрын хурдан морьдыг цуглуулсан нь гайхмаар ч юм шиг. Хязаалан насанд л гэхэд 300 гаруй хурд уралдав. Сумын наадмыг өнөө жил ийнхүү сунагар болгосон нэг зүйл нь гурван ч төрд сайдын алба хашсан Егүзэр хутагт хэмээх Ж.Галсандаш агсны мэндэлсний 140 жилийн ойг давхар тэмдэглэсэн явдал юм.
Сумын наадмыг үзэж, сонжиж байгаагүй надад нэг зүйл хачин сонин, содон санагдсан. Яг л нийслэлд байгаа юм шиг хаашаа л харна миний танилууд. Ажлын маань онцлог ч юм уу, би яасан ч олон танилтай юм. Яагаад ч тэд сумын наадмыг зорьж ирсэн юм бэ?
Үнэндээ бол хаа байсан нийслэлээс Эрдэнэцагаан суманд наадамлаж яваа би л сонин болохоос биш эжий, аавынхаа нутгийг эргэж, элгэн саднаа зорьж яваа тэднийг хачирхах юм юу билээ. Наадмын дэнжид дөчөөд гэр эгнүүлэн барьж, зочдоо угтсан сумын Иргэдийн хурлын дарга Г.Бүрэнтэгш гуай биднийг 25 дугаартай гэрт буулгав. Эргэн тойрны гэрүүдэд гадна дотноос нутгаа зорьж ирсэн хөгшин, залуу гийчид дүүрэн. Энэ олон улс ингээд нутгаа гээд хаа холоос ирдэг мөн сайхан аа гэж ч бодох шиг. Бахархах ч шиг болов. Нутаг гэж сонин юмаа, хаа холоос далладаг. Энэ мэдрэмж миний дотор ч бий. Улаанбаатарынхан нутаггүй л гэцгээдэг, гэхдээ утаатай тэр хот миний нутаг. Нэг удаа Ховдын бараг бүх сумдаар арваад хоног 69-тэй сэгсчүүлж яваад ирэхэд надад юу мэдрэгдлээ, байз… Онгоц Буянт-Ухаад газардахаар нам авах үед цонхоор их сайхан цэнхэр уул будан дундаас цэлсхийгээд ороод ирэхэд цээж рүү нэг юм огшоод ирж билээ. Ар, өвөргүй модтой тэр цэнхэр уул Богд уул. Ховдын хязгаарт хөшилдсөн, хадтай элгэн хүрэн уулсаас хавьгүй өндөр, сүртэй, хавьгүй сайхан болохыг нь тэгэхэд анзаарав. Энэ бол уулсын тухай танин мэдэж буй хэрэг биш, зүгээр л миний нутгаа санасан сэтгэл байсан байх аа…
Сүхбаатарын Эрдэнэцагаан сумаас төрж гарсан алдартан, гавьяатнуудын хөргийг соёлын төвийн ханаар нэг эгнүүлэн байрлуулжээ. Үгүй мөн, нэг буйдхан сум гэхэд яасан олон гавьяатан, алдартантай юм бэ гэж гайхав. Бас өнөө хэр нь буйд энэ газар тээр гуч, дөчин онд сумын бага сургуульд хөдсөн дээлтэй сурагч явсан тэд хэрхэн яаж төдий зэрэгт хүрцгээснийг гайхмаар…
Наадмын хэдэн өдөрт сумын төвд хамгийн их хөлтэй байсан газар нь “Өнө өглөгт” хийд. Энэ бол нутгийнхны бахархан дурсч буй Егүзэр хутагтын сууж байсан орон газар юм. Егүзэр хутагтыг байх цагт Өнө өглөгтийн хийд 33 шаврантай, 1000 лам хуврагтай буддын соёлын томоохон төв байжээ. Егүзэр хутагт Ж.Галсандашийг Богд Жавзандамба зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайдаар тохоон томилж байж. Энэчлэн гурван төрийн нүүрэнд төрийн сайд байсан бөгөөд 1930 онд Эрэгдэндагва нарын 38-ын хэрэг гэгчид түүнийг холбогдуулан хэлмэгдүүлсэн байна. “Халх Монголын хутагтуудаас хамгийн түрүүнд урьдаас төлөвлөн найруулсан улс төрийн хилс хэргийн хохирогч, Монголд Зөвлөлт маягийн социализм байгуулах гэсэн бодлогын золиос болсон” гэж түүний талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссийн дэргэдэх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Мөнхбаяр өгүүлж байна. Монгол төрийн тусгаар тогтнолын төлөө өөрийн чадал чинээ, нэр нөлөөнийхөө хэрээр зүтгэж явсан түүнийг түүхэн хүн талаас нь судлах, өв улалмжлалыг нь сэргээн босгох, сурталчлах ажлыг Эрдэнэцагаанчууд өөрсдийн үүргээ гэж бодож яваа аж. Егүзэр хутагт Ж.Галсандашийг судлах ажлыг цаг хатуу байх үед ч орхиогүй нэг хүнийг нутгийнхан нь их хүндэлдэг юм байна. Тэр нь Д.Цогт-Очир гуай. Хутагт хувилгаан талаас нь Д.Тайвансайхан ламтан, түүнчлэн УИХ-ын гишүүн асан Л.Одончимэд , Г.Аким гуай, доктор С.Арсланбаатар, МУИС-ийн багш М.Баярсайхан, МУБИС-ийн багш У.Эрдэнэтуяа гээд цөөнгүй хүмүүс судалгаа, шинжилгээний ажил хийж буй аж. Гэхдээ түүний нутаг, овог аймгийн хүмүүсийн хүрээнд л судалгааны ажил эргэлдэж байгаа гэж өөрсдөө чамлангуй янзтай.
Егүзэр хутагт Эрдэнэцагааны энэ нутагт анх буга авчирч, халуун орны гадингар хэмээх мод, ховор ургамал нутагшуулж байсан нь өнөөдөр хэдийнэ идээшиж, өсч үржсэн гэх. Өнөө цагийн ойлголтоор бол экологийн менежмэнт хийж байсан юм уу даа.
Таанын толгойноос өөр гоёлгүй тал ч бас биш юм аа. Талын уулс ид шидийн юм шиг. Зотол уул, Шилийн Богд, Алтан-Овоо. Бас Лхачинвандад гэж дархан цаазтай уул хил дамнан оршдог. Тэнд буга, гөрөөс, зээр, шилүүс нутагладаг. Алдуул морь шиг гүйгээд ирэхэд аавын нутаг адуу шиг сайхан гэж нутгийнхан дуулцгаана. Эрдэнэцагаан адууны орон. Таанатай талд нь адуу үүрсч хононо. “Амраг биш адуу зүүдэлсээр байгаад нутагтаа буцаж ирсэн хүн би” гэж яруу найрагч С.Амартайван ах ярьсан. Уг нь тэр тэнгэрт нисч явах мэргэжилтэй хүн, аргагүй адуу, нутаг хоёр нь дуудсан байх аа.
З.Боргилмаа