"Хөшигийн хөндийд казино байгуулахыг судлах хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

"Хөшигийн хөндийд казино байгуулахыг судлах хэрэгтэй"

"Хөшигийн хөндийд казино байгуулахыг судлах хэрэгтэй"

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоолын төслийг УИХ дэмжсэн. Тэгэхээр Хөшигийн хөндийг яг ямар байдлаар хөгжүүлэх юм бэ. Чөлөөт бүс нэртэй хашаа, хайснаас өөр барилга байгууламжгүй олон газар байна. Хөшигийн хөндий чөлөөт бүс нэртэй хөгждөггүй, хөгжүүлдэггүй цаасан дээр үлдсэн төсөв болох вий гэсэн болгоомжлол байгаа?

-Гишүүд өмнөх чөлөөт бүсийн алдаагаа давтах вий гэдгээс санаа зовж байгаа гэдгээ хэлсэн. Үндсэндээ чөлөөт бүс гэхээр манайхан хашаа барьдаг, барьсан хашаа нь эхнээсээ шаардлага хангахгүй болчихдог гэмтэй. Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлнэ гэж хашаа барьсан, одоо хашаа ч үгүй болсон байна. Энэ удаагийн чөлөөт бүс нь шинэ нисэх онгоцны буудлын дэргэд баригдана. Хэдийгээр Улаанбаатар хоттой ойрхон, хүний нөөц, боловсон хүчин хангалттай боловч УИХ-д оруулж ирсэн төслийг харахад хөрөнгө оруулалт татах өнцөг харагдахгүй байна. Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тодорхой концепцтой байх ёстой. Хөрөнгө оруулагчдын саналыг авч, тэдний сонирхож байгаа зүйлд нь тохируулж чөлөөт бүсийн үйл ажиллагааг тодорхойлох нь зөв. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эрэлтээ тооцох, тэдэнд тавигдах шаардлага нь ямар байх гэх зэргээр төлөвлөлтийг хатуу хийж болохгүй гэдгийг би чуулганы хуралдаан дээр  илэрхийлсэн. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулагчтай харилцаж,  яг юу хүсээд байгааг нь сонсч тэдний шаардлагыг хангасан, эрэлтэд нийцүүлсэн үйл ажиллагааг явуулах,  чиглэлийг тодорхойлох ёстой. Одоогийн төлөвлөгөөгөөр бооцоот тоглоомын газар гэх мэт зүйлсийг нарийвчилсан боловч хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцэх үү гэдэг нь хэцүү гэж бодож байна.

"БИД ӨМНӨ НЬ ОЛОН ЧӨЛӨӨТ БҮС ЦААСАН ДЭЭР БАЙГУУЛСАН"

-Хөшигийн хөндийд казино байгуулах асуудал яригдсан. Казино байгуулснаар гаднын хөрөнгө оруулагчдыг татаж чадах болов уу. Нөгөө талаар нийгэмд сөрөг үр дагавар авчирч магадгүй?

-Казино байгуулах нь зөв. Өөрөөр хэлбэл, бооцоот тоглоомын газар байгуулаад гаднын энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг бусад томоохон улстай өрсөлдөөд явбал сайн байна. Гэхдээ яг үнэндээ тийм хэмжээний өрсөлдөөн үүсгэж чадах уу гэдэг нь асуудал. Казино байгуулах нь буруу, зөвдөө биш. Тэр үйл ажиллагааг бид явуулж чадах уу, хүний нөөц нь байна уу, хэрвээ казино байгууллаа гэхэд жуулчид хүрч ирэх үү гэдэг нь хамгийн чухал.  Макао, Өмнөд Солонгост байдаг шиг олон хүн очих уу гэдэг ч эргэлзээтэй. Энэ талаар сайн бодмоор байгаа юм. Харин чөлөөт бүсэд томоохон агуулах, уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ,  ханган нийлүүлэлт хийдэг суурь бааз бий болгож яагаад болохгүй гэж. Жишээ нь, Казахстан, юм уу Монголд ойр уул уурхайн компаниуд, тоног төхөөрөмж үйлдвэрлэг компаниудын тоног төхөөрөмж нь эвдэрлээ гэхэд хамгийн нисэх онгоцны буудлаас нийлүүлчихдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй энд казино байгуулах гэж байгаа гээд хийсэн юмгүй байгаад байвал хоосон хашаатай л үлдэнэ.  Чөлөөт бүс доторх төрийн үйлчилгээ гааль, хяналт шалгалт явуулах байгууллага баригдах нь ойлгомжтой. Бид юмыг алдаагүй зуун хувь тооцоолоод хийж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ бид алдаагаа давтах нь тэнэг үйлдэл. Өмнө нь бид чөлөөт бүс байгуулж,  хуулийг нь  гаргасан. Харамсалтай нь, амжилттай хэрэгжүүлж чадаагүй хоёр гурван төсөл байхад одоо гурав дах чөлөөт бүсээ өөр өнцгөөс нь харж хийх ёстой.

-Чөлөөт бүсэд хамгийн чухал нь дэд бүтцийн асуудал шүү дээ. Дэд бүтцийг хэрхэн цогцоор нь шийдэж өгөх юм бол?

-Ер нь чөлөөт бүсийг цогцоор нь баръя гэвэл дэд бүтцийг хийж өгөх ёстой. Гэхдээ дэд бүтэц олон янз. Жишээ нь цахилгаан татчихаад дэд бүтэц хүргэчихлээ гэж хэлж болохгүй. Үйлдвэрлэл явуулах гэж байгаа бол цэвэрлэх байгууламж, ус гээд дэд бүтэц, байгаль экологийн асуудлыг нь шийдэх асуудал гарч ирнэ. Дэд бүтцээ эхлээд шийдэхгүй бол Замын-Үүд, Алтанбулагийн чөлөө бүсэд нарийн үйл ажиллагаа явуулна гээд баахан цаасан дээрх төлөвлөгөөтэй л үлдчихээд байгаа.

"ТӨР ОРЛОГО БАГАТАЙ АРД ТҮМНЭЭ ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ"

-Засгийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлах хуулийн төсөл өргөн барилаа. Энэ хуулийг та хэрхэн харж байна вэ. Зарим эдийн засагчид төр үнийг хүчээр хязгаарлах нь буруу, цаашид инфляцийг улам нэмэгдүүлнэ гэдгийг хэлж байна?  

-Ер нь зах зээлийн зарчмаараа үнийг хэн ч тогтоож чадахгүй. Гэхдээ бид нарт тохиолдсон нөхцөл байдал өөр. Урд хөрш хилээ хаачихсан, хойд хөрш цэргийн үйл ажиллагаанаас болж нэг ёсондоо хаашаа ч гарцгүй түгжигдчихлээ, Монгол. Энэ үед төрийн үүрэг нь ард түмнээ дэмжих, ялангуяа орлого багатай иргэдээ хамгаалах үүрэгтэй. Байнгын биш тодорхой хугацаанд авч хэрэгжүүлэх гэж буй хууль гэсэн өнцгөөс нь харах хэрэгтэй. Ялангуяа эмзэг бүлгийн иргэдийн орлогын дийлэнх нь хоол хүнсэнд зарцуулдаг учраас үнийн өсөлт тэдний амьдралд хүнд цохилт болж байна. Төр энэрэнгүй нийгэм байгуулж буй юм бол ядарсан зовсон хүнд үед нь иргэдээ бодсон бодлого зайлшгүй явуулах хэрэгтэй. Биднээс хамаарахгүйгээр гадаад нөхцөлд үүссэн байдлыг хохирол багатай даван туулахын тулд ийм бодлого оруулж ирсэн. Тиймээс энэ төслийг дэмжиж байгаа. Цалин хөлс, бараа бүтээгдэхүүний үнэд төр хөндлөнгөөс зохицуулалт хийж оролцоно гэдэг зуун хувь буруу. Нэг зүйлийг онцлоход,  Засгийн газар сайн ажилласан. Цар тахлыг бид даван туулаад гараад ирлээ. Гэтэл геополитикийн асуудал гараад ирнэ гэж хэн таамаглах юм бэ.

-Өнгөрөгч долоо хоногт болсон Эдийн засгийн чуулганаар Шинэ сэргэлтийн бодлогыг түлхүү ярилцлаа. Гэхдээ Шинэ сэргэлтийн бодлого хөрсөн дээр буухгүй байх вий гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Шинэ сэргэлтийн бодлого бодитоор хэрэгжиж чадах уу?

 -Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гаргасан шинэчлэл хийх гэж буй алхам гэж харсан.  Бид нэгдсэн бодлогогүй явж ирсэн. Эдийн засгийн хувиар ямар загвараар хөгжих юм гэдгийг тодорхой болгож байгаа. Тиймээс өргөн агуулгаар нь харах хэрэгтэй. Цаашид нэг цэгц бодлого болоод явбал эерэг үр дүн гарна. Цаашдаа үйлдвэржилтийг дэмжсэн, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай болгох энэ чиглэл рүү хийгдэх өөрчлөлтийн бодлогыг Шинэ сэргэлтийн бодлого гэж нэрлэчхээд байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж