Тойм: Залуус “хэт даврагчдад цохилт өгсөн" долоо хоног

Хуучирсан мэдээ: 2022.04.10-нд нийтлэгдсэн

Тойм: Залуус “хэт даврагчдад цохилт өгсөн" долоо хоног

Тойм: Залуус “хэт даврагчдад цохилт өгсөн" долоо хоног

Монгол эх орноо гэсэн тэс өөр үзэл бодолтой залуус “сэрж”, сөрж байгаа нь ямар гоё вэ. Бидний төсөөлөөгүй “өөр салхи” сэвэлзсэн долоо хоног. Улиг болсон “тавилттай бослого”-ууд тэтгэвэрт гарсныг энэ долоо хоногт өрнөсөн залуусын тайван жагсаал тод харууллаа.

Залуус эх орноо хөгжүүлэхийг, эх нутагтаа элдэв дарамтгүй, аз жаргалтай, хүн шиг амьдрахыг хүсч байна. Тэд Монгол Улсаа “газрын диваажин” байлгахын төлөө эвлэлдэн нэгдэж байна. Тэд эрх баригчдыг огцор гэж шаардсангүй. Тэд тэднийг ажлаа сайн хийхийг шаардав.

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

ТЭД ХАРИЙН БООЛ БУС, ЭХ ОРОНДОО САЙХАН АМЬДРАХЫГ ХҮСЧ БАЙНА

Энэ долоо хоногийн гол онцлох үйл явдал сэтгэл зүрхээрээ нэгдсэн залуусын тайван жагсаал байлаа. Тэд "Найз охиноос маань өөр инээх шалтгаан алга", "Хүүхдүүддээ аав нь мөнгөтэй болохоороо авч өгнө гэж худлаа хэлмээргүй байна. Цалин цаас боллоо", "Засаг ноён 60 га газартай. Залуус бидэнд 0.7 га ч байхгүй байна. Шударга байя", "Бид зүгээр л амьд байна. Амьдарна гэж арай өөр байдаг байх", "Дайн дажингүй, цунами болж, газар хөдөлдөггүй оронд амьдарч байж ингэж ч зүдрэх гэж", "Миний эх орон Азийн гөлөг улс болох ёсгүй", "Монголдоо сайхан амьдармаар байна", "Цалингаараа өрөө төлдөг биш мөрөөдлөө биелүүлдэг байя", "Залуучуудын боломжийг хулгайлахаа боль" гэх мэтчилэн бүх болж бүтэхгүй байгаа зүйлийг өөрчлөх шаардлагатайг анхааруулсан бичиг гартаа барин жагсав. Шинэ эриний залуус өөрөөр сэтгэж, өөрийг хүсч байгааг эрх биш эрх баригчид анзаараа байлгүй.

Хавар болоод синдром нь хөдөлсөн үү гэлтэй зарим балай нөхөд залуусын эх орноо гэсэн сэтгэл дээр тоглолт хийхийг хичээж, тайван жагсаалын “автор” болох гэж дөвчигнөж, улмаар хүчирхийллийн хэлбэрт шилжүүлж үймүүлэхийг оролдсон ч үнэхээр хөөрхийлөлтэйгөөр хөөгдөж харагдана лээ. Залуус тэднээс тэс өөр байгаа нь илт.

МАН-ын эрх баригчид залуучууд ингэж нэгдэж “эсэргүүцнэ” чинээ зүүдлээ ч үгүй явсан биз. “Даварсаар даварсаар Дагвын орон дээр” гэгчээр тэд л хэдэн үеэрээ хахаж цацталаа баяжиж байвал иргэдийн амьдрал тартагтаа тулж үхнэ үү, сэхнэ үү падлий ч үгүй мэт аашилсаар ирсэн олон арван жилийн гашуун үнэнд залуус цэг тавихыг хүсчээ.

Хэдийгээр Covid-19 цар тахал, Орос Украины геополитикийн асуудал дэлхий дахинд тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж буй ч өнгөрсөн олон он жилийн алдаатай бодлого өнөөдрийн монголчуудын ядуурал, гутрал гунигийн гол шалтгаан.

