Ой мод, гол горхитой нь хашаалсан уулын амыг хэзээ чөлөөлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2022.04.11-нд нийтлэгдсэн

Ой мод, гол горхитой нь хашаалсан уулын амыг хэзээ чөлөөлөх вэ?

Ой мод, гол горхитой нь хашаалсан уулын амыг хэзээ чөлөөлөх вэ?

Гачууртын эцсийн гүүрнээс зүүн урагш явах замд байрлах уулыг бүхэлдт хашаалжээ. Төмөр  болон өнгийн блокоор барьсан хашаа хэдэн арван га талбайг эзлэх аж. Хашааг нь гаднаас нь харахад багагүй хөрөнгө зарцуулсан нь илт, олон киломерт үргэлжилсэн газрыг хэрийн хүн хашаалах боломжгүй.  Уулыг тойруулж хашаалсан тэрх хэсгээс холгүйхэн оршин суудаг иргэдийн хэлж байгаагаар “Эмнэлэг явах, агаар салхинд гарахад энэ хашаа их хүндрэлтэй” байдаг гэнэ. Тэд  холбогдох албаныханд удаа дараа хандаж, уулын амыг хашаанаас чөлөөлж өгөхийг шаарддаг ч сонсдог, мэддэг хүнгүй үлддэг аж.

Нийслэлээс зөвшөөрөлгүй барьсан хашаа,  авто машины гражийг чөлөөлж эхэлсэн. Тэгвэл нийслэлийн ногоон бүс болох уулын амыг бүхэлд нь хашаалаад авчихсан хүмүүст хэн хэзээ хариуцлага тооцож, хашааг нь буулгаж нураах вэ гэдгийг сурвалжиллаа.

УУЛЫГ ХАШААЛСНААС ХЭЭРИЙН АМЬТАД ЭНДЭЖ БАЙНА

Монелын Жанцан уулыг мөн л хэн нэгэн хашаалаад авчихжээ. Төмөр модоор тойруулж байсан хашааны завсраар харвал хоосон байх. Уул руу өгсөн гарам гаргаж модон хашааг нь буулгахаар хэн нэгэн хэд хоногийн дараа ирж төмөр хашаа барьчхаад явчихдаг гэнэ. Сүүлийн хоёр жил  дээрх хашаа хоосон, хэн, ямар шалтгаанаар уулыг хашаалсан нь тодорхойгүй. . Тэндхийн оршин суугчид хэн нэгэн эрх мэдэлтэй хүн уулыг бүхэлд нь хашаалчихсан гэж хардаж байгаагаа нуусангүй.  Урьд нь уул руугаа алхаад гарчихдаг байсан бол одоо тийм боломжгүй болсон, хотын дарга нар хэзээ ой мод, гол горхи, ан амьтантай нь хамт хашчихсан газруудыг чөлөөлөх юм бол гэж харуулдсан хүмүүс л байх.

Хэрэм хана шиг хашаа босгож, уулын амуудад энэ мэт эзэн суусан хүн олон.  Харамсалтай нь, тэдэнтэй хариуцлага тооцдог хүн байдаггүй. аж. "Найрамдал" зуслангийн урд аманд 10 шахам га газрыг мөн хашаалаад дөрвөн жил болжээ. Иргэдийн хэлснээр чоно, нохойноос зугтаж яваа гөрөөс тэрхүү хашаанд олноор хавчуулагдан үхэх нь цөөнгүй гэнэ. Байгаль, хамгаалагчид тэр хавийн эргүүл хийж, тэдгээр гөрөөсийн сэг зэмийг устгалд оруулдаг тухайгаа ч ярилаа.  Түүнээс гадна иргэд агаар салхинд гарахаар уул руу явах боломжгүй болжээ.  Энэ мэт олон арван га талбайг хашаалах зөвшөөрлийг хэн хэзээ олгосныг шалгах цаг болжээ. Уул ус, ой мод бол олон нийтийн өмч. Уулын амыг бүхэлд нь хашчхаад тэнд хууль бусаар ан, амьтан авлаж буйг хэн мэдэх вэ.

Иргэд Экологийн цагдаа, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Захирагчийн албанд ханддаг ч тус олдоггүй гэх.

Энгийн иргэдийн гражийг зөвшөөрөлгүй буулгачихдаг байж, байгаль орчин, иргэдийн амьдрах эрхэнд халдаж буй эдгээр хашааг буулгаж чадахгүй байгаад иргэд бухимдалтай байна. Яргайтын богинын аманд  мөн л уул хаагаад томоос том хашаа барьсан харагдав. Хүмүүс амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ салхилдаг байсан газрыг ийнхүү  хашаалаад 2-3 жил өнгөрчээ.  Иргэдийн хувьд хашааг нь буулгаж чадахгүй бол ядаж л уул руу гарах зам, талбайг нь чөлөөлөхийг шаардлаа.

Энэ мэт ой мод, уул ус, ан амьтантай нь хамт хэдэн арван га талбайг хашаалчихсан задарсантайгаа тооцох ёстойг иргэд шүүмжилж байна. Учир нь, мөнгөтэй нь уул худалдаад авчихдаг. Гэтэл хуульд заасан 0.7 га газраа ч авч чадахгүй яваа нь мөнгөгүйчүүд нь ядаж уул усандаа ч гарах эрхээ энэ мэтээр хасуулсаар.

УУЛ ХАШААЛСАН ХАШАА ХАЙС БУУЛГАХ ЗАХИРАМЖ ИРЭЭГҮЙ

Улаанбаатарын ойролцоох уулын амуудыг хашаалсан хашаа, хайс, обьектыг хэзээ буулгах талаар нийслэлийн Газрын албанаас тодруулахад "Одоогоор буулгах тушаал, шийдвэр гарсан гражуудыг нурааж байна. Дараа нь төвийн хэсгүүдийн зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгана. Манайд уул хашаалсан хашаа, хайс буулгах захирамж, мэдэгдэл ирээгүй. Хуулиар олгосон хувийн өмчийг хамаагүй буулгах боломжгүй гэх тайлбар өглөө. Энэ мэтээр хотын эргэн тойрны уул ус, ой модыг хашаалчихсан явдал цөөнгүй.

Тухайлбал, Богд уул, Скай ресортын хэсэг, Хандгайт зуслангийн бүс рүү явахад  уул, голыг хаагаад хашаалчихсан хашаатай цөөнгүй таарах болно.

ЗУСЛАНГИЙН БҮСЭД 1-10 ГА ГАЗРЫГ ХАШААЛЖЭЭ

Зуслангийн бүсэд 1-10 га газрыг хашаалсан дүр зураг хаа сайгүй. Улаанбаатар хотын зуслангийн бүсэд уул усыг битүү хааж хашаалсан амралт, сувилал, албан газар, айл, өрхүүд иргэдэд агаар салхинд гарах боломжийг олгох ёстой юм.  Дөрвөн уулын дундп хашигдсан иргэд ядаж л ойр, орчим агаар салхинд гарч, үр хүүхдээ салхилуулах боломж улам хумигдсаар.  Мэдээж, бүхэл бүтэн уулын амыг хашаалсны ард нөгөө л авлига, ар өврийн хаалга байгаа нь худлаа биш.  Захын иргэн дурын уулаа очоод хашчихгүй нь ойлгомжтой. Тиймээс нийслэлийн ногоон бүсийг хашаанаас чөлөөлж нийтийн өмч болгож үлдээж өгнө гэж иргэд хүсч сууна.  Эцэст нь нэг хэсэг нь уул ус, ой мод, гол горхийг эзэгнэж, нийт олонх нь агаар гарах, алхах эрхгүй үлдэх нь байна шүү.

Гэрэл зургийг Б.МӨНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж