Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг гацаагсдад хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2022.04.09-нд нийтлэгдсэн

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг гацаагсдад хариуцлага тооцно

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг гацаагсдад хариуцлага тооцно

Монгол Улс эрчим хүч худалдаж авдаг бус худалддаг орон болох зорилт тээгээд удаж буй. Үе, үеийн сайд, дарга нар эрчим хүчний экспортлогч орон болгоно хэмээн том дуугардаг. Гэвч эрчим хүч үйлдвэрлэж, илүүдлээ хилийн чанадад худалдах нь бүү хэл, дотоодын хэрэгцээгээ ч хүний гар харалгүй хангаж чадахгүй, гал алдахад ойрхон байна. Гэвч Монголд эрчим хүчний томоохон төсөл хэрэгжих болгонд түүнийг нураадаг, гацаадаг хүмүүс бий болсон. Өнгөрсөн оны намар хэсэг малчид Улаанбаатарт ирж  Эрдэнэбүрэнгийн УЦС барихыг эсэргүүцэж байв. Ховд голын Шижигтийн хавцалд баригдах  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын /УЦС/  барилга угсралтын үндсэн ажил энэ сард эхэлнэ. Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын хувьд хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм. 

Улмаар  Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас /ИТХ/  2021 оны арванннэгдүгээр сарын 8-ны өдөр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг зогсоох шийдвэр гаргасан. Уг тогтоолд "Ховд голын үзэсгэлэн төгс ой мод, хадлан бэлчээр, түүх соёлын үнэт өв бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн амьжиргаанд ноцтой хохирол учруулахаар байгааг харгалзан Эрдэнэбүрэнгийн УЦС барих ажлыг зогсоох арга хэмжээ авсугай” гэх тогтоол гаргасан байдаг.

ТЭД ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЭЛ НЭГ БИШ УДАА ГАРГАСАН ШҮҮ

Тэгвэл өчигдөр /2022.04.08/ УИХ-ын чуулганы үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ УЦС-ын нөлөөлөлд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох асуудал хууль эрх зүйн зохицуулалтаар орон нутгийн үүрэгт хамаарна. Уг ажлыг хуулиар гардан зохион байгуулах үүрэгтэй орон нутгийн нөхдүүд маш хариуцлагагүй байна. Тэд хариуцлагагүй үйлдэл нэг биш удаа гаргасан шүү. Ялангуяа Увс аймгийн сумын нөхдүүд зохион байгуулалтад орж буруу ташаа мэдээлэл иргэдэд өгөх, иргэдийг турхирч байна. Энэ нь туйлын харамсалтай. Орон нутаг Засгийн газрын  эсрэг байр суурьтай байхаар ажил яаж явах вэ дээ. Тэд төрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас болоод маш том хүндрэл үүсч байна. Удахгүй тэдэнд хуулийн дагуу арга хэмжээ авна” гэж  мэдэгдсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхгүй, дээр нь Хятадын Элчин сайд руу бичиг явуулсан  ИТХ-ын даргад заавал хариуцлага тооцоорой. Төр нь төр шиг байх ёстой. Иймэрхүү этгээдүүд байвал Монголын төр өөдлөхгүй” гэдгийг ч мөн анхааруулав.

Эрдэнэбүрэнгийн УЦС орчимд 270 өрх, 84 байрлалд 206 иж бүрдэл түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд бий. Үүн дотор хоёр оршуулгын газар багтжээ. Харин нөхөн төлбөрийн хувьд Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн 125 өрх, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн 145 өрхөд 2022-2024 онд иргэн бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар тооцсонтой тэнцүү хэмжээний нөхөн олговор олгох юм. Гэвч үүн дээр мөн асуудал үүсч эхэлжээ.

Тодруулбал, нөхөн олговрыг одоо үйлчилж байгаа хуулиар олговол малчдын зөвхөн үндсэн хөрөнгө буюу өвөлжөө, хаваржааг  үнэлнэ. Ингэснээр   270 өрхийн  100 орчим нь 270 мянган төгрөгөөс 10 сая төгрөг хүртэлх нөхөн олговор авах нь хэт бага гэж үзжээ.

Тиймээс Засгийн газар биет бус нөлөөллийн нөхөн олговрыг иргэн бүрт өгөхөөр болсон байна.  Өөрөөр хэлбэл, 270  өрхийн 1251 иргэн бүрт 15 сая 100 мянган төгрөгийн  нөхөн олговор олгоно. Тухайлбал, дөрвөн хүнтэй өрх байлаа гэхэд иргэн бүр 15 сая төгрөг, нийтдээ 60 сая төгрөгийн биет бус нөлөөллийн нөхөн олговор дээр нэмээд  үндсэн хөрөнгийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардал нэмэгдэх юм байна.

БИД БУУЖ ӨГЧ БОЛОХГҮЙ

Дашрамд дурдахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021  аравдугаар сарын 14-нд УИХ-ын чуулганд оролцохдоо гишүүдээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар улс төрийн дэмжлэг хүсээд “Том шийдэл бүхэн цаанаа төлөөстэй, улс төртэй өрнөдөг. Үүнийг би Ерөнхий сайд болоод бүр их мэдэрч байна. ЗГХЭГ-ын дарга болоод ч мэдэрч байсан. Жишээ нь,  “Эрдэнэбүрэн”-гийн УЦС явах уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна. Энэ төсөл явах нь зөв. Эрчим хүчний хараат байдлаас бид гарахын тулд энэ төслийг урагшлуулах ёстой.

Олон хөрөнгө оруулагч гарах учраас таалагдах, эс таалагдах зүйл гарна. Энэ бүхэнд манай улстөрчидтэй холбогдож, янз бүрийн улс төрийн акц хийх тохиолдол гарна. Удахгүй энэ төслийг эсэргүүцсэн жагсаал болж магадгүй. Үүнд хөтлөгдөөд явах уу эсвэл бид нэгдмэл байж чадах уу гэдгийг сонгоход хүрнэ. Эндээс маш их зүйл хамаарна.  Даваад гарахаас л өөр аргагүй. Бид бууж өгч болохгүй. Ард нь гараад дараа дараагийн том төслүүд Монгол Улсын эрх ашигт нийцэх шийдвэрийг давс мэт шорвог ч гаргаад л явахаас өөр гарцгүй” гэдгийг онцолж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж