
Засгийн газрын хуралдааны бас нэгэн анхаарал татахуйц зүйл бол онцгой албан татварын хувь хэмжээг бууруулах шийдвэр. Учир нь ОХУ нефть бүтээгдэхүүний экспортын үнээ өөрчилж, А80 бензин тонн тутамд 68 ам.доллараар, АИ92 гурван ам.доллараар өсгөсөн байна. Тиймээс шатахууны үнийг өсгөхгүй байлгахын тулд татвараар зохицуулалт хийдэг зарчмаар Засгийн газар Онцгой албан татварыг бууруулж, нэг тонн тутамд 220 мянган төгрөг байсныг 150 мянган төгрөг болгон бууруулахын зэрэгцээ нөөцийн шатахуунаа худалдан борлуулахаар болоод байгаа.
Ийн үнэ өсгөхгүй байх арга хэмжээ авсан талаарх мэдээлэл хүмүүст хүрэхдээ харин эсрэгээрээ “Засгийн газар сандраад байгаа юм чинь шатахууны үнэ нэмэгдэж магадгүй” гэсэн түгшүүр төрүүлжээ. Тиймээс бензин, шатахууны үнэ ямар байгаа талаарх мэдээллийг хүргэхийг зорилоо. Өчигдрийн байдлаар олны хэлж заншсанаар зүүн дөрвөн замын уулзварын орчимд байрлах “Петровис”-ийн шатахуун түгээх станцад А80-1160 бензинийг төгрөг, АИ92-ийг 1350 төгрөг, дизель түлшийг 1280 төгрөгөөр борлуулж байлаа. Өөрөөр хэлбэл өнгөрсөн тавдугаар сараас хойшхи үнэ огт өөрчлөгдөөгүй хэвээрээ байна гэсэн үг. Үүнээс гадна дизель түлш олдохгүй байна гэсэн мэдээлэл ирснийг мөн тодруулахад “Дизель түлшний борлуулалт хэвийн байгаа. Цаашид нефть бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэж байгаа ч үнэн худлыг нь сайн мэдэхгүй байна” гэж тус ШТС-ын ээлжийн ахлагч ярьж байлаа.
“Шунхлай” компанийн “Туул жин пан” салбарын эрхлэгч О.Баасансүрэн “Дизель түлшний хувьд хомсдолд ороогүй, борлуулалт хэвийн байна” гэлээ. Энэ салбар хоногт 2.5-3 тонн бензин, түлш борлуулдаг. Үүний 1.5 тонн нь дизель түлш байдаг аж. Тус компани агуулахдаа хангалттай хэмжээний нефть бүтээгдэхүүн нөөцөлсөн. Хуучин үнээр авсан бараагаа ирэх аравдугаар сар хүртэл борлуулах бөгөөд үнэ өөрчлөгдөхгүй гэж хэлсэн. Харин өвлийн түлшний октан нь зуныхаас их байдаг тул тэр үед арай илүү үнээр ирж магадгүйг мөн онцолж байлаа.
“Магнай трейд” компани ч мөн ялгаагүй үнээ өөрчлөөгүй байлаа. Харин “Петровис”-т байдал арай өөр байна. Бөөнөөр дизель түлш авах компаниуд Толгойтод байх “НИК”-ийн агуулахаас авдаг бөгөөд тэнд хомсдол үүсч. Хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд хүргэх дизелийг тэндээс авдаг ба зам, барилгын компаниуд ч мөн эндээс дизель түлшээ авах нь бий. Энэ талаар “НИК” компанийн гүйцэтгэх захирал С.Сүхбаатараас тодруулахад “Дизель түлшний нөөц муу байгаа” гэлээ. ОХУ-аас дизель түлш ирэхгүй байгаа гэнэ. Тиймээс тус компани одоогийн байдлаар сар ч хүрэхгүй хэмжээний нөөцтэй ажээ.
Тун удахгүй газар тариалангийнхан ургацаа хурааж эхлэх гэж байгаа үед дизель түлш ховордож байгаа нь тэднийг түгшээж байна. Түүнчлэн хөдөө орон нутагт зам засварын ажил хийж буй компаниуд мөн дизель түлшний эрэлд мордоод байгаа аж. Тэдний зарим нь өчигдөр литрийг нь 1350 төгрөгөөр компанийнхаа хэрэгцээний дизелийг “олжээ”. Хэдийгээр түлшний жижиглэнгийн үнэ нэмэгдээгүй ч бөөнөөр нь авч хэрэглэдэг компаниудад олдохгүй байна. Уг нь аливаа бараа бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ ихсэх тусам үнэ буурдаг бол Монголын дизелийн зах зээлд эсрэгээрээ, бөөний үнэ жижиглэнгийнхээс илүү байдаг байна. Жишээлбэл, компаниуд өмнө нь дизель түлшийг нэг литрийг 1300 төгрөгөөр авдаг байжээ. Компаниуд шатахууны төлбөрөө хэрхэн хийхээс хамаараад бөөний үнийг шатахууны компаниуд өөрсдөө тогтоодог гэнэ.
Б.СҮРЭН