Танилц: Үнэ тогтворжуулах хуулийн төсөл

Хуучирсан мэдээ: 2022.04.09-нд нийтлэгдсэн

Танилц: Үнэ тогтворжуулах хуулийн төсөл

Танилц: Үнэ тогтворжуулах хуулийн төсөл

“Арай дэндэж байна аа, өргөн хэрэглээний барааны үнэ  өдрөөр биш, цагаар өсөөд байвал юугаа идэж уун, яаж амьдрах юм бэ” гэсэн яриа хүнсний зах, дэлгүүрүүдэд хөвөрнө. Хил гаалийн гацалт, Орос Украины хурцадмал асуудлын улмаас  шатахууны үнийн өсөлт, валютын ханш чангарч бараа, бүтээгдэхүүний үнэ “тэнгэрт” хадав.  Дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос 2.4 хувь  өмнөх сараас  гурван хувь өсчээ. Зарим гол нэрийн барааны дундаж үнийг харвал:

  • Хонины мах, ястай  кг нь  – 12.911 төгрөг буюу өнгөрсөн долоо хоногоос 2.4 хувь 
  • Төмс кг нь 1381 төгрөг буюу өнгөрсөн долоо хоногоос 2.6 хувь
  • Өндөг ширхэг нь 461 төгрөг буюу өнгөрсөн долоо хоногоос 11.6 хувь
  • Шинэ сүү литр нь – 3570 төгрөг буюу өнгөрсөн долоо хоногоос 7.7 хувь нэмэгджээ. 

Тиймээс Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ингээд хуулийн төслийн талаар  танилцуулъя.

Хууль батлагдсанаар: 

Нэгдүгээрт: Мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг төсвийн зохицуулалт хийнэ. Тодруулбал, үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэлх хувьд бууруулах зохицуулалт хийнэ.  Мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлтэй санхүүжилтийн эх үүсвэрийг олгох,

Хоёрдугаарт: Монголбанканд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчныг бий болгох, мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлэх,

Гуравдугаарт: Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгоно.  Лондонгийн металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авна. 

Эргэн сануулахад, Сангийн сайд Б.Жавхлан “Олон улсын байгууллагууд 2022 онд дэлхийн эдийн засаг сэргэж, цар тахлын өмнөх үед эргэж хүрэх боломжтой гэж төсөөлж байлаа. Гэвч хоёрдугаар сарын 24-нд ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөн эхэлснээр дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдалд урьдчилан тооцоолох боломжгүй хүндрэл үүсгээд байна. Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд 2022 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 4.3 хувь орчимд хүрнэ гэж төсөөлж байсан. Гэсэн ч дээрх нөхцөл байдлаас шалтгаалж 3.5 хувь орчимд тооцож байна. ОХУ-ын экспортын голлох бүтээгдэхүүн болох байгалийн хий, газрын тос, үр тарианы үнэ дэлхийн зах  зээл дээр огцом өсч нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй. Энэ нь импортлогч орнуудад шатахуун эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна.

Түүнчлэн он гарснаар дэлхий нийтэд цар тахлын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа нь эдийн засагт улам сөрөг нөлөөг үзүүлж байна. Урд хөршид цар тахлын тархалт эрчимжэж зарим томоохон хотод хатуу хөл хорио тогтоолоо. Улмаар Хятадын ургац 2022 онд буурсан учраас хүнсний нийлүүлэлт тасалдаж дэлхий дахинд үнэ өсч байна. Иймд улс орнууд төсөв мөнгөний бодлогыг уялдуулан дотоод нөөц боломжийг ашиглаж гол нэр төрлийн хүнс, газрын тосны бүтээгдэхүүнд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авч байна" гэдгийг онцолж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж