Үнийн хөөрөгдлийн эсрэг иргэдийн тайван жагсаалын үеэр хүний биед халдсан, алба хаагчид хүч хэрэглэсэн асуудал өчигдөр /2022.04.07/ гарсан. Өнөөдөр мөн энэ үзэгдэл давтагдаж магадгүй тул ЦЕГ-аас тайван жагсаалд оролцогчдод анхааруулга гаргалаа.
Тус анхааруулгад "Жагсаалд оролцогчдоос дохиот гал асааж, байшин барилга руу шидэх, иргэд бөөгнөрсөн хэсэгт асаах зэргээр бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй үйлдэл гаргаж байгааг цагдаагийн алба хаагчид таслан зогсоож, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Иргэд бусдын өдөөн хатгалтад авталгүй, аюулгүй байдлаа хангаж, цагдаагийн байгууллага, алба хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна" гэжээ.
Өчигдөр болсон жагсаалын үеэр цагдаагийнхан иргэдэд хүч хэрэглэн, албадан тараахтай холбоотой үйлдлийн талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Б.Баатархүү тайлбар өгсөн. Тэрбээр, жагсаал цуглааны бүтэц өчигдөр 18:00-19:00 цагийн үед өөрчлөгдсөн. Ингэснээр бусдыг турхирсан үйлдэл удаа дараа гаргасан. Сүүлд нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд халдаж, төрийн тусгай объектод халдах оролдлого гаргасан. Цагдаагийн байгууллагаас жагсаалыг тараахаар удаа дараа оролдсон. Энгийн иргэд болоод цагдаагийн алба хаагчийн биед халдаж, гэмтээсэн тохиолдол ч гарсан.
Жагсагчдын дотор насанд хүрээгүй иргэд, өсвөр насныхан их байсан. Тиймээс 03:40 цагт албадлагын арга хэмжээ ашиглаж, жагсаалыг тараасан. Албадлагын үеэр 20 хүнийг түр саатуулж, 18 хүнийг эрүүлжүүлж, холбогдох шалгалтыг хийж байна.
Жагсаалын үеэр нэг эмэгтэйн толгойг хагалсан. Мөн хэд хэдэн цагдаагийн биед гэмтэл учруулсан. Эдгээр хүмүүсийг гэмтлийн эмнэлэгт хүргэж, тусламж үзүүлсэн.
Жагсч байсан хүний биед эсэргүүцэл үзүүлсэнд мөн тайлбар хэлэх хэрэгтэй. Цагдаа нар эсэргүүцэл үзүүлээгүй, хүний биед халдаагүй. Жагсаал эхлэхэд залуус хуулийн дагуу байсан. Алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээгүй учраас иргэдийн биед халдсан. Шүршигч машины тухайд 2012 онд авсан машин. Жагсаал үймээн самуун хэлбэрт шилжсэн учир цагдаагийн алба хаагчид бэлэн байдалд шилжсэн.
Цагдаагийн алба хаагчийн иргэнийг цохиж, хүч хэрэглэж байгаа бичлэг дээр дүн шинжилгээ хийж байна.
Иргэд гал, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэж, нийтийн хэв журмыг зөрчсөн. Тиймээс энэ үзэгдэл дахин гарвал дээрх арга хэмжээг мөн ижил авч ажиллана гэсэн юм.
Иймд тайван жагсаалд оролцогчид жагсаал цуглааны журмын дагуу нийтийн хэв журамд сөрөг нөлөө үзүүлж болохгүй аж. Одоогоор жагсагчид бүрэн тараагүй байна.
Холбоотой мэдээ