Г.Занданшатар дарга 1,7 тэрбумыг хэмнэж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар дарга 1,7 тэрбумыг хэмнэж чадах уу?

Г.Занданшатар дарга 1,7 тэрбумыг хэмнэж чадах уу?

Монгол Улсад 2020 оны байдлаар төрд ашиглаж байгаа нийт 24 мянган автомашин байжээ. Үндэсний аудитын газар /ҮАГ/ үүнээс зардал ихтэй 119 автомашиныг сонгож тооцоо хийхэд зардал нь нэг жилийн хугацаанд 1.7 тэрбум төгрөг болсон байна.

Тодруулбал, шатахууны зардалд 361 сая, сэлбэг тос бусад зардалд 271 сая, дулаан зогсоолд 69 сая, жолооч нарын цалинд нэг тэрбум төгрөгийг 2020 онд зарцуулсан тухай ҮАГ тайландаа дурджээ.

Харамсалтай нь, энэ олон машинаар овойж оцойсон ажил амжуулах гэхээс илүүтэй хүүхдүүдийг нь сургууль, цэцэрлэгт зөөж, эхнэрүүд нь дэлгүүрээс хүнсээ цуглуулахад  ашиглах нь олон. Тиймдээ ч энэ асуудал байнга олны шүүмжлэлд өртдөг.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа төрийн албанд том оврын жийп хэрэглэхийг хязгаарлахыг үүрэгдсэн. Гэвч Монголын хууль гурав хоног гэгчээр тэр шийдвэр  мартагдсан. Үүнээс гадна хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр 13 яаманд харьяалах 98, 32 агентлагт хамаарах 248 нийт 346 ширхэг шаардлагагүй автомашин байна гэсэн дүн гарчээ. Тиймээс эдгээр автомашиныг худалдаж төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь зөв шийдэл гэж 2022 оны улсын төсөвт хийсэн аудитын дүгнэлтэд онцолсон байна.  Тэгвэл Сүхбаатарын талбайд "Монголдоо сайхан амьдармаар байна" залуучуудын жагсаалын үр дүнд  Засгийн газраас олон улсын хямралт нөхцөл байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг авч цар тахлын үед шилжсэн хэмнэлтийн горимын тогтоолыг эргэн сэргээсэн.

Ингэснээр төрийн албан хаагчид Улаанбаатар хотод том оврын, тансаг автомашинаар зорчихгүй, ашиглахгүй. Эдгээр автомашиныг нэгдсэн зогсоолд байршуулах юм.

Ингээд Засгийн газрын шийдвэрийг ямар яам, агентлагууд дэмжсэн талаар хүргэе.

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2022.04.10/ “Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлье. УИХ-ын зардлыг өмнөх төсвийн тодотголоор 5.6 тэрбумаар танасан. Гишүүний зардал 11 хувиар, Байнгын хорооны зардал 16 хувиар хасагдсан. Дахин 10-аас багагүй хувиар танахаас өөр аргагүй. УИХ-ын харьяа байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг өгсөн. Даваа гаригаас /2021.04.11/ эхлэн УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод "570, 200″ зэрэг том оврын машин унахгүй. Төрийн хэмнэлтийг манлайлан ажилла" гэж үүрэгджээ. 

Тэгвэл дээрх  шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, бүх шатны дарга нар болон харьяа байгууллагуудын дарга нарыг өнөөдрөөс  эхлэн хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед албаны машин ашиглахыг хоригложээ. Тушаалд дурдсанаар "БОАЖЯ-ны эд хөрөнгийн бүртгэлд байгаа, удирдах ажилтнуудын ашигладаг автомашинуудыг зохих журмын дагуу дуудлага худалдаагаар худалдаалж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны мэдэгдэлд “Манай яам албаны хэрэгцээнд автомашингүй бөгөөд хөдөө орон нутгийн томилолтод автомашин түрээсэлдэг болно.  Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу цаашид ч тус яаманд автомашины худалдан авалт хийхгүй бөгөөд хэрэгцээ шаардлагаас хамаарах автомашин түрээслэх бодлого баримталж байна. Иймд, бидэнтэй ажиллах автомашин түрээсийн компаниуд холбогдоно уу” гэжээ. Засгийн газрын шийдвэр хөрсөн дээрээ бууж чадвал төсвийн мөнгө хэмнэхээс гадна олон асуудал шийдэгдэхээр байна.

Ингэж чадвал, цэцэрлэг, сургууль, эмнэлэг барья гэхээр олддоггүй мөнгөө хэмнээд гаргаад ирэхийг ч үгүйсгэхгүй. Түмний нүдэн дээр төрийн унааг хувьдаа ашигладаг хурган дарга нар эрхбиш нэгийг бодох байлгүй. 

УИХ-ЫН ДАРГЫН ЗАХИРАМЖААР ТОМ АВТОМАШИН УНАХГҮЙ АЛБАН ТУШААЛТНУУД

  1. Засгийн газрын гишүүн
  2. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч
  3. Үндсэн хуулийн цэцийн дарга
  4. Улсын ерөнхий прокурор
  5. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
  6. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
  7. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
  8. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
  9. Ерөнхий аудитор
  10. Монголбанкны ерөнхийлөгч
  11. Санхүүгийн зохицуулах хорооны дарга
  12. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
  13. Хүний эрхийн үндэсний комиссын дарга
  14. Сонгуулийн ерөнхий хорооны дарга
  15. Үндэсний статистикийн хорооны дарга
  16. Төрийн албаны зөвлөлийн дарга
  17. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга
  18. Аймаг, нийслэлийн Засаг дарга

УИХ-ын даргын захирамж гарсан. Үүний дагуу өнөөдөр /2022.04.11/-өөс эхлэн УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага, ажилтнууд лексус 570,  ланд-200 зэрэг том оврын автомашин хэрэглэхгүй. Харин бодит байдал дээр УИХ-ын даргын шийдвэр хэзээнээс, хэр хугацаанд хэрэгжих бол…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж