Сонгинохайрхан дүүргийн Зүүн салаа орчимд зуслангийн байшин 16:00 цагийн үед шатжээ. Тодруулбал, тус дүүргийн Онцгой байдлын газарт 16:02 цагийн үед "СХД-н 34-р хороо "Номун" амралтын газарт шар өвс шатаж байна" гэх дуудлага иржээ.
Улмаар гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангиас хоёр автомашинтай 11 албан хаагч гарч таван га газрын хөрсний шар өвс шатаж байсныг 16:30 цагт бүрэн унтраасан байна.
Салхитай байгаа учраас гал богино хугацаанд тархаж, өргөн цар хүрээг хамаржээ. Энэ жилийн тухайд нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй, хуурайшилтын зэрэг өндөр түвшинд байна. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага 609 удаа, шар өвсний галын дуудлага 26 удаа, ойн түймэр нэг бүртгэгджээ. Дулааны улиралд иргэд өнжмөл шар өвс шатаах, байшиндаа засвар хийж байгаад оч алдах зэргээр гал алддаг гэдгийг албаныхан хэлж буй.
Эргэн сануулахад, 2019 онд Гоодойн аманд гагнуурын оч алдсаны улмаас 16 айлын байшин бүрэн шатсан байдаг.
Холбоотой мэдээ