
-Танай сургууль энэ жил хэдэн оюутан дотуур байрандаа авах вэ?
-Энэ хичээлийн жилд дөрвөн дотуур байрандаа нийтдээ 1445 оюутан хүлээн авахаар болсон. Эхний ээлжинд нэгдүгээр курсын оюутнуудаа хамруулна. Нийтдээ 1197 нэгдүгээр курсын оюутан хүлээн авна. Хоёр ба түүнээс дээш курсынхнээс 237 оюутан авах боломжтой.
-Тэгэхээр цаана нь олон зуун оюутан байргүй үлдэнэ. Байраа өргөтгөх, шинэ бай барих боломж бололцоо юу байна?
-Тиймээ. Дотуур байранд амьдрах хүсэлтэй олон мянган оюутан байдаг. Бидний хүчин чадал л энэ шүү дээ. Нэг өрөөнд 4-5 оюутан амьдарч байна. Шинэ байр барих, өргөтгөх зайлшгүй шаардлагатай байгаа нь үнэн. Хөрөнгө мөнгөний асуудал гэж хэцүү юм байна шүү дээ.
-Хэзээнээс оюутнуудаа хүлээн авч эхлэх вэ?
-Энэ сарын 25-аас сургуулийн бүртгэл эхлэхээр дотуур байрны бүртгэлийг давхар хийнэ.Бүртгэж дуусаад есдүгээр сарын 3-аас эхлэн оюутнуудаа авч эхлэх байх.
-Дотуур байрын засварын ажил дууссан. Их засвар хийсэн байр байгаа юу?
Засварын ажил дуусах шатандаа явж байна. Энэ сарын 25 гэхэд дотуур байрны бэлэн байдлыг шалгана. Бүх байрууд шаардлагатай хэсгүүдэд урсгал засвар хийсэн. Харин их засвар хийсэн байр байхгүй гэсэн хариултыг өглөө.
2008 онд БСШУЯ, Монголын оюутны холбоо хамтран баталсан “Оюутны дотуур байрны стандарт” гээч зүйл бодит байдал дээрээ биелэлээ олох яагаа ч үгүй байна. Уг нь өнгөрсөн зургадугаар сард энэ намраас эхлэн хэрэгжүүлнэ гэж байсан ч цагаа тулахаар юун стандарт манатай болох нь гарцаагүй боллоо. Юутай ч батлан гаргасан стандартад дөхөж очсон дотуур байр байгаа эсэхийг тодруулахаар МОХ-ны гишүүн Ж.Жамбалдагватай уулзлаа.
-Та бүхний санаачлан баталсан оюутны дотуур байрны стандартыг хангах байр байна уу?
-Бид оюутны дотуур байрны стандартыг баталж, сургууль бүрт хүргүүлсэн.Гэхдээ энэ бүхэнд хугацаа хэрэгтэй. Одоогоор стандартыг 100 хувь хангасан байр хараахан алга. Харин сүүлд шинээр баригдсан ХААИС-ын дотуур байр нэлээд дөхөж очих байх. Мөн ЭМШУИС-ын Сувилахуйн сургуулийнхан бидний санаачлагыг дэмжиж өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан агааржуулалт, ариун цэврийн өрөөний хүрэлцээ зэрэгт анхаарч байгаа. Ирэх сард бид албан ёсны шалгалт хийнэ. Энэ бол нэг ололт гэж бодож байна.
-Оюутны байрны хүрэлцээ тун хангалтгүй байгаа шүү дээ. Тэгэхээр нэг оюутанд дөрвөн ам метр талбай оногдоно гэдэг ойрын хэдэн жил мөрөөдөл төдий л байх болов уу?
-Тиймээ. Хүрэлцээ үнэхээр хангалтгүй байгаа. Гэхдээ бид аливаа зүйлийг болох талаас нь харж, үр дүнг нь үзэх нь чухал. Жил бүр олон мянган оюутан элсүүлж, төлбөрөө бас нэмж болоод байгаа юм чинь оюутнуудаа амьдрах байраар хангах ёстой гэлээ.
Оюутны эрх ашгийг хамгаалах үүрэгтэй оюутны холбооны гишүүдийн санаачлагад буруу юм байхгүй. Дотуур байрны стандартад нийтийн гал тогоо, угаалгын болон хувцас хатаах өрөө, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд зориулсан явган хүний шат, гаднах талбайд тохижилт, эрэгтэй эмэгтэй оюутны тооноос хамаарсан ариун цэврийн өрөө, нэг оюутанд дөрвөн ам метр талбай, өрөө бүрийг интернэттэй холбох зэрэг шаардлагыг тавиад байгаа юм. Эдгээр шаардлагаас биелэлээ олох хараахан болоогүй зүйл олон бий. Дотуур байранд амьдрах зайлшгүй шаардлагатай оюутныхаа тал хувийг л дөнгөж аргалж байгаа энэ үед эхлээд хүрэлцээнийхээ асуудлыг шийдэх хэрэгтэй байх. Харин дараа нь стандартаа ярьж болох юм. Ядаж л төрийн өмчийн сургуулиуд нь шинээр дотуур байр барих, өргөтгөх ажлыг яаравчилж, хувийн өмчийн сургуулиудад магадлан итгэмжлэл олгохдоо стандартад нийцсэн дотуур байртай байх шаардлага тавьдаг баймаар.
Тун удахгүй амьдрах байрны төлөөх тэмцэл эхлэх нь дээ.
С.Отгонсүрэн