Талбайд жагсах бус сонгуульдаа идэвхтэй оролц, залуус аа!

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Талбайд жагсах бус сонгуульдаа идэвхтэй оролц, залуус аа!

Талбайд жагсах бус сонгуульдаа идэвхтэй оролц, залуус аа!

Монголын залуучууд гурван өдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал өрнүүлж, Засгийн газар, УИХ-д  хэд хэдэн шаардлага хүргүүлэв. Жил бүрийн хаврын жагсаал, цуглаан Засгийн газрыг огцрохыг шаарддаг бол  энэ удаад залуус  “Ажлаа хий” гэсэн содон уриатайгаар гудамжинд гарцгаасан юм. Нэгэн цагт өөрөө жагсч, тэмцэж явсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр гарч ирж, жагсагчдын шаардлага хүлээж аваад зогсохгүй Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлаж, залуусын төлөөлөл багтсан ажлын хэсэг ч байгуулав. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын дарга ч мөн ажлын хэсэг байгуулж, өнөөдрөөс эхлэн төрийн байгууллагууд том машин унахгүй, хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэхээр болов. Мэдээж төрийн түшээд, дарга нар том машин унаснаараа хэмнэлт хийж болох ч төрийн алба, ажил бол иргэддээ үйлчлэх байгууллага. Өндөр ёс суртахуунтай орнуудад бол төрийн албан хаагчид нь хувийн том жийпээрээ биш нийтийн тээврээрээ албандаа зорчдог жишиг ч бий.

Харамсалтай  нь Монголд дарга л бол заавал сүүлийн үеийн үнэтэй, том машин унадаг бичигдээгүй хуультай учир энэ удаад тийм ч амархан машинаа сольчихно гэдэг юу л бол. Залуучууд нь Сүхбаатарын талбайд жагсаад байгаа учир Г.Занданшатар ч, Л.Оюун-Эрдэнэ ч хэмнэлтээ өөрсдөөсөө эхлэх шийдвэр нь энэ байв.

Хил, гааль нь нээлттэй бус өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин нэмэгдчихсэн, үнийн өсөлт тэнгэрт гарчихсан, харин эсрэгээрээ иргэдийн орлого буурч, амьдрахад хаанаа ч хүрэхгүй байгааг эсэргүүцсэн энэ удаагийн жагсаал зохион байгуулалттай эсвэл зүрх сэтгэлээрээ аль нь ч бай өнөөдрийн бодит байдлыг эсэргүүцсэн олон иргэдийн хүсэл байлаа. Гайхалтай нь гэвэл энэ удаагийн жагсаалд залуучууд их оролцов. Орчин үеийн залуус өөр үзэл бодолтой, өөрсдийн гэсэн итгэл үнэмшилтэй, дэлхийтэй хөл нийлэн алхаж, эрүүл зөв шаардлага тавьж байгаа нь үнэн.

Гэхдээ Сүхбаатарын талбайд жагссанаар асуудал шийдэгддэггүй. Мэдээж, Засгийн газар, УИХ “гал намжаах” арга хэмжээ авч байгаа боловч өнөөдөр залуучуудын оролцоо дөрвөн жил тутамд зохион байгуулдаг сонгуульд жагсаалаас илүү хэрэгтэй байна.

Хамгийн сүүлд буюу 2021 оны аравдугаар сард болсон УИХ-ын нөхөн сонгуульд хамгийн идэвхтэй сонгогч нь 40-өөс дээш насныхан байв.  Энэ дундаас хамгийн өндөр ирцтэй нь 60-аас дээш насныхан 60-70 хувийн ирцтэй оролцсон байна. Харин Сүхбаатарын талбайд жагссан шиг залуучуудын ирц хамгийн бага буюу 40-өөс доош хувийн ирцтэй оролцсон байна. Мөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн адил залуучуудын оролцоо бага байсан юм. Ер нь сонгууль бүрээр л залуучуудын оролцоо, идэвх маш сул байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсаар ирсэн. Гэхдээ бодит байдал дээр залуучууд сонголтоо хийхэд оролцдоггүй, саналаа өгдөггүй.

Яг л ийм жишгээр олон жил явсаар өнөөдрийн энэ эсэргүүцээд байгаа, шүүмжлээд байгаа нөхцөл байдал бүрдэх боломжийг олгосон хүн нь сонгуульдаа оролцдоггүй, залуучууд та нар өөрсдөө юм.

Нөгөө л эх орны ирээдүй болсон 18-35 насныхан сонгуульдаа идэвхгүй оролцсоор, бүр огт оролцохыг ч хүсдэггүй хэсэг бүлгийн дүр төрх энэ.

Нөгөө талд УИХ, Ерөнхийлөгч, Иргэдийн хурлын сонгуульд оролцогч намууд зөв хүнээ нэр дэвшүүлдэггүй байдал нь залуусыг сонгуульд оролцох идэвхийг бууруулдаг гэнэ. Учир нь өнөөгийн залуучууд сонголт хийхдээ тухайн нэр дэвшигчийг хийж байсан ажил, ямар хүн бэ гэдэгт нь анхаарал хандуулдаг бөгөөд нөгөө л нэг нэр дэвшигчид байхад санал өгөх, сонгуульд оролцох сонирхол төрдөггүй гэсэн судалгаа ч бий.

Залуучууд маш тайвнаар, соёлтойгоор жагсч чаддаг болсон, залуусын дуу хоолой, хүсэл, тавих шаардлага нь ч өөрчлөгдсөн гэдгийг өнгөрсөн хоёр өдрийн жагсаал харууллаа. Нийт сонгогчдын олонх нь ч залуучууд болсон ийм цаг үед улс төрийн намууд нь шинэ соёл, шинэ бодлого хэрэгжүүлж, залуучууд нь шаардлага тавьж, сонгуульдаа идэвхтэй оролцдог болох цаг болжээ.

Улс төрийн намууд нь шинэ соёл, ёс зүйд суралцаж, залуучууд нь сонгуульдаа идэвхтэй оролцож байж бид урагш алхах цаг ирснийг залуучууд сануулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
247
ТэнэглэлТэнэглэл
24
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж