
“Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2010 оны долдугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад 2.8 хувиар буурч, харин өмнөх оны жилийн эцсийнхээс 8.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 9.8 хувиар тус тус өссөн байна. Ерөнхий индекс өмнөх сарынхаас буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 6.5 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ” гэжээ. Хэдийгээр хэрэглээний үнийн индекс өмнөх сарынхаас буурсан гэж байгаа ч өмнөх жилийнхээс өссөн гэсэн харьцуулалт байгааг анзаарна уу. Басхүү 2,8 хувийн гэх энэ бууралтад ч иргэд эргэлзэж байна. Албан мэдээнээс илүүтэй бидний хэтэвч үнэнийг өгүүлдэг юм хойно. Басхүү албан мэдээнээс инфляци, хэрэглээний үнийн индекс яг тэдэн хувь байна гэсэн тоо тод харагдахгүй байгаа биз. Тэгэхдээ яах вэ үржүүлэх, хуваах үйлдлийг мэддэг бүхэн тоог нь гаргачихаж чадна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ албан мэдээг зөвтгөхийг хүсэх өнцгөөс харах юм бол махны үнэ нэмэгдсэн зэрэг шалтаг яалт ч үгүй инфляци өсөхөд нөлөөлөх л биз. Өргөн хэрэглээний барааны үнэ ханш наймдугаар сарын 18-ны байдлаар өмнөх долдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувь буурч, өмнөх долоо хоногийнхоос 0.2 хувь өссөн гэж мэдээлсэн байх юм.
Гэвч зах зээлийн үнэд нийт 2.5 сая иргэнд тараасан 174.7 тэрбум төгрөг цохилт өгсөн гэж эдийн засагчид бүү хэл энгийн иргэд ч таамаглаж байна. Хэдийгээр үүнийг албаны хүмүүс хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ч бас нэгэн албан мэдээ нотолгоо болж болно. Үүнийг дурдвал:
Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) өмнөх оны мөн үеийнхээс 1033.4 тэрбум төг буюу 41.2 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2010 оны долдугаар сарын эцэст 452.3 тэрбум төг болж, өмнөх сарын эцсийнхээс 4.9 тэрбум төг буюу 1.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 101.7 тэрбум төг буюу 29.0 хувиар өсчээ. Бэлэн мөнгөний нийлүүлэлт ихсэх тусам ханш нь үнэгүйдэж, инфляци ихсэх нэг дохио болдог гэдэг дээ.
Хамгийн сүүлийн үеийн гэж хэлж болох статистик мэдээллүүдээс иш татахад нэг иймэрхүү. Зуны гурван сард тоо бодож, толгойгоо эргүүлэх нь битгий хэл өмнөх өдөр тутмын албан ажлаа ч хаяад найрлаж, цэнгэж, амарч жаргадаг монгол уламжлал ёсоор өнөөхөндөө эдийн засаг, статистик зэрэгт анхаарал хандуулах нь цөөхөн байгаа биз, ялангуяа төрийн албаныханд. Тэр ч ёсоор Тавантолгойн орд газрын талаарх асуудлаа хэлэлцэж эхлэх нь үү гэсэн цэг хатгаад амралтынхаа аянд мордсон парламентынхаа жишгийг даган аливаа ажил түр зогсов. Амралын дуулианд санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлт болох ёстой Банкны хуулийн шинэчлэл ч дарагдаж орхив. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байгаа энэ хуулийг одоогоор хэн ч санахгүй байгаа нь үүний бас нэг жишээ.
Гэвч дарга нар үгүй байлаа гээд эдийн засгийн амьдрал зогсчихдоггүй, зах зээл гольдролоо өөрчилдөггүй юм. Өөрийнхөө жамаар “эргэж” л байдаг хойно, гурилын үнэ нэмэгдсэн, ОХУ нефтийн бүтээгдэхүүний экспортын татвараа нэмсэн мэдээллүүд түр дүлийрээд байсан заримыг сэрээж эхэллээ.
Дэлхийн зах зээлийн үнэ ханшийг айраг, наадамтайгаа холиод мартчихсан байсан төрийн албаныхан өнөөдөр гэнэт сэргэж, өнгөрсөн борооны хойноос цув нөмөргөн, үнэ нэмүүлэхгүй байх баатарлаг үйлс бүтээхээр хөдөлж эхэллээ. Тэдний үйлдлүүд цаашид хэрхэн үргэлжилж, ямар гай тарих, эсвэл гавьяа байгуулахыг хэлэхэд хэцүү. Ямар ч гэсэн наймдугаар сарын эцсээр алба ажил сэргэдэг жам ёсоор үйл явдал, сайн муу мэдээлэл ар араасаа цуварч эхлэх биз ээ.
А.ТУЯА