Манай улс ертөнцийн шившиг болж дуусч буй нь үнэн л дээ. Ази, Номхон далайн бүс нутагтаа Монгол Улс үлэмж их хэмжээний өртэй, хамгийн өндөр инфляцитай цор ганц орон болсныг энэ долоо хоногт болсон Монголын эдийн засгийн форум дээр Дэлхийн банк, ОУВС-гийн төлөөлөл онцгойлон анхааруулсан. Ерөөсөө Монгол Улс улам уруудаж байна л гэж дүгнэнэ лээ.

Ямар хэдэн тэрбум хүнтэй биш дээ. Гуравхан сая гаруй иргэнээ ингэтэл нь ядуу амьдруулж байгаад гайхан, толгой сэгсэрч буй гадаадынханд дургүйлхэх аргагүй. Ажилтай нэг нь авсан цалингаа өрөнд суутгуулж, ажилгүй орлогогүй нь идэх хоолгүй өлөн зэлмүүн байдалтай өдөр хоногийг аргацааж ядаж буй юм чинь. Залуусын хэлдгээр, Монгол Улсад эзэн, заяа хоёр хоёулаа хичээгээд ч болохгүй байгаа нь үнэн. Залуус энэ орны ирээдүйн эзэд гэдгээ ухамсарлажээ. Бид тэднийг магтаж, дэмжих хэрэгтэй юм.

Цагдаа нар тайван жагсаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй залуустай зүй бус харьцаж, улмаар олноор нь хорьж саатуулав. Бас болоогүй иргэний нүүр лүү өшиглөж буй цагдаагийн зураг цахимаар нэг тарсан ч удирдлагууд нь үгүйсгэсэн. Ардчилал, хүний эрхийг хөсөрдүүлдэг нөхдөд "муу зуршил"-аасаа салах цаг ирэх нь гарцаагүй.

Залуусын тайван жагсаал эхэлснээс хойш төрийн ордны хашаан дотор том оврын жийп машин цөөрснийг харуулсан зураг цахимаар тарав. Том үнэтэй машинуудаа нуу гэсэн “тушаал”-ыг хэн нэг том дарга өгсөн байх гэж хүмүүс хардсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг яаралтай хуралдуулж, залуусын шаардлагад хариу өгч, залуустай хамтраад чадал чинээгээрээ “өөрчлөлт” хийхээ амалсан. Улмаар жагсагчдын тавьсан шаардлагыг хэрэгжүүлэх ажлын баг байгуулав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч жагсагчдын шаардлагыг шуурхай шийдвэрлэж, хэрэгжүүлэхийг сануулав. Залуусын зөв "тэмцэл" үр дүнд хүрнэ гэж найдъя.

АВЛИГЫН АСУУДАЛД ХОЛБОГДСОН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦНО

Засгийн газар өнгөрсөн Даваа гаригт ээлжит бусаар хуралдаж, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Тус хуулийн төслийн УИХ-д өргөн барьж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Инфляци 2022 оны хоёрдугаар сард 14.2 хувь гарсны 50.7 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл өмнөх оны мөн үеийнхээс 16.1, өмнөх сарынхаас 3.4 нэгж хувиар нэмэгджээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Монгол Улсад алдаа, оноотой олон зүйл бий. Гэхдээ авлигатай тэмцэх тэмцэлд би бууж өгөхгүй. Засгийн газар хэн нэгний санааны зоргоор огцордог субьект биш. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд дунджаар Засгийн газар 1.5 жилийн "настай", олон удаа солигдсон байна. Миний хувьд, тогтвортой ажилладаг, сонгодог парламентын засаглалд шилжихийг хүсдэг. Би бууж өгөхгүй, хүнд нөхцөл байдлыг ард иргэдтэйгээ хамт даваад гарна" гэв.

Тэрбээр "Амаргүй цаг үед албан тушаалтан алдаа гаргасан тохиолдолд хариуцлага тооцно. Нэг өдрийн дотор сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг огцруулж байсан. Төрийн өмчит газруудад хариуцлага тооцож байна. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг Ерөнхий сайдын хувьд хамгаална. Монголбанк амаргүй цаг үед ажиллаж байна.

Төв банкны Ерөнхийлөгч огцрохгүй, ажлаа хэвээр хийнэ. Авлигын асуудалд холбогдсон, өөрийн үүрэг даалгаврыг биелүүлж чадахгүй байгаа албан тушаалтантай хариуцлага тооцно. Амаргүй хүнд цаг үеийг сөрөн тэмцэж байгаа төрийн албан хаагчийг харин ч хамгаалах ёстой" гэв.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТӨЛӨХГҮЙ

Өнөөдрийн байдлаар 4.8 сая тонн нүүрс Цагаан хадад байгаа аж. Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Энэ нүүрсийг импортлогч өнгөрсөн онд мөнгөө төлөөд авчихсан бөгөөд үлдэгдлийг Гашуунсухайтаар гаргах асуудал байна. Хятадын талаас хангалттай хэмжээнд татаж чадахгүй, бид гаргаж чадахгүй байна. Харин энэ боомтоор шинээр нүүрсний экспорт гаргаж чадахгүй байна. Гэхдээ “Оюутолгой”-н зэсийн баяжмал хэвийн хэмжээнд гарч байгаа. Мөн Замын-Үүд, Бичигт, Хангийн боомтоор шинээр нүүрсний экспорт гарч байгаа. Бид эндээс л АМНАТ авч байна. Энэ оны эхний улиралд бид 652 тэрбум төгрөгийг АМНАТ-аас олох ёстойгоос 627 тэрбумыг нь олоод байгаа. Үүгээр Ирээдүйн өв санг санхүүжүүлж, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, хүнд үед ч Ирээдүйн өв сан үүргээ гүйцэтгэж байгаа юм” гэв.

Хөгжлийн банкны зээлийн 3 төгрөг тутмын 1 нь төрд хамаарч буй. Энэ өрийг Засгийн газар өөрийн нэр дээрээ авах хэрэгтэй гэсэн саналыг Хөгжлийн банк гаргасан.

Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар "Төрийн өмчит үйлдвэрийн газруудтай холбоотой чанаргүй зээлийг төсөв рүү чиглүүлнэ гэдэг ойлголтыг март. Ийм санал ирээгүй. Хөгжлийн банкны удирдлагууд албан ёсоор ийм санал тавиагүй. Яагаад гэвэл, энэ зээлд ямар ч төсвийн баталгаа гаргаагүй. Төсөв үүрэг хүлээгээгүй учраас ийм эрх зүйн зохицуулалт байж болохгүй. Энд хоёр зарчмаар л ажиллана. Нэгдүгээрт, анх авахдаа ямар бизнесийн төсөл санал болгож, хэрхэн ажиллаж зээлээ төлнө гэж гэрээ байгуулсан тэр дагуу л ажиллах ёстой. Хоёрдугаарт, авахдаа, өгөхдөө хууль зөрчсөн эсэхийг хуулийн байгууллага шалгаж байна. Энэ зарчмаар ил тод ажиллана. Татвар төлөгчдийн мөнгөөр чанаргүй зээл төлнө гэдэг ойлголт байхгүй" гэсэн юм.

ЭСКТРЕМИСТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХААР БЭЛТГЭЖ БАЙСАН ТАВАН ИРГЭНИЙГ СААТУУЛАВ

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 19.8-д заасан “эсктремист үйл ажиллагаа явуулах” гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан нэр бүхий таван иргэнийг тагнуулын байгууллага саатуулсан талаар мэдээлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд “Иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж заасан. Энэ эрхийнхээ хүрээнд иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуунд өдөөн хатгах, турхирах зорилгоор зохион байгуулалтад орсон этгээдүүдийг тагнуулын байгууллага илрүүлэн шалгаж байгаа аж.

ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн П.Өгөөмөр “Дээрх таван этгээд нь эсктремист үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн бэлтгэж байсан. Тухайн этгээдүүдийн гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн үзлэг нэгжлэгээр улсын онц чухал объектыг зэвсэглэн хяналтдаа авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлс илэрсэн.

Нэгжлэгийн явцад нийт 12 галт зэвсэг илэрснээс сери дугаарыг нь зориудаар арилгасан АК-47 маркийн автомат буу нэг, уолтер болон ТТ-50 маркийн гар буу тус бүр нэг, бүртгэлгүй галт зэвсэг таван ширхэг байсан. Үүнээс гадна 7.62 мм-ийн байлдааны сум 274, 6.5 мм-ийн сум 82, 223 мм-ийн сум 149, 5.6 мм-ийн сум 291, 12 мм-ийн сум 57, 16 мм-ийн сум 14 ширхгийг илрүүллээ. Мөн тэсэрч дэлбэрэх хэрэгсэл илэрснийг хураан аваад байна.

Дээрх таван этгээд нь зарим нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрч байна. Түүнчлэн энэ хэргийн нэг холбогдогч нь хууль бус үйл ажиллагаандаа ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй галт зэвсгээр нэгнээ санаатайгаар буудан, хүнд гэмтэл учруулсныг тагнуулын байгууллага нэгтгэн шалгаж байна” гэж мэдээлэв.

Тэрбээр иргэдийн зохион байгуулж буй тайван жагсаалын үеэр тэсэрч дэлбэрэх хэрэгсэл ашиглан, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх зорилготой бүлэг этгээд байхыг үгүйсгэхгүйг онцолсон. Мөн жагсаал цуглаанд оролцож буй иргэдийг анхаарал болгоомжтой байж, бусдын өдөөн хатгалгад өртөхгүй байхыг сэрэмжлүүлсэн юм.

ХӨШИГИЙН ХӨНДИЙ ДЭХ ШИНЭ ЗУУНМОД ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөшигийн хөндий дэх шинэ Зуунмод хотын хөгжлийн төлөвлөгөөг батлав. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын мэдээлснээр, Хөшигийн хөндийд хот байгуулах төлөвлөгөөг 2019 оны нэгдүгээр сарын 19-нд Засгийн газраас Шинэ онгоцны буудлыг дагаж Аэросити хот байгуулахаар шийдвэрлэж байсан. Мөн 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аас шинэ Зуунмод, Майдар гэсэн орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулахаар тогтоол баталж байв. Энэ хүрээнд Хөшигийн хөндийд Богдхан төмөр зам болон бусад дэд бүтцийн асуудлыг цогцоор нь тусгаж, "Шинэ Зуунмод" хотын ерөнхий төлөвлөлтийг баталж байв.

Тэрбээр "Дараагийн ээлжинд хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулна. Энэхүү төлөвлөлт батлагдсантай холбогдуулан эхний үед барилгажих газар буюу онгоцны буудал, ложистик төвийн ойролцоо инженерийн дэд бүтцийн ажлыг зургийг боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сард цахилгаан, дулааны хангамж, цэвэрлэх байгууламж, усан сан, холбоо мэдээлэл, үерийн далан зэрэг инженерийн ажлын бэлтгэлийг хийж эхэлнэ.

Дэд бүтцийн ажлын зургаар урьдчилсан байдлаар, 500 орчим тэрбум төгрөгийн төсөв зарцуулахаар байна. Засгийн газраас энэ жил инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 33 тэрбум төгрөг тусгасан. Инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулах ажлыг тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна.

Дээрх төлөвлөлт батлагдсантай холбогдуулан Хөшигийн хөндий дэх автозам, тээврийн сүлжээний шинэчилсэн төлөвлөгөөг боловсруулахаар төлөвлөөд байна. Одоогоор хамгийн наад зах нь, газар чөлөөлөх ажил хүлээгдэж байна. Цаашлаад, шинэ Зуунмод хотын хилийн цэсийн асуудал хөндөгдөнө. Мөн УИХ-аар Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоол батлагдвал тухайн бүсийг хэрхэн дэд бүтэцтэй уялдуулах асуудал ч хөндөгдөнө" гэлээ.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Мөн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа. Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болгов. Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилуулах ажлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид даалгалаа.

Үндэсний статистикийн хороо “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-г гаргаж, Монгол Улсын хүн амын тоо 2045 он гэхэд таван сая хүрнэ гэж нарийвчилсан тооцоолжээ.

Иймд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааны тоо хэмжээг хоёр саяар нэмэгдүүлж, давуу эрхийн хувьцааг таван сая болгон Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх, бүртгэлийг баталгаажуулна. Ингэснээр байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх боломж бүрдэнэ гэж үзэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж