Майкл С.Клечески: Монголын ардчилал тусгаар тогтнолд маш чухал

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Майкл С.Клечески: Монголын ардчилал тусгаар тогтнолд маш чухал

Майкл С.Клечески: Монголын ардчилал тусгаар тогтнолд маш чухал

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Элчин сайд Майкл С.Клечески сэтгүүлчидтэй  уулзаж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн хүрээнд хоёр орны хамтын ажиллагаа, эдийн засгийн бодлого болон тусгаар тогтнол, үзэл бодлын талаар ярилцав. Майкл С. Клечески нь 2019 оноос эхлэн Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ажиллажээ. Тэрбээр өөрийн бүрэн эрхт хугацаандаа Монгол болон АНУ-ын дипломат харилцааг чухалчилж, эдийн засаг, боловсролын салбарт хэд хэдэн ажил гүйцэтгэсэн байна. Мөн хоёр орны хамтын ажиллагааг сайжруулах үүднээс Монголын ард түмнээс санал, хүсэлт хүлээн авах сонирхолтой  байгаагаа онцлов.

АНУ болон Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Ойн хүрээнд АНУ-ын Элчин сайдын яам Монголын БСШУЯ-тай хамтран “FullBright” оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлах болсон байна.

Ингэснээр Монголын оюутан залуус АНУ-ын хүссэн сургуульдаа суралцах боломжтой. Мөн  мөнгөн тэтгэлгийн дээд хэмжээ тогтоогоогүй ба өргөдөл гаргагч нь дансандаа мөнгөн барьцаа байршуулах шаардлагагүй нь онцлог юм.

Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж, 4000 орчим гадаад оюутанд тэтгэлэг олгожээ. АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй “FullBright” оюутны хөтөлбөр нь анх 1995 онд эхэлж байсан бол 2011 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаар судалж эхэлсэн байна. Энэ оноос эхлэн “FullBright” хөтөлбөр жил бүр 13-15 хүнийг сонгон шалгаруулж, тэтгэлэг олгоно.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены санаачлагаар зохион байгуулдаг “Байгальд ээлтэй ногоон төсөл”-ийн хүрээнд тус улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотын усны хангамж сайжруулах төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Усны хангамж сайжруулах төслийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засгийн газраас олгосон 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байна. Ийнхүү хоёр орны дипломат харилцаа тогтоосны 35 жилийн хүрээнд олон ажил төлөвлөж байна гэж Элчин сайд Майкл С. Клечески ярилаа.

ОРОС-УКРАИНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ МОНГОЛД НӨЛӨӨЛӨХ НЬ

Мэдээж хэрэг үнийн огцом өсөлтийг мартаж болохгүй. АНУ-ын хувьд Монголбанктай ямарваа нэгэн харилцаа холбоо байхгүй. Харин Монголын бүрэн эрхт байдал болон тусгаар тогтнолд Орос түрэмгийлэх бол АНУ-ын зүгээс яаралтай бодлого хэрэгжүүлэх аж. Одоогийн байдлаар Монголын тусгаар тогтнол болон бүрэн эрхт байдалд аюул заналхийлсэн шинж илрээгүй гэж Элчин сайд Майкл С.Клечески хэлэв.

Олон улсын хувьд АНУ болон түншүүд ОХУ-ын эсрэг хориг тавих Европын холбооны /ЕХ/ санал хураалтад түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн зарим улсад  дарамт шахалт үзүүлээд байна. Хамгийн тод жишээ нь АНУ-ын зүгээс Хятад улс руу удаа дараа сануулга өгч, Ази-Номхон далайн хэсэгт цэргийн үйл ажиллагаа өрнүүлэх болсон.

Харин  Монгол Улс хоёр ч удаа түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн билээ. Тиймээс АНУ-ын зүгээс Монгол Улсад ямарваа дарамт шахалт үзүүлэх боломжтой юу гэх асуултыг хөндөв. Энэ асуултад АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески “Үгүй” гэх хариултыг өгөв. Учир нь Монгол Улс болон АНУ нь гуравдагч хөршийн найрсаг харилцаатай ба тусгаар тогтнолд халдсан үйлдэл хийхгүй гэж тайлбарлав. Гэхдээ ЕХ-ны хориг арга хэмжээнд түдгэлзсэн бус санал нэг гэх байр суурьтай бол таатай байх болно гэж Элчин сайд Майкл С.Клечески дурдав.

