НЭМЭЛТ:
МАН-ын бүлэг төсөвт тодотгол хийх асуудлыг дэмжлээ. МАН-ын бүлэг 10.00 цагаас хойш хуралдаж дөнгөж сая завсарлалаа. Бүлгээр хоёр асуудал хэлэлцжээ. Мөн гишүүдийн дийлэнх нь төсөвт тодотгол хийхийг дэмжсэн байна.
МАН-ЫН БҮЛЭГ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ АСУУДЛЫГ ДЭМЖЛЭЭ
Төсвийн байнгын хорооны дарга Ч.ХҮРЭЛБААТАР:
-2022 онд эдийн засагт тулгамдаж буй гол асуудал бол үнийн өсөлт. 2021 онд 2022 оны төсвийг ярьж байхад УИХ дээр гишүүд дээрх асуудлыг хөндөж ярьсан. Бид энэ онд нөхцөл байдлаа бодитой дүгнэх ёстой. Урд хөршид цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан хил дээрх нөхцөл байдал сайжрахгүй байна. Мөн Украинд болж буй асуудлаас үүдэн гадаад худалдааны хүндрэл бэрхшээл тодорхой хугацаанд үргэлжлэх төлөв харагдаж байна. Тэгэхээр 2022 онд нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлтийг өөрчилж байна. Тиймээс залуусын жагсаалд гол яригдаж байсан асуудал нь үнийн өсөлт байсан. Үүнтэй холбоотой төсөвт тодотгол хийхийг бүлэг дэмжлээ. Төсөвт тодотгол хийж буй шалтгаан нь ам.доллар, төгрөгийн ханш дээр ирж буй дарамтыг бууруулах ёстой. Их хэмжээний эрэлт бий болговол хоёр төрлийн бэрхшээлийг эдийн засагт бий болгоно.
Нэгдүгээрт, төгрөгийн ханш унах, валютын нөөц хомсдоход хүргэж байгаа. Их хэмжээний эрэлт бий болмогц одоо хүндрэлтэй байгаа тээвэр ложистикт улам нэмж ачаалал болно. Одоо хил дээр ачаа овоорсон байхад дээр нь нэмээд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх, зарим төсвөөр худалдан авах үйл ажиллагаатай холбоотой гаднаас орж ирэх бараанууд одоо байгаа тээвэр ложистикийн хүндрэлүүдэд нэмэлт ачаалал нэмж байна. Энэ нь тээвэр ложистикийн үнийг улам нэмэгдүүлэх, хөөрөгдүүлэх тул энэ асуудлыг бүлэг дээр ярьж, гишүүдийн 100 хувийн саналаар төсвийн тодотголыг хийе гэдэг зарчмын саналыг дэвшүүлж байна. Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэмсэн. Үүнтэй уялдаж төсвийн бодлогоо хэрэгжүүлэхгүй бол үр дүн бага байна.
"ГИШҮҮД УТАСНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛҮҮЛДЭГГҮЙ"
УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:
-Гишүүд дөрвөн тэрбумыг төсөвтэй авдаг гэж хүмүүс буруу ойлгодог. Хэзээ ч тийм зүйл байгаагүй. Тэр бол аймаг, дүүрэгт хийх хөрөнгө оруулж буй эрхтэй холбоотой асуудал. Гишүүд хууль санаачлахдаа 20 сая төгрөг авдаг гэдэг нь ташаа мэдээлэл. Өмнө нь ч тийм байгаагүй. Гишүүд утасны төлбөрөө төлүүлдэггүй. Бензиний төлбөр сарын хугацаанд 500 мянган төгрөг байдаг. Гишүүд нэг зөвлөхтэй, нэг туслахтай, орон нутагтаа ажиллах хоёр бие төлөөлөгчтэй байдаг. Ер нь УИХ-ын нийт зардал 50 тэрбум төгрөг байдаг.
МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
-УИХ-ын дарга, Байнгын хорооны дарга, дэд дарга нар л албаны унаа унаж байгаа. Өөр нэг ч албаны унаатай гишүүн байхгүй. Дандаа хувийн унаа унадаг. Шуудан, харилцаа холбооны зардал 100 хувь өөрөөс нь байдаг. Хуучин төсвөөс төлдөг байсан. Одоо ганцхан сардаа бензиний лимит таван төгрөг аваад, хувийнхаа машинд хийгээд явж байна. Одоо хувийн машин хорих уу үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Ордны дотор баахан том тэрэг орж ирээд байна гэж та хэд хараад байгаа байх. Дандаа хувийн машин байгаа шүү. Албаны том тэрэг байхгүйг хариуцлагатай хэлье.
УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:
-УИХ-ын гишүүн Г.Амартүвшиний талаар хэлэхэд хуулийн хувьд түдгэлзэх гэдэг ойлголтыг УИХ-ын тухай хуулийн есдүгээр зүйлд заасан. Тухайлбал, Ерөнхий прокурор тодорхой нөхцөлд түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах заалттай. Ингэхдээ, Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд нэгдсэн хуралдаанд нууцаар санал хураах асуудлыг хэлэлцэх дэг жаягтай. Харин УИХ-ын гишүүн чөлөөлөгдөх хүсэлтийг өөрөө гаргах тохиолдол бий. Гэхдээ Г.Амартүвшин гишүүн ёс зүйн хувьд саад болохгүйгээр хүсэл эрмэлзлээ харуулах нь чухал гэж бодож байна.
Ямар тохиолдолд Ерөнхий прокурор санал оруулдаг вэ гэхээр бүрэн эрх нь мөрдөн шалгах ажиллагаанд саад болоод байвал бүрэн эрхийг нь түдгэлзүүлж буюу бүрэн эрхийнх нь үйлчлэлийг түр зогсоох явдал юм. Түүнээс биш гишүүнийг нь болиулах асуудал бол түдгэлзүүлэхтэй хамаагүй. Г.Амартүвшин гишүүний хувьд түдгэлзүүлж шалгаж өгөөч ээ гэж хэлж байна. Яг өнөөдөр гишүүнийг түдгэлзүүлэх санал оруулах эрхтэй субъект бол Улсын ерөнхий прокурор. Энэ асуудлаар өнөөдөр хүсэлт гаргаагүй байна. Хэмнэлтийг огт хийгээгүй гэж ярьж болохгүй. Төсвийн тодотголыг бид хоёр сарын өмнө хийлээ. 680 тэрбум төгрөгийн тэтгэврийн эх үүсвэрийг улсын төсөвт хэмнэлт хийх замаар оруулж ирсэн. Тэтгэвэр нэмж авсан бүх хүмүүс улсын төсөв, УИХ, Засгийн газрын харьяа бүх байгууллагаас гаргасан хэмнэлтээр санхүүжүүлсэн. Дахиж тодотгол оруулж байна гэдэг нь хэмнэлтийн бодлогоо үргэлжлүүлэх шаардлага гарч байна гэсэн үг.
УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:
-Нийт 110 гаруй төрийн өмчит компаниудаас ашигтай ажиллаж байгаа нь цөөн байна. Үүний заримыг нь татан буулгах бол, заримыг нь нэгтгэж, иргэд олон нийтийн хяналтад аваачиж Хөрөнгийн биржээр олон нийтийн хяналтад аваачих ажлыг хийнэ гэдгийг Ерөнхий сайд зарласан. Хэмнэлтийг төрийн өмчид компаниудад хийнэ. Төсвийн байнгын хорооноос жил бүр аудитын газраас аудитын хяналт хийх үүрэг чиглэлийг баталдаг. Төсвийн тодотгол, хэмнэлтийн горимтой холбоотой УИХ-ын дарга үүрэг чиглэл өгсөн.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.ХҮРЭЛБААТАР:
-Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудал дээр сайн ярилцаж байж шийдвэр гаргах ёстой. Уг нь энэ мөнгө хүндээ зориулагддаг мөнгө. Тэгэхээр Нийгмийн даатгалын багц хуулийг удахгүй өргөн мэдүүлэх байх. Уг хуульд НДШ, тэтгэврийн бодлогыг хэрхэн шинэчлэх үү гэдэг талаар тодруулж байгаад хамтад нь шийдэх болов уу. Энэ удаагийн төсвийн тодотгол жижиг сажиг, бага дүнтэй зардлыг хасах замаар шийдвэрлэнэ гэж ойлгож болохгүй. Хөрөнгө оруулалт, урсгал зардал гадаадын зээлийг хамарсан томоохон таналт явагдах болов уу гэж бодож байна. Засгийн газраас төлөвлөлтийг хийж байгаа.
МАН-ЫН БҮЛГИЙН ХУРАЛД ЕРӨНХИЙ САЙД ОРОЛЦОЖ БАЙНА
НЭМЭЛТ:
МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар төсөв тодотгох асуудлыг хэлэлцэж байгаа бол үдээс хойших хуралдаанаар авлигын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгах буюу төв талбайд жагссан залуусын шаардлагыг хангаж, Эрүүгийн хуулийн 22.1-т өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэх асуудлаар шийдвэр гаргах юм байна.
МАН-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАЖ БАЙНА
МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанд Ерөнхий сайд оролцож байна. Өнөөдрийн /2022.04.11/ хуралдаанд дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Эргэн сануулахад, өнгөрөгч Баасан гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд жагсагчдын шаардлагад хариу өгөх үеэр "Монгол Улсын Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Их Хурлын даргатай зөвшилцсөний үндсэн дээр тус хуулийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор багтаан Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж батлуулна" хэмээн мэдээлсэн билээ. Энэ дагуу дээрх асуудлаар хуралдаж байгаа аж.
Мөн өнгөрөгч амралтын өдөр УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, төрийн хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх зэрэг асуудлыг өнөөдөр бүлгийн хурлаар оруулах гэнэ.