Английн хөл бөмбөгчин Дэвид Бекхэм, “Spice girls” хамтлагийн дуучин Викториа Бекхэм нарын хүү Брүүклин өнгөрсөн Бямба гаригт хуримаа хийсэн. Флоридагийн Палм Бичэд болсон тансаг хуримандаа тэд Кембрижийн гүн Уильям болон гүнгийн авхай Кейт нарыг урьжээ. Гэвч татгалзсан хариу авсан тухай “Daily mail” мэдээллээ.
Уильям, Кейт нар 2011 онд хуримаа хийхдээ Бекхэмийн гэр бүлийг урьж байв. Түүнчлэн Дэвид, Викториа нар 2018 онд Сассексийн гүн Харри, гүнгийн авхай Меган нарын хуриманд оролцож байжээ.
Загвар зохион бүтээгчээр ажилладаг Викториаг Мегантай дотно найзууд байсан гэдэг. Гүнгийн авхай Викториагийн загварыг өмссөн байх нь олон. Тиймээс Харри, Меган нарыг ч бас урьсан байж магадгүй гэсэн таамаглал гарч иржээ.
Бекхэмийн гэр бүлийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр, “Дэвид, Викториа нар Уильям, Кейт хоёрт захидал бичиж, хүүгийнхээ хуриманд урьсан. Уильям тэдэнд аз жаргал ерөөсөн ч оролцох боломжгүй гэсэн. Дэвид, Викториа хоёрын хайр сэтгэлийн түүх нь Уильям, Кейт нартай салшгүй холбоотой тул тэд хуриманд зайлшгүй ирэх учиртай зочид” гэжээ.
Хуримын сонин хачнаас сонирхуулахад, Дэвид Бекхэм хүүдээ хуримын бэлэг болгож 500 мянган ам.долларын үнэтэй, сонгодог загварын "Ягуар" загварын машин бэлэглэсэн байна. Дэвид нь "Ягуар"-ыг сэргээн засварладаг “Lunaz” компанийн хөрөнгө оруулагч бөгөөд 2021 оны зургадугаар сарын байдлаар хувьцааны 10 хувийг эзэмшиж байжээ.
Түүнчлэн, дэлхий даяар дайн, цар тахал гээд хямрал ихтэй байхад 3.5 сая ам.долларыг хуримын ёслолд зарцуулсанд нь цахим сүлжээний хэрэглэгчид эгдүүцлээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