 АНУ БОЛОН МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА, ТУСГААР ТОГТНОЛ

АНУ нь 1987 оны нэгдүгээр  сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хараат бус байдлыг хүлээн зөвшөөрч хоёр улс хамтын мэдэгдэл хийснээр албан ёсны дипломат харилцаа тогтоож байв. Элчин сайд Майкл С.Клечески тухайн үеийг дурсаж, АНУ нь  Монгол Улсын тусгаар тогтнолыг бүрэн дэмжихийн тулд Элчин сайдын яамаа байгуулсан гэв.  АНУ-ын үзэж байгаагаар, Монгол Улсын тусгаар тогтнолд хоёр зүйл чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Элчин сайд Майкл С. Клечески онцоллоо.  Энэ нь,

  •  Ардчилал
  • Чөлөөт зах зээл юм.

Орос улс Украин руу түрэмгийлсэн шиг Монгол Улсын тусгаар тогтнолд аюул заналхийлбэл АНУ нь гуравдагч хөршийн журмаар туслалцаа үзүүлнэ гэж Элчин сайд тайлбарлав. АНУ-ын хувьд Монголын тусгаар тогтнолыг хадгалахын тулд ямар ч үйл ажиллагаа өрнүүлэх боломжтой аж.

 АНУ-ЫН ВИЗ, ШУУД НИСЛЭГИЙН ЖУРАМ

Сүүлийн арван жилийн хугацаанд Монголын экспорт АНУ-д 30 хувиар нэмэгджээ. Гол экспортын салбар нь ноос ноолуур болон байгалийн гаралтай брэндүүд байдаг аж. Үүний адил АНУ-ын жуулчид экспортын чанарыг даган Монголд аялах хүсэлтэй байдгийг тус улсын Элчин сайд Майкл С. Клечески онцоллоо. Цар тахлын дэгдэлт буурсантай холбогдуулан АНУ-аас ирэх жуулчид болон Монгол Улсаас тус улсад айлчлах сонирхолтой иргэдийн хүсэлтийг түргэн шуурхай биелүүлэхээр ажиллаж байна гэж Элчин сайд ярив.

Гэвч виз мэдүүлэх явц хүндрэлтэй байгааг санууллаа. АНУ-ын Элчин сайдын яамны виз мэдүүлэх ярилцлага болон цаг 2023 он хүртэл дүүрсэн аж. Тус асуудлыг шийдвэрлэхийн тулд боломжтой бүх цагийг аль болох урагшлуулан, хоосон орон тоо гарвал АНУ-ын Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудсанд зарлаж буйг Майкл С.Клечески тайлбарлав. Ингэснээр долоо хоног бүр тус яамны цахим хуудаснаа боломжтой цаг нийтлэгдсэн байх ба иргэдийн тэвчээртэй байхыг Элчин сайд хүслээ.

Мөн АНУ болон Монгол Улс хооронд шууд нислэг үйлдэх арга замыг судалж байна гэж Элчин сайд Майкл С.Клечески онцлов. Нэгдүгээрт, шууд нислэг гаргахаас өмнө АНУ-ын зүгээс Монгол Улсын нисэх онгоцны буудал болон нисэх онгоцнуудын аюулгүй байдлыг шалгах үүрэгтэй байдаг аж. Энэ нь Монгол Улсын агаарын тээвэр АНУ-ын тээврийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох юм. Хоёрдугаарт, Монгол Улс олон улсын нээлттэй агаарын хэлэлцээрт нэгдэх хэрэгтэй. Энэ нь  АНУ болон Монгол Улсын агаарын тээвэр ижил төвшинд ажиллах боломжийг олгодог байна. Эхний ээлжинд дээр дурдсан хоёр алхам хэрэгжвэл АНУ болон Монгол Улс шууд нислэгтэй болох боломжтой юм байна.

АНУ-ЫН ХУВИЙН БАЙГУУЛЛАГУУД МОНГОЛД САНХҮҮЖИЛТ ОЛГОХ БОЛОМЖТОЙ ЮУ?

АНУ-ын Элчин сайдын яам бүр суугаа орныхоо хөрөнгө оруулах бололцоот орчны мэдэгдэл гэх тайлан жил бүр гаргадаг байна. Тус тайланд АНУ-ын хувийн компани болон хөрөнгө оруулагчид Монгол Улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд гардаг хэд хэдэн саад бэрхшээл байдаг талаар бичсэн. Монголд бизнес эрхлэхэд таагүй орчинтой гэж хэлэгдэх хамгийн том бэрхшээл нь авлига аж. Дараагаар  нийгмийн давхарга ялгаварлан  үйлчилдэг хууль болон хүнд суртал гэж АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески тайлбарлав.

Элчин сайд Монгол Улсад авлига буурч , хууль тэнцвэртэй үйлчилсэн цагт ямар ч орны жижиг дунд бизнес эрхлэгчид болон том корпорациуд үйл ажиллагаагаа явуулах дуртай байна гэв. Учир нь Монгол Улс хоёр том диктатур улсын голд тусгаар тогтнолоо хадгалсаар ирсэн бөгөөд  өсч буй эдийн засгийн нэг гэдгийг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж