1993-онд монголчуудыг компакт дисктэй анх учруулсан поп хатагтай Сараа рок попын түүхэнд олон рекорд эзэмшдэг.
Төрсөн өдрөөрөө…
Дөрөвдүгээр сарын 20 гэхээр хамгийн түрүүнд хүмүүсийн санаанд түүний төрсөн өдөр буудаг. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсантай нэг өдөр мэндэлсэн Сараагийн төрсөн өдрийн баяр өөрийн гэсэн онцлогтойгоор 30 гаруй жил алтан тайз эзэгнэжээ. Энэ удаагийн зочид болбоос Монголын рок попыг хоёр үе эзэгнэж яваа гайхалтай эрхмүүд байх аж. Нэрийг нь сонсоход л дуу нь аялагддаг…Тэд хэн бэ?
Цогоо "Чи миний…"
Одоогоос 20 жилийн өмнө сонсогчдод хүрсэн энэ дууг "Хурд"-ын Д.Төмөрцогтой хамтран дуулахад Монгол бөхийн өргөө даяараа "Чи миний, чи аз жаргалтай…” хэмээн амьсгаа даран сонсож, даган дуулцгааж байсан юм.
“Анхны хайр”-тай Лхагваа…
“Манай Сараа баргийн эр хүнээс илүү хүн чанартай” хэмээн "Харанга"-ын Х.Лхагвасүрэн онцолдог. Үнэхээр ч Монголын рок попын супер оддын хамтрал болох “Анхны хайр минь ариухан санагдаж… Ахиж ирэхгүйгээр холдон одлоо…” гэх хөнгөн гуниг төрүүлэх дуу энэ үдэш эгшиглэнэ. Харин энэ тоглолтын "сувд" болбоос Т.Ариунаа.
Цагийг эзэлсэн хоёр гавьяатын хослол үзэгчдийн зүрхэнд "гал асаах нь" дамжиггүй. Энэ мэт дөрөвдүгээр сарын 16-ны 17:00 цагт "Corporate convention center"-д болох Сараагийн тоглолтод МУГЖ Л.Балхжав, дуучин С.Оргил, Наагий, Наки, Чойжоо, С.Гантогоо, Л.Насанбуян, “Random” хамтлаг хөг нэмэх нь. Яг л “Пентатоник” наадмыг санагдуулах мэт. Гэснээс “Пентатоник"-ийг анхлан санаачилсан хатагтай Сараагийн Superman-тэй учрахыг хүсвэл 88991158 болон www.ticket.mn-ээс “тийз”-ээ аваарай.