Монгол хүний амь насыг “үхлийн гурвалжин”-аас аврах боломжтой

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Монгол хүний амь насыг “үхлийн гурвалжин”-аас аврах боломжтой

Монгол хүний амь насыг “үхлийн гурвалжин”-аас аврах боломжтой

“Хаппи веритас” эмнэлгийн зөвлөх эмч Ж.Амарсанаатай хорт хавдрын өвчлөлийн талаар ярилцлаа.


-Монгол улс хүн ам цөөн хэдий ч хавдрын нас баралт өндөр байгаа нь юутай холбоотой вэ. Таны хувьд үүнийг “үхлийн гурвалжин” гэж тайлбарласны учрыг асууя?

-Монгол хүний нас баралтаар тэргүүлэх өвчнүүдийг нэрлэхэд гурвалжин хэлбэр үүсдэг. Нэгдүгээрт, зүрх судасны өвчин. Зүрх нь хүний биеийн зүүн хэсэгт байрладаг. Дараагаар нь элэгний өвчин буюу баруун хавирганы доор байгаа. Гуравдугаарт, улаан хоолой буюу ходоодны өвчин буюу зүрхний доод хэсэгт бий. Эдгээр нь сүүлийн жилүүдэд монгол хүний нас барж буй тэргүүлэх өвчин. Энэ гурвыг холбохоор гурвалжин дүрс гарна. Бид энэ гурвалжинг анхаарч, эрт анагааж чадвал олон мянган хүний амь насыг хамгаалах бүрэн боломжтой.

Нэг жилд 8800 орчим хүн зөвхөн энэ өвчнөөр нас барж байна. Үүнээс зүрх судасны өвчин 5500, улаан хоолой, ходоодны хорт хавдар 800, элэгний өвчнөөр 2500 хүн нас бардаг. Үлдсэн хувийг уушги амьсгалын замын өвчлөл эзэлж буй.

-“Үхлийн гурвалжин”-аас монгол хүн хэрхэн эрүүл мэнд, амь насаа хамгаалах вэ?

-Эхний ээлжинд эдгээр өвчнийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Дээр үед энэ гурвалжин арай өөр байсан юм билээ. Тодруулбал, зүрх судасны өвчинг дайрлага гэдэг байсан бол улаан хоолойн хорт хавдрыг нарийндах гэдэг байсан. Бас хаван буюу зүрх, бөөрний дутагдлаар монголчууд нас бардаг байлаа.

Орчин цагт арай өөр болж, зүрх судасны өвчлөл хэвээрээ бол улаан хоолойноос илүү ходоодны хорт хавдар нэмэгдсэн. Элэгний өвчлөл бол дээр үеэсээ монгол хүний үхлийн шалтгаан байгаагүй юм билээ.

Сүүлийн хагас зуун жилд л хамгийн их газар авч, шинээр гарч ирсэн өвчин. Учир нь зүү тариураар дамжин элэгний шар, элэгний В, С вирусийн халдвар нэмэгдсэн. Мөн дээрээс нь архидалт нөлөөлж байна. Монголчууд дээр үед харьцангуй бага градустай, малын гаралтай шимийн архи уудаг байсан учраас архины гаралтай элэгний хорт хавдар ховор байлаа. Харин одоо өндөр градустай архи хэрэглэж, элэгний В,С Д вирусийн халдвар өндөртэй болсон.

Харин ходоодны хорт хадвар нэмэгдэж байгаа нь монгол хүний амьдралын хэв маягтай шууд холбоотой. Давсны хэрэглээ их болсон. Бас элдэв химийн найрлагатай хоол хүнс, янз бүрийн амтлагчтай хоол, утсан мах, химийн найрлагатай хиаман бүтээгдэхүүн их хэрэглэдгээс өвчин нэмэгдэж байна.

-Хавдар туссан л бол эмчилгээгүй гэх ойлголт байдаг. Эрт үедээ оношлогдвол хавдар эмчлэгдэх боломжтой гэдгийг эмч нар зөвлөдөг шүү дээ?

-Нарийн шалтгааныг нь ухаад үзвэл, хавдрыг урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх боломжтой. Жишээлбэл, элэгний хорт хавдрын вирусийг маш сайн эмчилвэл хорт хавдар үүсэх нь багасдаг. Архийг бол хязгаарлаж болно. Энэ бол хувь хүний ухамсрын асуудал. Вирус, архи хоёроос салахад элэгний хатуурлын гаралтай нас баралт бүрэн буурах боломжтой.

Ходоодны хорт хавдар бол үндсэн дөрвөн шалтгаантай. Үүнд, хелокибактер, давс амтлагчийн хэт хэрэглээ, тамхи, удамшлын шалгаан бий. Тиймээс иргэд хорт хавдраа эрт илрүүлж, эмчлэх шаардлагатай. Улаан хоолойн хорт хавдар ходоодны хорт хавдрын оношилгоо нь нэг байдаг. Ходоодны дурангаар зэрэг оношлох боломжтой. Шалтгаан нь бас төстэй бөгөөд тамхины хэт хэрэглээ болон хэт халуун хоол хүнс хэрэглээ байдаг. Бас удамшил байна.

Харин зүрх судасны өвчний хувьд өөх тосны буруу хэрэглээ, хөдөлгөөний дутагдал нөлөөлдөг. Өөх тосны буруу хэрэглээ хүний судсыг хатууруулж, гэмтээж байдаг бол тамхины хэрэглээ тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тиймээс  иргэд эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлж чадвал нас баралтаас сэргийлэх бүрэн боломжтой.

-Элэгний өвчлөл сүүлийн 50 жилд эрс нэмэгдсэн гэлээ. Гэтэл элэг дүлий эрхтэн ч гэж ярьдаг. Хавдраар өвчилөн хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хорт хавдрын эрт болон дунд үедээ бол зөвхөн шинжилгээгээр мэдэгдэнэ. Хожуу үедээ гаднаас нь харахад нүүр царай харлах гэх мэтээр мэдэгддэг. Тийм учраас өөрийгөө өвчтэй байж болзошгүй гэж бодож байгаа бол шинжилгээ өгч, эмчлүүлэх нь зүйтэй. Мөн хэвлий усаар дүүрч эхэлдэг. Мөн тархины хордлого өгч, ухаан санаа балартах тохиолдол гардаг.

-Хавдарт хүргэдэг шалтгаан, оношилгоо, эмчилгээний талаар ярилцлаа. Хавдраас өдөрт тутамдаа сэргийлэх зөвлөгөөг өгөхгүй юу?

-Ямар нэгэн том шалтгаан байх ёстой. Том шалтгааны нэг нь монголчуудын хорт зуршлын хэрэглээ хэт өндөр, буруу хооллолт байж болзошгүй. Бидний хэрэглээнд хорт бодис өндөр байхыг ч үгүйсгэхгүй. Усны сав буюу хуванцар саванд хорт хавдар үүсгэгч бодис маш их байдаг. Мөн элэгний вирусийн халдвар асар өндөр. Хеликобактерийн халдварын хэмжээ нийт хүн амын 76-82 хувь нь халдвартай гэж үздэг. Ходоодны хорт хавдрын нэг шалтгаан гэж ойлгож болно. Монголчуудын өөх тосны хэрэглээ маш их. Энэ нь зүрх судасны өвчнөөр эрт нас бардаг гол шалтгаан. Төрөөс өөх тосныхоо чанарыг нарийн тогтоож чаддаггүй. Дэлхийн улс орнууд өөх тосны хэрэглээг хязгаарлаж, аль нь сайн муу байдаг вэ гэдгийг нарийн тогтоож чаддаг. Манай ихэнх хүнсний үйлдвэрлэгч, үйлчилгээний газрууд транс тосыг хэрэглэдэг. Учир нь өнгө чанараа алддаггүй, хямд үнэтэй байдаг. Иргэд орц найрлагыг нь сайн мэддэггүй бүтээгдэхүүнийг худалдан авч, хоол хүнсэндээ хэрэглэдэг. Хойд хөршөөс оруулж ирж буй масло бол транс тосны орцтой байдаг. Тэрний оронд дотоодод үйлдвэрлэсэн цөцгийн тос харьцангуй экологийн цэвэр бүтээгдэхүүн байдаг.

Монгол Улс гадаадаас оруулж ирж буй хоол хүнсэнд ямар ч хяналт тавьдаггүйтэй шууд холбоотой. Одоо нэг үеэ бодвол дотооддоо транс тос үйлдвэрлэхээ больж, гадаадаас их хэмжээгээр оруулж ирдэг болсон. Засгийн газраас “Хоол хүнсний үндэсний хөтөлбөр” баталсан хэрнээ импортоор орж ирж буй транс тосонд ямар ч хяналт тавьдаггүй.

Мөн нэмж зөвлөхөд иргэд хөдөлгөөний дутагдалд их орж байна. Ялангуяа өвлийн улиралд ажил гэр гэсэн маршруттай байдаг. Зундаа орж гараад харьцангуй хөдөлгөөнд орчихдог шүү дээ. Ер нь цусны эргэлт хүчтэй байх тусмаа зүрх судасны өвчнөөр бага өвчилнө. Урсгал ус цэвэрхэн байдаг бол тогтмол усанд нян бактер үүсч, бохирдож байдаг шүү дээ. Хөдөлгөөний дутагдлаас үүдэн хэрэгтэй, хэрэггүй уургийн хаягдал хуримтлагдаж, өвчний шалтгаан болж байгааг ойлгох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж