Сүүлийн 50 жилд Финлянд улс дэлхийн хамгийн аз жаргалтай орноор нэрлэгдсэн. НҮБ-ын хөрөнгө оруулалттай дэлхийн аз жаргалын индексийг судалгааны байгууллагаас хагас зуун жилийн турш Финляндыг дэлхий дээрх “диваажин” гэж нэрлэсэн юм. Тэгвэл финляндчууд үнэхээр тийм аз жаргалтай амьдардаг уу? Энэ талаар финляндчууд дараах тайлбарыг өгчээ.
“Финляндад бид аз жаргалаа гайхуулах хэрэггүй гэж ярьдаг” хэмээн 37 настай Веера Лавиккала ярьжээ. Хоёр хүүхдийн ээж Веера Хельсински хотын нэгэн программ хангамжийн компанид ажилладаг. “Бүх хүн суурь хэрэгцээгээ хангаж чаддаг нь аз жаргалтай байхад нөлөөлдөг байх гэж харилцаа холбооны зохицуулагч мэргэжилтэй Лийзи Хатинен тайлбарлажээ. Хоёр хүүхэдтэй Лийзигийн хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ баталгаатай, төлбөргүй сургуульд суралцах боломж, боломжийн байр сууц, хангалттай цалин зэргийг тэрбээр суурь хэрэгцээ гэж тодорхойлов.
Харин дунд сургуулийн захирал Жоанна Оваска хэлэхдээ, “Бид амьдралдаа ямар нэг зүйлд хүрэх гэж тэмүүлдэггүй” гэв. Гэхдээ мэдээж энэ нь Кардашианыхантай хамт шоу шиг амьдралыг хэлээгүй.
46 настай гэрэл зурагчин Эсси Ала-Кокко Финляндаас АНУ-ын Чикагод очин суурьшсан нэгэн юм. Түүний тайлбарласнаар, финляндчууд амьдралдаа байгаа зүйлд сэтгэл ханамжтай байж, аугаа амжилт бүтээх амбиц байдаггүй, их мөнгө хураадаггүй. Зүгээр л жирийн амьдралын хэв маягт дуртай байдаг нь аз жаргалтай байхад нь нөлөөлдөг гэжээ.
Финляндчууд ажил, амьдралын тэнцвэртэй байдлын ачаар жинхэнэ утгаар нь амьдарч чаддаг байна. Тэдний хувьд ажлын жилийн амралтын хугацаа нь таван долоо хоног байдаг гэж стратегийн зөвлөх мэргэжилтэй Жукка Мултисилта ярьжээ. Тэгвэл аз жаргалын индексээр 16-д орсон АНУ-д ажилчид дөнгөж 10 өдрийн цалинтай чөлөө олгодог гэж Хөдөлмөрийн холбооны статистикт дурджээ. Урт амралтаараа Мултисилта найзтайгаа мотоциклоор Норвеги хүрэх аялалд гарсан байна. Энэхүү замын турш Финляндын үндэсний хүрээлэнгүүдэд байршуулсан үнэгүй урцуудад хоноглож, амрах боломжтой аж.
Финляндчууд энэ мэт ямба эдэлснийхээ хэрээр өндөр татвар төлдөг. Мөн тэр хэрээрээ бусад орны эмэгтэйчүүд, эхчүүдийн санаа зовж, стресстдэг зүйлс амьдралд нь бага байдаг аж. Эрх барих болон засгийн газрын бүх түвшинд хүйсийн тэнцвэртэй байдгаас эмэгтэйчүүдэд тулгамддаг олон асуудлыг шийдсэнээр үндэстнээрээ аз жаргалтай байхад нөлөөлдөг гэж Оваска ярьжээ.
Финляндын ерөнхий сайдаар 36 настай эмэгтэй ажилладаг.
Оваскагийн хувьд хүү нь дөнгөж 6 настай ч их сургуулийнх нь төлбөрт зориулан 526 хадгаламж нээчихсэн гэж инээдээ барьж ядан хариулжээ.
Финляндад эхчүүдийг ихээр дэмждэг. Тухайлбал, засгийн газраас хүүхэд төрүүлсэн эмэгтэйд 1-3 жилийн хугацаанд чөлөө олгодог. Ингэхдээ хүүхэд төрүүлсэн эхний 10 сард цалингийнхаа 70 хувийг сар бүр авч түүнээс хойш тодорхой хувиар буурдаг аж. Харин хүүхдийг 10 сартайгаас нь 7 нас хүрч сургуульд орох хүртэл нь үнэгүй цэцэрлэгт хамруулдаг. Харин Оваскагийн том хүү нь их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцаж эхлэхэд сарын тэтгэлгийнх нь хэмжээ нь гэр бүлийнх нь сард төлдөг байрны зээлтэй ижил байсан гэнэ.
Хамгийн гол нь эх, хүүхэд өвдлөө гэхэд АНУ шиг санхүүгийн хямралд ордоггүй. Эрүүл мэндийн үйлчилгээний зардлын статистик судалгаагаар Финляндад эрүүл мэндийн үйлчилгээ АНУ-тай харьцуулахад маш хямд байдаг бөгөөд үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг байна. Өөрөөр хэлбэл шинжилгээ, хагалгаа нь тус тусдаа үнэтэй биш багцаар нь төлдөг байна.
Холбоотой мэдээ